Д.Цогтбаатар: Сэр-Од гэдэг хүн алхам тутамдаа хууль зөрчиж байна

1sv6b7ekh9hovds19vbr63i6ni

Төрийн өмчийн хорооны газрын дарга О.Сэр-Од түр чөлөө аваад эргэж ажилдаа орж чадахгүй байгаа талаараа хэвлэлд ярилцлага өгчээ. Түүнийг ажилдаа ирэхэд нь албан үүргийг нь түр орлон гүйцэтгэж байсан мэргэжилтэн ажлаа хүлээлгэж өгөөгүйгээр барахгүй өрөөнөөс нь хөөсөн гэнэ. Үүнийг Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарын явуулга гэж үзэж байгаагаа О.Сэр-Од дарга илэрхийлсэн байна. Тиймээс энэ талаар Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатараас тодрууллаа.

 

-Түр чөлөө аваад эргэж ирсэн газрын даргыгаа та ажилд нь оруулахгүй гээд байгаа юм уу. О.Сэр-Од даргын хэвлэлд өгсөн ярилцлагаас ийм ойлголт авсан?  

 

-Өөрөө надад өргөдөл өгсөн хүн шүү дээ. Урт хугацаагаар гадаад, дотоодод эмчилгээ хийлгэх шаардлагатай болчихлоо. Би гурван сарын цалинтай чөлөө авъя гэсэн юм. Тэгээд би цалинтай чөлөөг нь өгсөн. Хууль журмынх нь дагуу л ТӨХ-ны даргын тушаалаар цалинтай чөлөө олгосон байга. Энэ чөлөөнийх нь хугацаа 2015 оны хоёрдугаар сарын 05-нд дуусах юм. Гэтэл өөрөө чөлөөний хугацаагаа дуусахаас өмнө, чөлөө аваад сар гаруйхан болчихоод орж ирчихээд байгаа. Хугацаанаасаа өмнө ажилдаа орж болно л доо. Хамгийн гол нь ажилд орж байгаа байдал нь өөрөө төрийн албаны ёс зүйг зөрчиж байгаа.

 

Албан ёсоор өргөдлөө өгөөд “Би ажилдаа оръё” гэхийн оронд шууд надад “Би ажилдаа орлоо” гэж хэлчихээд доошоо ороод өөрийг нь орлож байгаа газрын дарга дээр ороод одоо би сууна гээд өрөөнөөсөө хөөсөн. Ингэж ёс зүйгүй хандсан. Одоо цаашаа үргэлжлээд бүх үйлдэл нь ёс зүйгүй явж байна. Хэвлэл мэдээллээр ч ёс зүйгүй хандаж байна. “Ардчилал” сонин дээр гарсан ярилцлагыг нь үзлээ. Тэр ярилцлагадаа намайг гүтгэсэн байна. ТӨХ-нд хамаатан, саднаа оруулсан гэсэн байна лээ. Надад тийм юм байхгүй. Одоо би үүнийг тогтоолгоё гэж бодож байна. Хамаатан саднаа ТӨХ-нд оруулж уу, үгүй юу гэдгийг холбогдох байгууллагаар нь тогтоолгоно.

 

-Бас таныг Дорнодын цахилгаан станцын даргыг өөрийн талд ажиллуулах гэж хууль бусаар бүтэж жил ажлыг нь дүгнээгүй гэсэн байсан?

 

-Дорнодын цахилгаан станцад ямар нэгэн хэмжээгээр зөрчил гараад л байгаа. Хэн ч гэсэн аливаа байгууллагын дарга хүн удирдлагад байгаа хүмүүс нь ямар нэгэн зөрчил гаргаж байгаа бол мэдээж хариуцлага тооцно гэж л ярина биз дээ. Би Дорнодын цахилгаан станцын хувьд хариуцлага ярьсан нь үнэн. Нуух юм байхгүй. Хариуцлага тооцно л гэсэн. Тэнд хөдөлмөр хамгааллын зөрчил гарсан. Хүн гараа гэмтээсэн. Станцын ажилчид ажлын байрандаа биш ч гэлээ өөр газар гудамжинд зодолдоод нэгнийхээ амь насыг хохироочихлоо. Ийм зөрчил байгаа. Аль ч байгууллагад ийм асуудлууд байж л байдаг. Хариуцлага тооцож л байдаг. Тэр жишгээр л хандсан.

 

-Төрийн албаны зөвлөл, хууль шүүхийн байгууллагыг таны өмнө хүчгүйдлээ гэсэн нь анхаарал татсан. Яагаад ингэж хэлсэн юм бол?

 

-Хуулийн дагуу яваад л өргөдөл гомдлоо яаж барагдуулдаг дүрэм журамтай юм түүгээрээ явах юм бол энэ асуудал тэр хүний өөрийнх нь талд л шийдэгдэнэ шүү дээ. Гэтэл тэгэхгүй байж яагаад бухимдаад, над руу дайраад, бүр зориуд дайраад, дайрахдаа дандаа янз янзын асуудал яриад байгаа юм. Жишээлбэл, яг энэ цалинтай чөлөө авсан болон эргэж ажилдаа орох асуудлыг ярихгүй яагаад Цогтбаатарын хувийн асуудал руу ороод байгаа юм.

 

Яагаад миний дүүгийн нэрийг хүртэл хавчуулж, Дорнодын МоАХ-ны дарга энэ тэр гээд хаа хамаагүй хүнийг надтай холбож, тэр хүн улс төр хийж байна гээд байгаа юм. Энэ хүн өөрөө хамаагүй замбараагүй юм яриад байгаа. Үйлдэл, эс үйлдлээрээ намайг доромжлох гээд байгаа юм уу, яах гээд байгаа юм. Гутаах гээд байгаа юм уу зориуд ингээд байгаа юм уу, мэдэхгүй.

Би хувийн амьдралаа ярих юм бол гэр бүлээрээ гүтгүүлж доромжлуулсан хүн. 1964 онд миний аав Дашнамжилыг МАХН-ын Төв хороонд ажиллаж байхад нь намын эсрэг бүлгийн гол толгойлогч гээд Өмнөговь аймгийн давсны үйлдвэрт нормчноор цөлсөн.

 

1964 оны арванхоёрдугаар сарын 22-нд аавыг маань цөлсөн байдаг. Хэдхэн хоногийн дараа 50 жилийн ой нь болох гэж байна. Одоо хүүд нь ардчиллын үед энэ мэт хүмүүс увайгүй загнаж золиос болгох гэж байгаа юм уу. Над руу ингэж дайраад байгаа нь цаанаасаа зорилготой юм биш биз гэж би хардаж байна.

 

-О.Сэр-Од даргын хувьд чөлөөгөө дуусахаас өмнө ажилдаа орох боломжтой биз дээ?

 

-Тийм боломж байгаа,  нээлтэй. Уг нь эр улс шиг яриад тохирч болно оо доо. Өөрөө орж ирж амаараа хэлсэн юм шүү дээ. Би гурван сар эмчилгээнд явлаа. Дараа нь дахиад гурван сар явна. Та надад цалинтай чөлөө өгөөч. Энэ боломжийг олгооч. Тэгээд чөлөөгөө дуусгаад ирэхдээ би газрын дарга болохгүй ээ, би ахлах мэргэжилтэн болно оо л гэсэн.Гэтэл үгнээсээ буцсан. Тэгж буцсаныгаа надад зүгээр л илэрхийлчих л дээ. Тэмцэж илэрхийлээд яадаг юм. Зүгээр л “За, Цогоо дарга аа, би болилоо, ажилдаа орлоо” гэж хэл л дээ. Ингээд шийдчихэж яагаад болохгүй байгаа юм.

 

Өөрөөр хэлбэл тэр хүн өөрөө над дээр ирээд яриад асуудлаа шийдүүлье гэсэн бол шийдээд явах л асуудал шүү дээ. Энэ хүн чинь төрийн албан хаагч хүн шүү дээ. Гэтэл өөрөө улс төржүүлээд байгаа юм. Төрд 38 жил ажилласан гээд л  бахархаад яриад байдаг хүн ийм ёс зүйгүй байдал гаргах ёсгүй шүү дээ.

 

-ТӨХ-ны гадаа эсэргүүцэл илэрхийлж гэр барьсан гэсэн. Цагдаа  нар дүрэм журам зөрчсөн  гээд буулгасан юм байна. Энэ талаараа танд мэдэгдсэн үү?

 

-Хэлсэн. Иргэн хүн төрийн байгууллагадаа асуудал тавих нь нэг өөр. Асуудал тавьж болно. Энэ хүн маань өөрөө шууд л мэдэгдэж байна, мэдэгдлээ гэж хандаад л асуудлыг хурцатгасан хэлбэрээр яваад байгаа. Гэтэл хуулиар бол Сэр-Од гэдэг хүн алхам тутамдаа хууль зөрчиж байна. Жагсаал цуглаан хийх тухай хуулийг зөрчиж байгаа. Жагсаал цуглаан хийх гэж байгаа бол дүүргийн Засаг даргаасаа зөвшөөрөл авах ёстой. Сая цагдаа нар ирээд хэв журам алдагдууллаа гээд гэрийг нь буулгасан. Энэ чинь төрийн захиргааны байгууллагын орчинд болж байгаа үйл ажиллагаа. Үүнийг зөрчсөн хүнд ямар хариуцлага тооцдог юм. Тэр талаар хууль журам байгаа шүү дээ.

 

-О.Сэр-Од дарга танд ингэж хандах, үл ойлголцол үүсэхэд хүрсэн ямар нэг шалтгаан байна уу?

 

-Үүнийг тэр хүн өөрөө л тайлбарлах байх. Шалтаг ярьж байна гээд миний хувийн амьдрал руу ороод байгаа юм.

 

-Жишээ нь, Дорнод аймгийн МоАХ-ны даргаар танай дүү ажилладаг нь үнэн юм уу?

 

-Үнэн.

 

-Тэгвэл ТӨХ-ны ажилтнуудыг хууль бусаар халсан, хууль бусаар олон хүнийг ажилд авсан гэдэг үнэн үү?

 

-Хууль бусаар ажлаас халлаа гэсэн гомдол бол бий. Газрын дарга Дарханбаатар гэдэг хүнийг нууц задруулсан гэдэг үндэслэлээр тушаал гаргаж ажлаас нь халж байсан. 2013 оны гуравдугаар сарын 12-ны 65 тоот тушаал байна уу даа. Тэр хүн зөрчил гаргасан уу, гаргасан л байхгүй юу. Гэтэл түүнийг хууль зөрчсөн гэдэг гаргалгааг буруу гээд хуулийнхан тогтоосноор тэр хүн ажилдаа ороод байгаа. Энэ нь зөв ч юм уу, буруу ч юм уу мэдэхгүй.

 

-Тэр албан  тушаалтан ямар алдаа гаргасан юм бэ?

 

-Надад мэдэгдэхгүйгээр ТУЗ-ийн гишүүдийн нэрсийг өөрөө задруулаад л явсан Тэгчихээд үүнийг намайг мэдэж байсан л гэж байгаа юм. Намайг МИАТ-ийн ТУЗ-ийн даргаар томилчихсон.Гэтэл би өөрөө мэдээгүй л байгаа юм. Ингээд тэр хүн нууц задруулсан ч гэдэг юм уу, ямар нэг хэлбэрээр зөрчил гаргачихлаа гэнгүүт эргээд би буруутан. Та хуулийн буруу заалт хэрэглэсэн байна гээд л. Тэгээд гурван шатны шүүхээр явж ялаад ажлаа хийж байга. Гэтэл би хууль зөрчсөн болж үлдэж байгаа юм. Уг нь амьдрал дээр тэр хүн зөрчил гаргасан. Ингээд бид түүнд хариуцлага  тооцож чадахүй үлдэж байгаа.

 

-Хамаатан саднаа ажилд авсан гэдэгт ямарт тайлбар хэлэх вэ?

 

-Нэг ч хүн ажилд аваагүй. Үүнийг бас шүүхээр тогтоолгоно. Цогтбаатарын хамаатан садан ТӨХ-нд байна уу гээд шалгаг.

 

-Цаашид ингэж хууль шүүх болж байхын оронд ойлголцчихож болдоггүй юм уу?

 

-Ойлголцоход ядах юм байхгүй. Энэ хүн ажилдаа эргэн орох тухай өргөдлөө элдэв ёсзүйгүй үйл ажиллагаа явуулчихсаныхаа дараа өгч байгаа юм. Одоо өргөдлийг нь авсан юм чинь жинхэнэ процесс нь эхэлж байна шүү дээ. Өргөдлөө өгчихсөн,  мэдэгдлээ өгсөн. Энэ хүн одоо хангалттай материалуудаа өгчихлөө. Одоо би үүнийг хуулийн дагуу шийднэ. Хуулийн дагуу өргөдлийг нь шийдчихээр энэ хүн яахав, ажлаа хийх үү, дахиад тэр тэмцлээ үргэлжлүүлэх үү. Намайг гүтгэснээрээ энэ хүн юу хожих юм. Би өмнөх нийгэмд хүртэл гэр бүлээрэ доромжлол, гүтгэлгийг биеэрээ тулсан хүн. Одоо энэ хүн яаж доромлохыг би мэдэхгүй байна. Намайг халуулах гээд байгаа юм уу. Надад өглөө орж ирээд тулгахдаа “ТӨХ татан буугдаж байгаа” гэсэн. Энд ажиллаж байгаа газрын дарга маань өөрөө тэгж яриад явж байна. Сэр-Од дарга “ТӨХ ирэх нэгдүгээр сард татан буугдана” гэж хатуу хэлсэн. Энэ үгнийхээ  хариуцлагыг хүлээх юм уу. Тухайлбал, энэ олон хүнийг ажилгүй болохыг уриалан дуудаж байгаа хүнийг яах ёстой юм. Энэ хүн ТӨХ татан буугдана гэж турхирч уриалан дуудлаа. Тэрээр мөн олон мянган ардчилагчдыг доромжилсон байна лээ. Ардчиллын баг зүүж төрийн албанд орж ирж увайгүй загнаж байна ч гэнэ үү, шударга бус ажиллалаа ч гэнэ үү. Тэгж сонинд ярьсан байна. Олон мянган ардчилагчид энэ сайхан хүмүүсийг тэгж доромжилж болохгүй. Би тэдний нэг эд эс шүү дээ. Тэгэхэд яагаад тэгж доромжилж байгаа юм бол. Доромжилмоор байгаа бол Цогтбаатар л гэж хэлнэ биз. Тэгж бусдыг олноор хамруулж хэлж байгаа нь зохисгүй. Тэр хүн ингэж хэлснийхээ төлөө хариуцлагыг нь хүлээх юм уу.

 

С.Сод

http://politics.eagle.mn/content/read/26291.htm


URL:

Нэр: ganhuu Огноо: 12 December 2014

ер нь хүмүүсийг баахан дураараа халж сольсон нь үнэн ш дээ Сэр-Од гуай л удахгүй тэтгэвэрт гарах хооронд ингэлээ гээд дургүй нь хүрч бас тэртээ тэргүй тэтгэвэр ойртсон болохоор хэнээс ч айхгүй ярьж байгаа болохоос

Сэтгэгдэл бичих