Мобикомын босгосон “Берлиний хана” хэрэглэгчдийг бухимдуулж байна

моби

Манай сайтад Тэди төв дээр үйл ажиллагаа явуулдаг түрээслэгчид хандсан юм. Тэд уг нь Мобиком компанид түрээс төлж, лангуу ажиллуулдаг хэрэглэгчид. Гэвч сүүлийн үед түрээслэгч, түрээслүүлэгч хосрын дунд үл ойлголцол үүсээд байгаа юм байна.

Саяхан Скайтел компани 15 жилийнхээ ойг тохиолдуулан орчин үеийн харилцаа холбооны стандарт хангасан “Загвар” шинэ үйлчилгээний төвийг Теди төв дээр байгуулснаа зарлаж, гар утасны үйлчилгээ авахыг хүссэн олон хүнийг урьж залсан.  Гар утас худалдаж авах, засуулах, шинэ дугаар авах, гар утасны үйлчилгээг хүртэх гэж зорьж очдог Теди төв дээр Скайтелийн шинэ салбар байгуулагдсанд олон хүн баярлаж, Монголд анх удаа гар утасны төрөлжсөн том төв нээгдсэнд талархах хүмүүс ч цөөнгүй байсан. Гэвч Мобикомын удирдлагууд Теди төв дээр скайтел, мобикомын үйлчилгээний заалыг холбож байсан хэсэгт хана босгох шийдвэр гаргаж хэрэглэгчдийг бухимдуулаад байна.   Бид Теди төв дээр гар утасны худалдаа эрхлэгч Нараа гэгч бүсгүйтэй уулзсан юм. Тэрээр “Өмнө нь Скайтел компанийн шинэ салбар нээгдэхээс өмнө энэ хаалга нээлттэй байсан . Нэгэнт  Теди төв дээр Мобиком, Скайтелийн цэгүүд үйл ажиллагаа явуулах болсон учраас гар утасны борлуулалт нь ч нэмэгдэнэ хэмээн тооцоолж, худалдаалах гар утасныхаа тоог нэмсэн.

Гэтэл хоёр үйлчилгээний заалыг холбож байсан танхимд хана хэрэм босгосон учраас хэрэглэгчид аль нэг заалаар нь үйлчлүүлээд л гардаг болсон” хэмээн сэтгэл дундуур ярьж байна. Тэрээр “Хоёр компани нэг ижил түвшинд үйлчилгээ үзүүлж, нэг дор салбаруудаа нээснээр тэнд очиж байгаа хэрэглэгчдэд л ашигтай шүү дээ” гэж онцолж байсан. Ер нь л олон хүн Нараа бүсгүйтэй адил их хэмжээний бараа татаж авчирчээ. Тиймээс Теди төв дээр үйл ажиллагаа эрхлэж байгаа бизнесменүүд  Мобикомын босгосон энэ ханыг “Берлиний хана”  хэмээн нэрлээд байгаа аж.  Хэрвээ энэ хана буучихвал  “Теди” төвийг зорьж ирсэн үйлчлүүлэгч нарт амар. Бас гар утасны засвар үйлчилгээ эрхлэж байгаа бизнесменүүдэд ч ашигтай байх болно гэж тэд ярьж байлаа. Тэди төв дээр өнөөдөр нийтдээ 200 гаруй хүн лангуу түрээсэлж, гар утасны жижиг зүүлтнээс эхлээд орчин үеийн компьютер, харилцаа холбооны хэрэгслүүд худалдаалдаг. Мөн засвар үйлчилгээ үзүүлэгч олон хүн ажилладаг, томоохонд тооцогдох энэ  ажлын байраар өдөрт 25 орчим мянган хүн үйлчлүүлдэг. Мэдээж үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдвэл энд ажиллаж байгаа түрээслэгч нарын орлого ч нэмэгдэнэ.  Тиймээс тэд бухимдаж байгаа хэрэг.

Компанийн нийгмийн хариуцлага, үйлчилгээний соёл гэсэн үгийг манайхан сүүлийн үед тун их хэрэглэж байгаа. Энэ үгийг Монголын үүрэн холбооны анхны оператор компани болох Мобикомынхон алхам тутамдаа хэрэглэдэг. Харамсалтай нь тэд нэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хэрнээ үйлчлүүлэгчдийг хүндрүүлж нэг байшинд байрлаж байгаа үйлчилгээний цэгүүдийн хооронд хана хэрэм босгох хэрэг байсан юм болов уу хэмээн Теди төвийн түрээслэгчид асууж байна. Нөгөө талаар Мобикомын удирдлагууд хоёр үйлчилгээний заалыг тусгаарлан жижиг хана босгосон шалтгаанаа “Бизнесийн өрсөлдөөн” гэсэн том үгээр тайлбарлаж тэнэгтэхгүй л байгаасай гэж найдаж, “Берлиний хана” буух өдрийг хүлээж сууна.


URL:

Нэр: Anonymous Огноо: 19 December 2014

TSEVER URSULDUU SKYTELEE

Сэтгэгдэл бичих