Монголчууд цахим ертөнцөд ноёрхож байна, Харин…

6555656Монголчууд хэн нэгний дэвшүүлсэн асуудлын агуулга “эх оронч” л байвал танай, манай гэж талцалгүй нэгддэг хүмүүс ажээ. Энэхүү зан нь ихэвчлэн сошиал медиа буюу цахим ертөнцөд илэрдэг болчихож. Саяхан даа, хэсэг гишүүний өргөн барьсан Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг УИХ-аар хэлэлцэхээс урьтаж цахим ертөнцөөр кампанит ажил өрнөж татахаас өөр сонголтод хүрээгүй нь иргэд олон нийтийн ой тойнд одоо ч байгаа байх. Санаж байгаа бол “Газрын тухай хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байна” гэх агуулга бүхий зургийг фэйсбүүк хөтөлдөг хүн бүр өөрийн автор /фэйсбүүкийн зураг/ зургаа өөрчлөн илэрхийлж байв. Дараа нь төмөр замын өргөн, нарийн царигийн асуудлаар УИХ-ын гишүүдийн утсанд хүртэл мессеж ирүүлж хэсэгтээ л шуугицгаасан. Одоо бол хэн нэгнээс тусламж хүссэн эсвэл улс орны эрх ашигтай холбоотой мэдээллийг цахим ертөнц тэр дундаа фэйсбүүкэд байршуулахад асуудлыг тэр дор нь шийддэг болж. Товчхондоо аливаа асуудлыг албан тушаалтнуудын сонорт хүргээд үр дүнд хүрдэггүй ч цахим ертөнцөөр дамжуулан тэдний чихийг зөөллөдөг болсон гэлтэй. Үүгээрээ цахим ертөнц нийгмийн сэтгэлзүй, албан тушаалтнуудад нөлөөлөх гол хэрэгсэл болжээ. Нөгөөтэйгүүр, гадаадад Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа урлаг, спортын эрхмүүдийг бодлого боловсруулагчид гэхээсээ цахим ертөнц дэх “монголчууд” илүү дэмжих болсон нь илт харагдах болов. Юу гэхээр бодит амьдрал дээр аль нэг намын харьяаллаар талцдаг монголчууд цахим ертөнцөд танай, манай гэлтгүй үзэл бодлоороо нэгдэж чаддаг болжээ.

1
Дэлхийн гоо бүсгүйг тодруулах 64 дэх удаагийн шалгаруулалт Английн Лондон хотноо хэдхэн хоногийн өмнө болжөнгөрлөө. Нэр хүнд, ач холбогдлоороо ч дэлхий нийтийн анхаарлаа хандуулж, чих тавьж байсан энэхүү тэмцээнд Өмнөд Африкийг төлөөлж оролцсон гоо бүсгүй шалгарч тэргүүн миссийн титмийг зүүсэн нь цахим ертөнцийн ярианы гол сэдэв болж байна. Нэг ёсондоо 125 орны гоо бүсгүйгээс шилдгийн шилдгээр Өмнөд Африкийн төлөөлөл Страусс шалгарсан нь Украины асуудал дээр талцсан ОХУ ба Европын холбооны маргаанаас илүүтэй дэлхий нийтийн ярих сэдэв нь болж чадсан юм. Монголчууд ч үүнээс дутсангүй. Эх орноо төлөөлөн оролцсон Т.Батцэцэгийг байж болох бүхий л аргаар дэмжлээ. Тэр дундаа цахим ертөнцөд. Жишээ нь, дэлхийн миссийн урьдчилсан санал асуулгыг цахим ертөнцөөр явуулахад Т.Батцэцэг бусад улсыг төлөөлөн оролцсон гоо бүсгүйчүүдээс тасархай тэргүүлж байв. Бараг л хөгшин, залуу гэлтгүй фэйсбүүк хаягтай болгон Монголынхоо миссийг дэмжиж бусаддаа дэмжихийг санал болгож байсан нь саяхан. Хэдийгээр дэлхийн миссийн эцсийн шалгаруулалтад Монголын гоо бүсгүй шалгараагүй ч цахим ертөнц дэх хандалтаараа тэр цөөхөн монголчуудыг нэг зорилгын дор нэгтгэж чадсан юм.

2
Цахим ертөнцөөр монголчуудыг нэгтгэсэн өөр нэг зүйл нь “Цэнхэр үст” тодотголтой Э.Цэрэндолгор байлаа. Түүний хувьд ирэх дөрөвдүгээр сард хойд туйлд нохойтой чарганы уралдааны санал асуулгаар тэргүүлсэн юм. Тэрээр эцсийн мөчид Пакистаны иргэн Мойн Хан гэгчтэй өрсөлдөж есөн мянга орчим хүний саналаар ялалт байгуулсан. Шалтгаан нь “Цэнхэр үст”-ийг монголчууд дуу нэгтэйгээр дэмжиж, секунд тутамд онлайнаар санал өгсөнтэй холбоотой. Үүнд нь “гайхширсан” Мойн Хаан хүртэл монголчуудад хандсан захидлыг өөрийн цахим хуудастаа байршуулсан нь үүний нотолгоо. Тэрээр “Монголчуудтай өрсөлдөхөд үнэхээр мундаг байлаа. Та нар бол жинхэнэ дайчид юм байна. Та бүгд биднээс хүчтэй гэдгээ дахин нотоллоо. Цэрэнтэй би Монголд эсвэл Пакистанд уулзахыг хүлээж байна гэж дамжуулаарай” хэмээн өгүүлсэн байдаг.

3
Санаж байгаа бол УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс гавьяат жүжигчин И.Одончимэг, жүжигчин Г.Ундармаа нарыг Төрийн ордонд урьж, тэдний нийгмийн сайн сайхны төлөө хийсэн үйлсэд талархсанаа илэрхийлэн өргөмжлөл гардуулсан. Жүжигчин И.Одончимэгийн хувьд Улаанчулуутын хогийн цэгт амьдарч байгаа хүүхдүүдийг сурч боловсрох сургуультай болгох санаачилга гарган хандив цуглуулан, ажиллаж байгаа нэгэн. Харин жүжигчин Г.Ундармаа улсын гурван эмнэлгийн хүлээлгийн өрөөг өөрийн санаачилга, найз нөхөд, сайхан сэтгэлт хүмүүсийн хандив тусламжаар тохижуулан хүлээлгэж өгсөн байдаг. Товчхондоо УИХ-д бүлэг байгуулаад ч дорвитой шийдвэр, хуулийн төслийг парламентаас гаргуулж чадаагүй яваа эмэгтэй гишүүд уран бүтээлийнхээ хажуугаар нийгэмд тустай үйл бүтээж буй сайхан сэтгэлт жүжигчдэд “Баярлалаа” гэж хэлсэн нь энэ байв. Ингэх болсон шалтгаан нь ч маш энгийн. Төрийн түшээ болсон эмэгтэй гишүүдээс илүүтэй жүжигчин эмэгтэйчүүд нь нийгэмд тустай зүйлийг хийж түүнд олон нийт алга ташиж бас УИХ-ын гишүүдэд цахим ертөнцөөр шүүмжлэл дайж байлаа.

4
Ч.Сайханбилэгийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлээд яг долоо хонож байна. Үүнийг хямралаар далимдуулж АН, МАН гэсэн хоёр намын бялуу хуваалт гэж харж болох ч эдийн засгийн хямрал, гадаадын хөрөнгө оруулалт тэг заасан өнөө цагийг даван туулах нь шинэ Засгийн газрын үүрэг болоод буй. Тэр нь ч үнэн. Үнэндээ аль нэг намын бялуу хуваалт гэхээсээ ипүүтэй хямралыг даван туулах, иргэдээ сайхан амьдруулах гээд шинэ засгаас хүлээж байгаа зүйл олон. Яг л цахим ертөнцөд монголчууд нэгдэж чаддаг шиг шинэ засгийг багаараа ажиллахыг иргэд хүсч байгаа. Улс төрд намууд талцахаасаа илүүтэй нэг үзэл бодол, зорилгын төлөө нэгдэж, дорвитой шийдвэр гаргахыг олон нийтхүлээж байгаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгч томилогдсоныхоо дараа Шинэ Засгийн газар гурван чиглэлд ач холбогдол өгч ажиллана. Үүнд, нэгдүгээрт, эдийн засаг, хоёрдугаарт, эдийн засаг, гуравдугаарт, мөн эдийн засаг байх болно гэдгээ тодотгосон. Ерөнхий сайдын тодотгосон, шинээр томилогдсон сайд нарын хэлснээр бүгдээрээ бүсээ чангалах цаг үед бид тулж ирээд байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд талцсаар ирсэн АН, МАН-ынхан хямралыг даван туулахаар “хөтлөлцөөд” алхаж байна. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр Монголын Төрийн дуулал хаана ч эгшилсэн сонссон хүн бүр баруун гараа цээжин дээрээ тавьж, дуустал нь зогсдог шиг монголчууд нэгээрээ биш нийтээрээ нэгдэж хямралыг даван туулах цаг бидэнд иржээ. Үүнд УИХ-д олуулаа болсон АН-ын фракциуд ч хамаатай. Нөгөөтэйгүүр, цахим ертөнцөд нэгдэж чаддаг монголчууд улс төрд ч нэгдэх нийтээрээ нэг зорилгын төлөө алхах шаардлага бидний өмнө иржээ. Өөрөөр хэлбэл, монголчууд цахим ертөнцөд нэг баг болж чаддаг шигээ улс төрд ч нэгдэх хэрэгтэй байна.

 

 

С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Нэр: ninjee Огноо: 19 December 2014

shan niitlel bolson baina

Нэр: Anonymous Огноо: 20 December 2014

Hiih ajilguin l haragdaad bgaamdaa

Сэтгэгдэл бичих