Ганванжид яам

58354

Бид Уул уурхайн яамыг ингэж нэрлэлээ. Яагаад гэвэл уул уурхайн салбарыг “Бридж” группт үе дамжуулан өгч байна. Д.Ганхуяг, Ц.Сэдванчиг, Р.Жигжид нар энэ салбарыг үе дамжин удирдаж байгаа нь ингэж хэлэхэд хүргэж байгаа юм. Уул уурхайн яам Монголын голлох хөрөнгө оруулалтын аман дээр сууж байдаг онцлогтой. Бидний идэж уух, өмсч зүүх бүхэн тус яамны үйл ажиллагаанаас шууд хамааралтай болсон үе. Харамсалтай нь “Бридж” группийнхэн энэ салбарыг толгойлж эхэлснээс хойш гадаадын хөрөнгө оруулалт 70 хувь татарсан. Товчхондоо ард түмэн бидний идэх хоолны 70 хувь нь хорогдсон гэсэн үг. Идэх хоолныхоо 70 хувийг асгачихаад аяга руугаа хар даа. Ёроолд нь юу үлдэж байна.

“Бридж” группийн гэх тодотголтой Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг, “Эрдэнэс Оюу толгой”-н захирал асан Ц.Сэдванчиг, өнөөгийн Уул уурхайн сайд Р.Жигжид нар ийм болгосон. “Гадаадын хөрөнгө оруулалтыг гаргахын төлөө ясаа цайтал үзнэ. Хөрөнгийг нь хураана” гэж баахан хашгирсан хүмүүс салбарыг нь удирдаад эхлэхээр ямар тэнэг нь мөнгөө бариад ирэхэв дээ. Гадны хөрөнгө оруулалт татрахаас яах билээ.

Тэгвэл энэ хооронд “Бридж” групп бидэн шиг ядуурсан уу. Тэдний ямар хэмжээний хөрөнгөтэйг нь сайн мэдэхгүй юм. Гэхдээ тэдний хоосорсон эсэхийг үйл ажиллагаанаас нь шууд харж болох байх. Ямартаа ч “Эвридэй” сүлжээ дэлгүүр нь хотын төвөөр дүүрч, улирал бүхэн шинэ салбараа нээж байна. Айдасын даваа, 22-ын товчоо, Баянзүрхийн товчоо тийш худалдааны төвөө нээн үйл ажиллагаагаа тэлсээр, улам л өргөжсөөр байгаа. Энэ чинээлэг хүмүүс иргэдийн зовлонг үнэндээ мэдэхгүй. Улстөржөөд, сонгуулиа хийгээд, популизмдаад улам л оргил руу тэмүүлнэ. Хөлд нь ард түмэн үрэгдэж гүйцлээ.

Одоо Р.Жигжид хэмээх Ганванжид яамны сайд болсон нөхрийг харахаас айж байна. Р.Жигжидийг сайд болгох гээд УИХ-аар хэлэлцэхэд гишүүдийн асуултад хариулахдаа ганц ч шийдвэртэй үг хэлсэнгүй. Төрөлхийн дипломат гэж гайхуулаад, судалж байгаа гэсээр ганц ч асуудал шийдээгүй байхад чинь ард түмэн өлсч үхэх вий. Ингэж дипломат зангаа гаргаж асуудал шийдэхгүй байсаар удвал гадаадын хөрөнгө оруулалт 70 биш 100 хувь болж ард түмний аяганд шавхруу ч үлдэхгүй юм биш биз. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдгийг хөрөнгө оруулагчид бүгд мэдэж байгаа. Тэгэхээр “Бридж” гурппээс энэ яамыг салгаж авах шаардлага зүй ёсны асуудал болох биз ээ.

ӨДРИЙН СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих