Монголын Засгийн газар алуурчдыг хаацайлахаа зогсоо

Лондонд болсон Б.Хурцыг шүүх хуралд Монголын талаас Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суугаа Элчин

сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны зөвлөх, консул Н.Батаа, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Ц.Болор, яамдын төрийн нарийн бичгийн дарга нар цугаараа оролцож байгаа. Сайд даргагүй сандралдаж гүйгээд байхаас үзвэл хүн хулгайлсан хэрэг нь илэрчих гээд дээр дооргүй айдастай байгаа нь тодорхой. Монголын төрийн албад Д.Энхбатыг Францаас хулгайлж авчирч эрүүдэн шүүж аминд нь хүрчихээд яаж хандаж ирснийг эргээд нэг санацгаая. Цагдаагаас Д.Энхбатыг бараг л шоронд төрж өссөн, хүний адаг, үхэхдээ таарна гэх мэтээр хэлэхгүйн муугаар хэлдэг байсан. Одоо ч ялгаагүй үхсэн хүний ясыг өндөлзүүлж л яваа. Д.Энхбат агсны нас өндөр болсон аав Дамиран нь “Талийгаачийн ар гэрийнхнээс нь Төр засаг ядахнаа уучлал гуйгаасай. Миний хүү нас барсан ч нэр төр нь сэргэж үр хүүхдүүд нь элдвээр дуудуулахгүй үлдэхсэн” гэдэг сүүлчийн хүсэлт, гуйлтаа манай сониноор дайж байсан.

Аминд нь хүрсэн Д.Энхбатыг хүн гэж тоохгүй хаясан хэрнээ хулгайлж авчрах ажиллагаанд оролцсон Б.Хурцыг шоронгоос авч үлдэх гээд зүтгээд байгаа нь шударга ёсонд хэр нийцэх вэ. Үүний тод илрэл бол Б.Хурцыг Монголын Засгийн газар сайд нараа Англи руу илгээн өмгөөлүүлж байна. Жирийн иргэнийг хөнөөсөн зандалчинг ард түмний татварын хөрөнгөөр хаацайлж байна. Монгол Улсын Засгийн газар Б.Хурцыг өмгөөлж хамгаалаад байгаа нь алуурчныг дэмжсэнтэй адил юм. Яг үнэндээ МАХН өнгөрсөн 2004 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах гэсэн төслийн золиос Д.Энхбат болсон. 2003 оны хавар Д.Энхбатыг Францаас авчирч тухайн үеийн АН-ын дарга М.Энхсайхан захиалга өгч С.Зоригийг алуулсан гэж гэрчлэхийг тагнуулынхан түүнд тулгасан гэдгийг Д.Энхбат нас барахаасаа өмнө телевизээр өөрийн биеэр олон нийтэд мэдэгдсэн. Ху нам эрх барихын тулд тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаярын мэдлийн яам, газруудыг нэг баг болгож байгаад Францын нутгаас Д.Энхбатыг хулгайлсан гэдгийг гадарлахгүй хүн Монголд байна уу. Энэ хорвоо ертөнцийн хүн төрөлхтөн олон зүйл дээр нэгдэж нэг тал болдог эрин үед бид амьдарч байгаа. Хар тамхи, хүн хулгайлах, террорист ажиллагааны буруутанг танай манай гэж ялгалгүй хэзээ ч өмгөөлж хамгаалдаггүй. Дэлхий нийтээрээ шударга шүүлтээр оруулахыг хүсдэг. Харин гэмт хэрэгтэнг өмгөөлж хамгаалж нуугаад байвал тухайн улс орныг хариуцлагагүй хандаж байна гэж шүүмжлэлтэй ханддаг. Бүр улс төрийн хориг хэмжээ авах хүртэл дургүйцлээ илэрхийлдэг. Гэмт хэрэгтэнг өмөөрөх эх орон ч олддоггүй гэдгийг мэдэж баймаарсан. Манай улсын Засгийн газар соёлт хүн төрөлхтний өмнө багахан ч гэсэн ичих нүүртэй байх хэрэгтэй. Б.Хурцтай хамт явж хүн хулгайлсан гэгдээд байгаа бусад нөхдүүд болон гол зохион байгуулсан толгойлогчийг Лондонгийн шүүхэд тушаах ёстой.

Гэмт хэрэг бүр таарах шийтгэлээ хүлээж алдааныхаа төлөөсийг үүрэх ёстой биз дээ.

Гүйцэтгэх ажил хийсэн Б.Хурц нарыг буруугүй, үүрэг биелүүлсэн гэдэг марзан юм яриад байгаа нь олон улсын хувьд ойлгомжгүй зүйл. XXI зуунд хүчний байгууллагынхан хууль биелүүлэгч байдаг болохоос хууль бус үүрэг биелүүлэгч байх ёсгүйг эрхбиш гадарлах хүмүүс тагнуулд ажилладаг байх ёстой. Харин ч хууль бус тушаал биелүүлсэн гүйцэтгэгч нарыг бүр хатуу шийтгэж баймаар. Тэгж байж хуулиас давсан тушаалыг биелүүлдэг хүн байхгүй болно. Долдугаар сарын 1-ний хэрэг гэхэд даргын тушаалаар хүн буудсан болж таарсан. Цагаа тулаад ирэхээр хууль бус тушаал өгсөн хүн нь олдохоо больчихдог гаж жишиг Монголд хэдийнэ тогтсон. Одоо мөн ялгаагүй Францаас хүн хулгайлах ажиллагаанд явуулсан тушаал өгөгч этгээд ил байгаа ч эзнийг нь олох сонирхолгүй л явна. Ер нь энэ Б.Хурц тэргүүтнүүд Монголын ард түмэн, монгол төрийн өмнө ямар гавьяа байгуулчихаад одоо ард түмний татварын мөнгөөр өмгөөлүүлээд байгаа юм бэ? Энэ ажиллагаанд одоогийн Ерөнхий сайд Сү.Батболдыг оролцсон байх гэж хардаж болох талтай. Учир нь Д.Энхбатыг баривчлах ажиллагаанд Гадаад харилцааны яам голлон оролцсон. Тухайн үед Сү.Батболд Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан ч дэд сайдаасаа давсан эрхтэйгээр оролцоотой байсан. Түүнийг Ерөнхий сайд байсан Н.Энхбаяртай хүзүү сээрээрээ холбогдчихсон Н.Энхбаярынхаа памперсийг нь сольдог гэж ажилтнууд нь ар хударгаар нь шоолцгоодог байсан гэдэг. Б.Хурцын хэрэг хурцдаж байгаа энэ үед Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболд тун удахгүй Англид айлчлал хийхээр төлөвлөсөн байгаа. Тэр үед хүн хулгайлсан том асуудал босч ирж магадгүй гэж болгоомжилсондоо Б.Хурцыг урдаа түлхчихээд Засгийн газар хамаг зардлыг нь гаргаж өмгөөлж давхиад байгаа бололтой.

Б.ДОЛЗОДМАА

ardiin erkh


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих