Бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ

Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ой, Тусгаар тогтнолоо сэргээсний 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ.

Өчигдөр нэлээд орой хүртэл үргэлжилсэн барилдааны эцэст 1024 бөхөөс гурвын даваанд 256 бөх энэ даваанд барилдахаар үлдээд байгаа юм. Ингээд энэ даваанд аварга, арслан, заануудын ам авсан байдлыг танилцуулъя.

МУ-ын Хөдөлмөрийн баатар, МУ болон ЗХУ-ын гавъяат тамирчин, даяар дурсагдах далай даян, дархан аварга Х.Баянмөнх, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат Нийслэлийн онцгой байдлын газар, Аврах гал унтраах 14-р ангийн бөх аймгийн арслан Алтанхуягийг,

Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, МУГТ, даян аварга Г.Өсөхбаяр, Хангарьд спорт хорооны бөх аймгийн начин Мягмарсүрэнг,

Увс аймгийн Наранбулаг сумын харъяат МУ-ын ардын багш, МУГТ, Улсын аварга О.Балжинням Шонхор биеийн тамирын дээд сургуулийн бөх, сумын заан Дамиранг,

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул, “Алдар” спорт хорооны бөх, улсын арслан Д.Ганхуяг, Өвөрхангай аймгийн Нарийнцээл сумын харъяат Н.Даваадагвыг,

Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, Алдар спорт хорооны бөх улсын арслан Б.Ганбат, Увс аймгийн Алдартан дэвжээний бөх сумын заан Аззаяаг,

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат улсын арслан Х.Мөнхбаатар, Сэлэнгэ аймгийн бөх аймгийн арслан Эрдэнэцогтыг,

Говьсүмбэр аймаг, Шивээговь сумын харъяат улсын арслан Д.Азжаргал, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат сумын заан Ц.Батнасанг,

Архангай аймгийн Булган сумын харъяат улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Дархан сумын харъяат аймгийн арслан Дарханбатыг,

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харъяат МУГТ, улсын гарьд П.Сүхбат, Өмнөговь аймгийн Булган сумын харъяат аймгийн арслан Сумъяаг,

Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат Алдар спорт хорооны бөх, улсын гарьд И.Доржсамбуу, Төв аймгийн Угтаал-Цайдам сумын харъяат аймгийн арслан Э.Гантулгыг,

Говь-Алтай аймгийн Чандмань сумын харъяат “Хvч” спорт хорооны бөх улсын гарьд Н.Ганбаатар, Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат Ө.Дүүрэнбаярыг,

Завхан аймгийн Нөмрөг сумын харъяат “Илч” спорт хорооны бөх улсын заан М.Баяржавхлан, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харъяат Хангарьд спорт хорооны бөх аймгийн арслан Адъяасүрэнг,

Архангай аймгийн Булган сумын уугуул, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын бөх улсын заан Д.Рагчаа, Архангай аймгийн Хотонт сумын харъяат залуу бөх Алзахгүйг,

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харъяат, МУГТ, улсын заан Ц.Баярсайхан, Завхан аймгийн Идэр сумын харъяат аймгийн арслан Батжаргалыг,

Ховд аймгийн Мөст сумын харъяат, Хүч спорт хорооны бөх, улсын заан Ц.Мягмасүрэн Дорнод аймгийн харъяат сумын заан Түмэнжаргалыг,

Увс аймгийн Тэс сумын харъяат, Алдартан бөхийн дэвжээний бөх, улсын заан Д.Бумбаяр, Увс аймгийн Тэс сумын харъяат аймгийн начин Ш.Нямбатыг тус тус амлан авчээ.

Зүүн талын тэргүүн магнайд МУ-ын Хөдөлмөрийн баатар, МУ болон ЗХУ-ын гавъяат тамирчин, даяар дурсагдах далай даян, дархан аварга Х.Баянмөнх,

Баруун талын тэргүүн магнайд Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, МУГТ, даян аварга Г.Өсөхбаяр нар дэвэн дэвсээр гарч ирлээ.

М.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих