Т.Наран: ТАВАНТОЛГОЙГ ЯМАР Ч БАЙСАН Оюутолгой шиг гадныханд өгөхгүй

tavan_tolgoi_05_1Э.Мөнхцэцэг

Нүүрсний ассоциацын гүйцэтгэх захирал Т.Нарантай Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах тендерийн сонгон шалгаруулалтын талаар ярилцлаа. Тэрээр Тавантолгойд хөрөнгө оруулагч шалгаруулах ажлын хэсэгт ажиллаж байгаа юм.

-Тавантолгойн ордод стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах зарласан хугацаа өнгөрсөн лхагва гаригт дууссан. Гэхдээ хөрөнгө оруулагч тодорсонгүй. Ер нь энэ ажил ямар шатанд явж байна вэ?

-Хамтарсан Засгийн газрын үед буюу 2009 онд анх Тавантолгойн ордод стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах тендерийг зарлаж байсан. Гэхдээ удалгүй зогсоосныг хүн бүр мэдэж байгаа. Харин 2014 онд шинэчлэлийн Засгийн газар 268 дугаар тогтоол гаргаж Тавантолгойн тендерийн үйл ажиллагааг үргэлжлүүлж, өмнөх тендерийн үед шалгарч байсан гаднын зургаан компанид дараагийн шатанд оролцох урилгыг явуулсан. Цаашид тендерийг үргэлжлүүлэхдээ өмнө нь хөрөнгө оруулагчдад тавьж байсан нөхцөлийг өөрчилсөн. Нэгд, Монголын компани хөрөнгө оруулалтын 51 хувийг эзэмшиж, гаднын хөрөнгө оруулагч 49 хувийг эзэмших нөхцөлтэй. Хоёрт, 2009 онд зарлаж байсан тендерт оролцоогүй гаднын компаниуд шинээр оролцохгүй. Дараагийн том болзол нь Тавантолгойн лицензийг хөрөнгө оруулагчид шилжүүлэхгүй.

Лиценз нь “Эрдэнэс-Тавантолгой” буюу Засгийн газрын мэдлийн компанид үлдэнэ. Ийм көхцөлтэйгөөр зарласан. Дээр нь, хөрөнгө оруулагч нь “Эрдэнэс-Тавантолгой” компанийн “Чалько”-д тавьсан өрийг бүрэн барагдуулна. Жилд 30 сая тонн нүүрс угаах үйлдвэр, төмөр зам барих нөхцөлийг шинээр тавьсан. Өмнөх шалгаруулалтад үлдсэн гаднын зургаан компанид дараагийн шатанд оролцох саналыг хүргүүлснээс олонхи нь татгалзсан. Харин Хятадын “Шиньхуа”, Америкийн “Пибоди” компаниуд үргэлжлүүлж оролцохоор болсон. Хятадын “Шиньхуа”, Монголын “Энержи ресурс”, Японы “Сумитомо” компаниуд хамтран консорциум болж нэгдсэн санал ирүүлсэн. “Пибоди” дангаараа саналаа ирүүлсэн. Ингээд хоёр дахь шатны шалгаруулалт буюу техникийн шалгаруулалтууд үе шаттай явагдаж дууссан. Эхний шалгаруулалтад өмнө орж байсан гаднын компаниудын материалыг нэг бүрчлэн судалж, дээр дурдсан хоёр компани саналаа ирүүлснийг тогтоож дараагийн шатанд оруулсан. Хоёр дахь шатанд нь оролцогчдын техникийн саналыг судалж, шалгаруулсан. Төмөр зам барихдаа ямар технологи хэрэглэх, үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд ээлтэй ямар төхник төхнологи ашиглах, гадаад зах зээл дээр ямар улсуудад бүтээгдэхүүн нийлүүлэх зэрэг техникийн саналыг судалдаг гэсэн үг. Энэ шалгаруулалтыг явуулахад хоёр оролцогч тунаж үлдсэн. “Шиньхуа-Энержи ресурс- Сумитомо” консорциум, “Пибоди” компаниуд тунаж үлдсэн. Энэ хоёр оролцогч техникийн сонгон шалгаруулалтад хоёулаа 60-аас дээш хувийн санал авсан байгаа. Тиймээс хоёр дахь шатны шалгаруулалтад 60-аас дээш хувийн санал авсан оролцогчийн санхүүгийн саналыг үнэлж шалгаруулах ажлыг одоо хийх гэж байна. Үүний дараа хөрөнгө оруулагч тодорно.

-Эдгээр шалгарсан оролцогчоос гадна Тавантолгой ХК, Тавантолгой Транс, Японы “Иточү-Сожиц-Мицүй”-ын консорциумууд оролцохоор саналаа ирүүлсэн гэж байсан шүү дээ.

-Тийм. Гэхдээ энэ компаниуд хөрөнгө оруулагчдад тавьсан нөхцөлийг хангаагүй. Гаднын компаниуд нь 2009 онд зарласан тендерт оролцож байгаагүй. Гэхдээ эдгээр компани Тавантолгойг ашиглахад ямар Тэгэхээр тэр хугацаанд хэрхэн ажиллах нь хөрөнгө оруулалтын гэрээнээс л шалтгаална.

-Хэрвээ 49 хувийн хөрөнгө оруулагчаар Америкийн “Пибоди” шалгарвал 51 хувьд нь үндэсний ямар компанийг сонгох вэ?

-”Пибоди” компани шалгарвал хөрөнгө оруулалтын 49 хувийг л эзэмшинэ. Тэд 51 хувь дээр хөрөнгө оруулах чадвартай үндэсний компаниудтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байгаа. Өөрөөр хэлбэл, үндэсний компанийн 51 хувийг эзэмших нөхцөлийг зөвшөөрсөн. Тэр үндэсний компанийг нь Засгийн газар ч санал болгож болохоор байгаа. Мөн Монголын компаниуд өөрсдөө нөхцөлөө тавьж хамтарч ч брлно. Хамгийн гол нь 51 хувийн хөрөнгө оруулалт хийх тэнхээтэй байх л шаардлагатай байгаа. Мөн үндэсний хөрөнгө оруулагчдад тавьсан нөхцөлийг хангасан байх нь чухал.

-Гэхдээ “Шиньхуа-Сумитомо-Энержи ресурс”-ийн хамтарсан консорциум илүү хүчтэй, шалгарах магадлал өндөр байгаа юм биш үү?

-Хэн нь ч шалгарч мэднэ. “Пибоди” хэдий дангаараа оролцож байгаа ч хүчтэй, чадалтай компани. Дэлхийн маш олон оронд нүүрсний худалдаа хийдэг, 100 гаруй жилийн туршлагатай компани шүү дээ. “Шиньхуа”, “Сумитомо” ч мөн дэлхийд танигдсан томоохон компаниуд. Жишээ нь, “Сумитомо” нь Японы худалдааны томоохон компани. Азид Япон, Солонгос, Хятадын зах зээлийн уул уурхай, нүүрсний худалдааг хариуцаж ажиллах туршлага бий.

-Тавантолгойн хөрөнгө оруулагчаар шалгарсан компани нүүрс угааж баяжуулах үйлдвэр, төмөр зам барих хөренге, дэд бүтцийг хариуцаж ажиллах учраас л энэ консорциумыг шалгарна гэж зарим хүн таамаглаж байна. Хэрвээ энэ консорциум шалгарвал гол давуу тал нь юу байх бол?

-Зарим хүн “Шиньхуа”-г өөрөө нүүрс олборлочихоод эрп/үлээд зарж байна гэж шүүмжилдэг. Аливаа зүйл сайн, муу хоёр талтай. “Шиньхуа” Тавантолгойн тендерт шалгарвал Хятадын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн асуудлыг илүү хурдан шийдвэрлэх боломж харагдаж байгаа, Хятадын зах зээл дээр ажиллах асуудлыг бүрэн хариуцах боломжтой гэсэн үг “Шиньхуа”-гийн Хятадад олборлодог нүүрснээс манай Тавантолгойн нүүрс илүү чанартай.

Мөн “Шиньхуа” нь Хятадын Засгийн газар болон шийдвэр гаргагчдад асар их нөлөө бүхий үндэсний компани. Манай улс нүүрсний салбарт үүссэн аж ахуйн ямар нэгэн асуудлыг шийдэхийн тулд, Өвөрмонголын Засгийн газар Хятадын мужуудтай ойлголцохын тулд нэлээд цаг авдаг шүү дээ. Тэгэхээр Хятадын компани Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчаар шалгарах юм оруулсан хөрөнгөө буцааж олох сонирхол зайлшгүй байж таарна. Учир нь өөрөө хөрөнгө оруулсан шүү дээ. Дээр нь, “Чалько”-д үлдсэн 110 сая ам.долларын өрийг төлөх асуудл ыг ил үү богино хугацаанд шийдвэрлэхэд дөхөм болно. Хятадын төрийн өмчит компанийн өрийг Хятадын томоохон компани хуваалцаж төлнө. Тэгэхээр “Чалько” компани өөрийнхөө дураар аашилдаг байдал саармагжина зэрэг олон давуу тал байна. Гэхдээ дахиад хэлэхэд “Пибоди” ч шалгарч мэднэ шүү дээ.

-Хэрвээ энэ хоёр оролцогч эцсийн шалгаруулалтад тэнцэж, эсвэл хэдхэн онооны зөрүүтэй нэг нь ялагдсан ч оролцсон гаднын компаниудад 49 хувийг нь тэнцүү эзэмшүүлэх саналыг ажлын хэсгийнхэн, эсвэл Засгийн газар гаргаж болох уу. Өөрөөр хэлбэл, “Шиньхуа”, “Сумитомо”, “Пибоди” нь Тавантолгойн 49 хувийн хөрөнгө оруулалтыг хувааж гаргах нөхцөлтэйгөөр хамтран оролцож болох уу?

-Үүнийг яг хэлж мэдэхгүй байна. Тийм байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ анх консорциум болж оролцохдоо тэгж оролцоогүй. Уг нь гаднын хөрөнгө оруулагчид хоорондоо ярилцаж 49 хувь дээр нь хамтарч, 51 хувийг “Энержи ресурс”, эсвэл үндэсний өөр компаниуд нийлж оролцож болох байсан. Ер нь 51 хувийг нэг компанид өгнө гэж заагаагүй. Цаашид хэрхэн өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй, Санхүүгийн саналыг үнэлж дүгнэсний дараа байдал яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй байна. “Сумитомо”, “Шиньхуа”, “Пибоди”-гийн аль аль нь манайд хэрэгтэй эн    тэнцүү   дэлхийд    нэртэй    томоохон компаниуд. Тэгэхээр шалгаруулахад хүндхэн байгаа. Алдахад харамсалтай хөрөнгө оруулагчид. Тиймээс үүн дээр бодлогын асуудал ч яригдаж байгаа нь үнэн. Гэхдээ эцсийн шийдвэрийг шийдвэр гаргагчдад л гаргана. Ажлын хэсэг байдал ямар байгааг үнэнээр нь гаргаж, ил тод танилцуулна. Шийдвэр гаргагч Засгийн газар, УИХ-ын төвшинд ажлын хэсгийн гаргаж өгсөн саналыг хэлэлцэж шийдвэр гаргана. Бид үнэн зөв мэдээлэл л өгөх ёстой.

-Зарим хүн гуравдагч хөршийн бодлогыг дэмжих үүднээс Пибодиг шалгаруулна гэж ярих юм?

-Монгол Улс гурав дахь хөршийн бодлого гэж Америктай маш олон удаа ярьж, төр, засгийн өндөр төвшинд гэрээ хэлэлцээр хийсэн. Ер нь хоёр том хөрштэй улсын хувьд гурав дахь орны хөрөнгө оруулалт орсон байх юм бол тухайн орны эдийн засгийн аюулгүй байдал хангагдах зарчим бүрдсэн гэж үздэг. Тухайн улс оруулсан хөрөнгө, хөрөнгө оруулагчдаа хамгаалдаг. Ер нь хоёрхон харилцагчаас түүнээсээ илүү хамааралтай болдог шүү дээ. Тэрэн шиг манай улс хоёр хөрштэйгөө л хамтын ажиллагаагаа бэхжүүлээд байвал энэ хоёр улсын хамаарал илүү нэмэгдэнэ. Дэлхийд тэргүүлэх Америк гүрний компани Тавантолгойн тендерт оролцож байгаа нь гурав дахь хөршийн бодлого хэрэгжиж байгаагийн нэг илрэл. Шалгаруулалтын явцад “Пибоди” хасагдахыг үгүйсгэхгүй. Шалгаруулахгүй бол энэ нь олон улсын хамтын ажиллагаанд хэрхэн нөлөөлөх үү зэрэг олон асуудлыг зарим хүн харж ярьж байгаа нь үнэн. Гэхдээ энэ бол бодлого, геополитикийн асуудал болж хувирна.

-Тавантолгойгоос иргэн бүрт 1072 хувьцааг өгнө гэж Засгийн газар амласан байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдэх юм бэ. Шалгарсан хөрөнгө оруулагч нь шийдэх юм уу, лиценз эзэмшигч нь хариуцах уу?

-Энэ ярилцах ёстой маш чухал асуудлын нэг. Ер нь иргэдийн хувьцааны ногдол ашгийн асуудлыг манай Засгийн газар хариуцах ёстой. Харин тэр мөнгө орж ирэх асуудал шалгарсан хөрөнгө оруулагчаас шалтгаалах нь мэдээж. Гэхдээ одоогоор санхүүгийн саналыг судалж хөрөнгө оруулагчийг еонгож, сонгогдсон хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлцэл хийх үед яригдах учиртай асуудал. Хөрөнгө оруулалтын гэрээгээр шийднэ гэсэн үг.

-Ер нь нүүрсний салбарт ажиллаж байгаа хүний хувьд одоо тунаж үлдсэн хоёр оролцогч дээр өөрийн дүгнэлтээ хийсэн байгаа байх. Түүнийгээ хэлж болох уу?

-Монголын өнөөгийн нөхцөлд хамгийн дээд хувилбарууд гэж бодож байна. “Шиньхуа”, “Сумитомо”, “Пибоди”-д баярлах ёстой. Манай хууль эрх зүйн орчин хүндэрч, дэлхийн зах зээл дээр нүүрсний болон уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж байгаа хүнд үед Монголд хөрөнгө оруулалт хийнэ гэж олон жил хүлээсэн. Өнөөгийн нөхцөлийг мэдсээр байж саналаа ирүүлж, оролцож байгаа нь Монголын Засгийн газарт гаднын хөрөнгө оруулагчид итгэж байгаагийн л нэг хэлбэр юм. Ер нь бидэнд тулгарч байгаа хамгийн том зүйл нь Тавантолгойн нүүрсийг яаж зах зээл дээр үнэд хүргэж борлуулах вэ. Азийн, тэр дундаа Япон, Солонгосын зах зээл дээр нүүрсээ хүргэж зарах вэ гэдэг боломжийг л хайж байгаа. Монголчууд дангаараа оролцож чадахгүй нь ойлгомжтой болсон. Нэгд, томоохон дэд бүтцийг барьж байгуулах хөрөнгө мөнгө байхгүй. Хоёрт, тээвэрлэлт. Өнгөрсөн наймдугаар сард айлчилсан Хятадын даргын айлчлалаар тээвэрлэлтийн талаар нэлээд нааштай асуудлыг ярилцсан. Гашуунсухайт-Ганц модны боомтыг олон улсын статустай болгож, Хятадын нутаг дэсвгэрээр дамжин далайд гарах транзит тээврийг шийдэхээр болсон. Бид өөрсдөө сайн ажиллавал биелэх боломжтой нөхцөл. Ийм боломжийг улс төрийн дээд төвшинд бий болгож байхад бид доод талд аж ахуйн төвшинд ашиглах бололцоог нээхийн тулд хүчин чадлыг бий болгох хэрэгтэй байна. Үүнийн нэг нь Тавантолгойн орд дээр хөрөнгө оруулагчийг шалгаруулж, менежментийг хувийн компанид, Тавантолгойн ордын газрын доорхи баялаг нь Төрийн өмчийн мэдэлд байна, лизенц нь Монголдоо байна. Оюутолгой шиг гаднынханд өгөхгүй. Өмнөх гашуун туршлагаас суралцаж нэлээд дэвшилттэй алсыг харсан байдлаар шийднэ. Зөвхөн Монголын уул уурхайн компаниуд, гаднынхан, Засгийн газрын ашиг сонирхол төдийгүй нийт ард иргэдийн хүлээлтийг тооцож үзсэн гарц.

“Үндэсний шуудан”


URL:

Сэтгэгдэл бичих