Монголын бодибилдингээс Гавъяат тамирчин төрөх үү?

98485525491435c74f0361

Европын бодибилдинг, фитнесийн холбоо (EBFF)-ны вебсайтад бодибилдингийн спорт 2015 оны Европын Олимп буюу “Европын Тоглолт” (European Game)-д орохоор болсныг мэдээлжээ.

Хэдийгээр алдарт Арнольд Шварценеггерийг төрүүлсэн энэ спорт дэлхий даяар маш түгээмэл хөгжсөн боловч, Олимпын төрөлд оруулах асуудал нь шийдэгдэлгүй өнөө хүрсэн юм. Харин EBFF-ийн сайтад өгүүлснээр, энэ спорт 2015 оны “Европын Тоглолт”-д орохоор болсон нь бодибилдинг Олимпын наадмын төрөлд орох нэг нааштай алхам болжээ.

Бодибилдингийн спорт Монголд үүсээд 25 жилийг ардаа орхижээ. Монголын бодибилдинг Монголын ардчилсан хувьсгалтай нас чацуу залуу спорт. Тэгээд ч, энэ спорт манай ардчилалтай холбоотой юм. Өмнөх нийгмийн үед хөрөнгөтний спорт гэгддэг байсан бодибилдинг нь ардчилсан хувьсгалын үрээр Монголд хөгжжээ. Харин бусад улсад хэдэн арван жил хөгжсөн түүхтэй энэ спорт Монголд үүсээд ердөө 20 гаруй жил өнгөрсөн боловч, олон улсад гаргасан амжилтаараа хэдийнээ “эрийн цээнд” хүрчээ. Үүний илрэл нь бодибилдингийн тамирчин Ж.Нурланы амжилт боллоо.

Монгол Улс анх удаа бодибилдингийн дэлхийн аваргатай болов. Энэ сарын эхээр Энэтхэгийн Мумбай хотноо зохиогдсон WBPF холбооны зургаа дахь удаагийн Фитнес, бодибилдингийн дэлхийн аваргын тэмцээнээс Монголын тамирчин Ж.Нурлан +40 насны ангилалд 85 кг-ийн жинд алтан медал хүртжээ.

Түүний амжилт бидний том амжилт юм. Энэ нь нэг талаар хорь гаруй жилийн хугацаанд манай бодибилдингийн тамирчдын гаргасан дээд амжилт мэт боловч, нөгөө талаар энэ спортынхон Монгол гэдэг улсыг тив, дэлхийд сурталчлан таниулах хэмжээнд хүрч, өсч хөгжжээ. Иймээс ч Монголын Олимпын Хороо Ж.Нурланы амжилтыг үнэлж, энгэрт нь “Алтан Очир” одонгоо зүүж өгөв.

Ж.Нурлан Монголын бодибилдингийн спортын хөгжлийн түүх, илэрхийлэл болж яваа тамирчин билээ. Энэ спорт Монголд анх сууриа тавих үе буюу 1990-ээд онд 18 настай залуу хүү Нурлан бодибилдингийн ертөнцөд хөл тавьжээ. Тэрээр сайхан биетэй болдог гэж сонсоод энэ спортоор сонирхон хичээллэж эхэлсэн гэдэг. Гэвч бас тэр үүгээр хичээллээд шантарч буцмаар тийм хүнд цаг үеийг ч туулжээ.

Тэрбээр саяхан нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “Гэр орондоо хоол унд авахгүй мөртлөө тэмцээн, уураг, амин дэм авахдаа мөнгө зарцуулаад явна. Тэгж явах үедээ их ядарна. Тэгээд л “Би юу сонгоод авчихсан юм бэ. Өөрийгөө ингэж зовоох ямар шаардлага байна уу” гэж бодох үе гардаг байлаа” хэмээн энэ тухайгаа өгүүлсэн юм.

Ж.Нурлан бодибилдингийн ертөнцөд уйгагүй хичээн зүтгэснийхээ үр дүнд 2004, 2005, 2006, 2012 онд Монгол Улсын аварга болжээ. Улсад гурав дараалан түрүүлсэн бодибилдингийн тамирчин түүнээс өөр үгүй. Иймээс нэг ёсондоо тэрбээр бодибилдингээр “дархан аварга” нь юм. Мөн тэрээр Ази тивийн аваргын тэмцээний хошой хүрэл медальтай бөгөөд Азийн бодибилдингийн тамирчдын дунд нэр хүндтэй нэгэн болжээ. Харин 2014 онд Ж.Нурлан 25 жил уйгагүй хөдөлмөрлөснийхөө үр дүнд бодибилдингийн Дэлхийн аварга боллоо.

Манай бодибилдингийхэн төр засгаас халамж, дэмжлэг шаардаад байдаггүй улс. Нэг талаар, энэ нь Монголд фитнесс, бодибилдингийн спорт амжилттайгаар нийтийн биеийн тамир болж буйтай холбоотой болов уу. Монголд хамгийн олон сонирхон хичээллэдэг хүнтэй спортын нэг нь яах аргагүй бодибилдинг юм. Иймээс бодибилдингийн спортынхон чадах чинээгээрээ өөрсдийгөө болгож явна. Гэхдээ, Олимпын наадмын төрөлд багтах талаар үргэлж л яригддаг энэ спортыг төр засгаас анхаарах цаг хэдийнээ болсон гэж бодно.

Бодибилдингийн спортынхон төрөөс халамж дэмжлэг нэхэж шаардаж байгаагүй боловч, энэ удаад Ардчилсан хувьсгалтай нас чацуу энэ спортын хөгжил, амжилтыг нь төр засаг хүлээн зөвшөөрч, олон улсад Монгол Улсаа сурталчилж яваа бодибилдингийн тамирчдын нэгэн үеийг урам зоригоор урамшуулж, шагнах цаг хэдийнээ иржээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч болон төрийн холбогдох газрууд нь энэ талаар анхаарч, 25 жилийн өмнө Монголд бодибилдингийн спорт анх үүсэхээс эхлэн уйгагүй зүтгэж, тив, дэлхийд амжилт гаргаж яваа Ж.Нурланд тэр “гавъяат тамирчин”-ы цолоо өгөхөд ард олон дэмжин сайшаахаас бус, эргэлзэхгүй гэдэгт үүнийг бичигч би бүрэн итгэж байна.

Б.Цог


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.