Хотол түмнээрээ сайхан наадаарай

Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ой, Тусгаар тогтнолоо сэргээсний 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадам эхэллээ.

Олон ой тэгшитгэн тохиож буй энэ жил байгаль дэлхий хур устай, өнгө сайхан дэлгэр тэнүүн жил болж байна.

Хүмүүний амьдрал жаргал зовлон ээлжлэн байдаг шиг, хөх Монгол улсын минь хөгжил цэцэглэлийн зам даваатай гүвээтэй буй. Гэсэн хэдий ч жилд ганцхан тохиодог Монгол наадмаараа хүн бүхэн магнай тэнийн баярлаж, айл бүр инээд хөөртэй, аймаг бүр эрийн гурван наадамтай цэнгэл хөөртэй сайхан баярладаг нь хэдийнээс тогтсон уламжлал билээ.

“Монголчууд диваажинд амьдардаг юм байна” хэмээн чандамлан буусан гурван айлыг удтал ажигласан нэгэн япон эр хэлсэн гэнэ лээ. Тийм ээ, Монгол ахуй гэдэг ёстой л диваажин мэт санагдах нь зүй. Элдвийн шуналд хөтлөгдөн сэтгэлээ зовоолгүй байгаль эхээ шүтэн дээдэлж жилийн дөрвөн улиралд дураараа нүүх нутагтаа Монгол ухаанаар амьдран суусан өвөг дээдсийн минь суу билиг одоо цагийн давчуухан амьдралд диваажин мэт санагдалгүй яах вэ. Наран мандахтай зэрэгцэн аргалын утаа суунаглаж, ажин түжин талд Монгол гэрийн үүд сөхөгдөн, айлын эзэгтэй тогоотой цайгаа самрахад, хоймор эзлэн суусан гэрийн эзэн удам залгах хүүгийнхээ магнайг үнэрлэн сэтгэл тэнүүн инээмсэглэх энэ амьдрал үнэхээр диваажинд л байдаг гэлтэй.

Түүхийн явцад сайн, муу олон замыг гатлан туулсан атлаа өдгөөг хүртэл гурав хүрэхгүй сая хүн амтай ч суу билиг, авъяас чадал, бяр чадлаараа гайхагдсан хүмүүн эрднээс эхлээд байгаль дэлхийн хишиг хувь гээд дэлхийд олон олон зүйлээрээ гайхагдаж буй Азийн цээжинд амьдран суух энэ цөөхөн Монгол түмэн яах аргагүй агуу дээдсийн үр сад билээ.

Хүн бүхний хормойд нар асгаж, хүсэл бүхний үзүүрт гэрэл бадраасан дэлхийд ганцхан Монгол наадам эхэллээ.

Өнө эртний бахархам түүхтэй Монгол улсын Монгол иргэн бүхэн сэтгэл тэнүүн наадамлаж, эвтэй хавтай бөхчүүдийнхээ уран мэхийг шимтэн үзэж, шандаст хурдан хүлгүүдийнхээ тоосонд хийморь юугаа сэргээж, онч мэргэн харваачдынхаа  уухайнд сайхан баярлаарай.


URL:

Сэтгэгдэл бичих