Дэлхийн аялал Монгол руу

zurag01219Өнөөдрөөс яг 103 жилийн өмнө, 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Монголчууд Манж гүрнээс салж, бие даан тусгаар тогтнож, төр улсаа сэргээн тунхаглаж буйгаа дэлхий дахинд албан ёсоор зарлаж билээ.

 

Энэ бол тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний үнэ цэнийг олон жилийн турш хүсэж байсан монгол хүн бүрийн магнай тэнийж, сэтгэлд нь нар гийсэн түүхэн үйл явдал байв. Өдгөө олимпын аваргатай болоод монголчууд омогшин олноороо баярласан нь чухамдаа 103 жилийн тэртээ тусгаар тогтнолоо олоод баярлаж байсан үеийг чухам ийм л сэтгэлийн баясал эдэлж байсан болов уу хэмээн өөрийн эрхгүй санагдуулна.

 

Мөн дэлхийн улс орон Монголчуудыг Чингис хаанаар маань төсөөлж ойлгодог байсан бол одоо спортын алдартнуудаар төсөөлдөг болж. Тухайлбал сумо бөхийн аваргууд юм. Энэ бүхэн Монголыг дэлхийд таниулж байгаагийн нэгэн илрэл гэлтэй. Төрсөн, өссөн нутгаараа омогшин бахархаж, түүнийгээ суртачилан гайхуулна гэдэг юутай сайхан.

 

Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбар хөгжиж, энэ хэрээр монгол улсын үзэсгэлэнт байгаль, ёс заншилтай танилцахыг хүссэн хүмүүс дэлхийн улс орноос манайх руу чиглэх болжээ. 1990-2006 оны хооронд манай улсад аялахаар ирсэн гаднын жуулчдадаа байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутгаар аялахаас өөр сонголтгүй байж. Бидэнд ч үүнээс өөр нөөц бололцоо байсангүй. Харин одоо үед энэ байдал өөрчлөгдсөн.

 

Ялангуяа сүүлийн дөрвөн жилд энэ салбарт тусгай аялал нэлээд түлхүү хөгжиж байгаа аж. Тусгай аялалд ууланд авирах, завиар зугаалах, мотоциклын аялал, хаданд авирах, олон хоногоор морин аялал хийх зэрэг спорт тал руу чиглэсэн хүнд хэлбэрийн аялал багтана.

 

Манай улс аялал жуулчлалыг хөгжүүлэх маш их боломж, нөөцтэй улсад тооцогддог байна. Учир нь дэлхийд ховордож устаж үгүй болсон төрөл зүйл шувууд, цэцэгс, эрвээхий Монголд бий. Тухайлбал, дэлхий дээр 12 төрөл зүйлийн алаг дааг буюу “хээрийн огодой” байдгийн 7-8 төрөл нь манайд бий. Биологийн төрөл зүйлийн хувьд ч дэлхийн эрдэмтдийн сонирхлын гол цөмд байдаг Манай улсад судалгааны чиглэлтэй болон тусгай сонирхлын аялал түлхүү хөгжиж байна.

 

Бидний дийлэнх нь аялал жуулчлалын улирлыг зөвхөн зунаар төсөөлдөг. Гэтэл манай улсад жилийн дөрвөн улиралд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байгаа гэнэ. Албаны хүмүүс жил ирэх тусам ирж байгаа жуулчдын тоо нэмэгдэж байна гэдэг юм билээ.

 

Харин өнөөдөр Монгол Улсад Аялал жуулчлалын салбар үүсэж хөгжсөний 60 жилийн ой тохиож байгаа юм байна. “Аялал жуулчлал” гэж хувь хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа нэгээс 183 хүртэлх хоногийн хугацаагаар амралт, сувилал, танин мэдэхүйн зорилгоор болон шашин шүтлэг, ажил мэргэжлийн шугамаар өөр газар нутагт аялан явахыг хэлнэ гэж Монгол Улсын Аялал жуулчлалын тухай хуулинд заажээ.

 

Дэлхийн талыг морьтойгоо байлдан дагуулж байсан хүчирхэг орны түүх соёл, ёс заншил дуусашгүй арвин учраас аялал жуулчлалын онцгой газар байх нь аргагүй ч юм даа. Гагцхүү өвлийн улиралд аялал жуулчлалыг хөгжүүлмээр байгаа юм даа.

 

Г.Мягмарсүх

new.mn


URL:

Сэтгэгдэл бичих