Хөшигийн хөндийг нийслэлтэй холбох замыг эхлүүлэхээр болов

455468“Монгол Улс, БНХАУ-ын ард иргэдийн харилцан яриа хэлэлцээр” сэдэвт уулзалт урд хөршийн нийслэл Бээжин хотод өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө. БНХАУ-ын дарга Си Зиньпин хэдхэн сарын өмнө манай улсад айлчилсан. Айлчлалын үеэр хоёр орны дунд байсан стратегийн харилцаагаа иж бүрэн стратегийн харилцаа болгон шат ахиулсан билээ. Мөн хоёр орон хамтран хөгжих, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ мэдэгдсэн. Тиймээс дээр дурдсан уулзалт БНХАУ-ын даргын айлчлалын үеэр яригдсан асуудлыг ажил хэрэг болгохын тулд хийж байгаа нэг алхам гэж ойлгож болно. Энэхүү уулзалтыг Монголын “Энхтайван, найрамдлын байгууллага” болон БНХАУ-ын Ардын олон улсын нийгмийн солилцоог дэлгэрүүлэх нийгэмлэг хамтран зохион байгуулж, Бээжин хотын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран оролцсон юм. Уулзалт “Сайн хөршийн найрамдалт харилцааг бэхжүүлэх, тал нутгийн торгоны зам байгуулах”, “Монгол Улс, БНХАУ хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд ард түмний оролцоо ба үүрэг”, “Торгоны зам эдийн засгийн бүс байгуулснаар Монгол, Хятад хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ боломжууд” гэсэн сэдвээр өрнөсөн. Монголын талаас “Энхтайван, найрамдпын байгууллагаГ-ын ерөнхийлөгч Д.Загджав тэргүүтэй, Ховд, Архангай, Төв аймгийн Засаг дарга нараас гадна МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүн, “Цомбо” компанийн захирал Р.Мөнхцэцэг нар оролцлоо. Мөн Шинжлэх ухааны академи, Батлан хамгаалах яам, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөений газар зэрэг байгуул-лагын төлөөлөл байлцсан юм.

ЖИЛ ХАГАСЫН ДАРАА МОНГОЛЧУУД ТОРГОНЫ ЗАМААР ДАВХИНА
Орос, Хятад, Монголын хүн ам нийлээд дэлхийн хүн амын 21 хувь болдог гэсэн тоо бий. Энэ нь худалдаа, эдийн засгаа өргөжүүлэх бэлэн бөгөөд том зах зээл. Харин газарзүйн байршил маань хоёр том хөршийн зах зээлийг холбох боломжийг манай улсад олгож байгаа нь том боломж. Хоёр хөршөө байтугай өрнө, дорно, өмнөд, умардыг холбох боломж ч байгаа юм. Тэр нь талын зам буюу Орос, Хятад улсаар хөндлөн байрлах Торгоны замыг холбох явдал. Газрын зураг дээр харахад манай улсын урдуур, хойгуур зэрэгцээ хоёр зам байгаа нь Торгоны зам. Энэ замаар Хүннү гүрний үеэс худалдаа наймаа эрхэлж, цайгаа зөөдөг байснаас “Цайны зам” нэртэй болсон түүхтэй.

Хэдийгээр Орос, Хятад хоёр улс нутаг дэвсгэрээ хөндлөн гулд тавьсан замтай, тэр нь Европын зарим оронд хүрдэг, хоорондоо холбогдоход хүндрэлтэй. Тиймээс Хятадад үйлдвэрлэсзн бараа 40-50 хоногийн дараа Орост хүрдэг гэнэ. Харин Монголоор хөндлөн яваад шууд хүрэхэд долоо хоног хангалттай юм билээ. Монголын нутаг дэвсгэрээр Торгоны замыг холбох гурван зам барихаар төлевлөжээ. Улаанбаатар-Эрээн-Алтанбулагаар дайрах зам яриа хэлэлцээр төдий байгаа аж. Харин Ховдоор дайруулан тавих зам 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд жил хагасын дараа ашиглалтад орох бүрэн боломжтой болжээ. Ийнхүү Монгол Улс Торгоны замын салбар замыг барьснаар зам дагуухь суурин газрын эдийн засгийн эргэлт нэмэгдэхээс эхлээд эдийн засгийн ач холбогдол нь өндөр байх юм. Уулзалтын үеэр Торгоны замын бүтээн байгуулалтад хоёр орны иргэдийг оролцуулан барих санал гарч байсан. Хоёр улсын харилцаа сайн байх нь төрийн тэргүүн нар нь ойр ойрхон уулзсанаар бус, ард иргэд нь хоорондоо найрсаг харилцаатай байснаар өргөжин тэлдэг талаар тэд чухалчилж байв.

МОНГОЛЧУУД ОВСГООТОЙ БАЙВАЛ “ОД ШҮҮРЭХ” БОЛОМЖ БАЙНА
Монгол Улс БНХАУ-тай 4700 км нутаг дэвсгэрээр хил залгадаг. Энэ онд дипломат харилцаа тогтоосны 65, найрамдалт хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой тохиож байна. Тэд “манай Си Зиньпин дарга Монгол Улсад айлчлахдаа хөрштэйгөө зэрэгцэн хөгжих, найрсаг хөрш байх ёстой гэж хэлсэн. Үүний тулд тал нутгийн торгоны замыг хамтдаа бүтээе гэсэн. Манай дарга Торгоны зам бол энэ зууны шилдэг суваг гэж хэлсэн. Си Зиньпин дарга Монгол Улсад айлчилсан нь манай хоёр орны харилцааг дараагийн үед аваачих түүхэн мөчид авчирлаа” гэх зэргээр төрийн тэргүүнээ байнга ярина. Ер нь БНХАУ манай улстай аль ч төвшиндөө хамтран ажиллах хүсэлтэй байгаа нь дээрх арга хэмжээний үеэр анзаарагдаж байв. Тиймээс ч ихээхэн аЧ холбогдол өгч шийдвэр гаргагч, орон нутгийн удирдах ажилтан, судалгаа шинжилгээний байгууллагаас эхлээд бизнес эрхлэгч зэрэг ер нь бүх төвшний хүмүүс оролцож байв.

Харин манай талаас шийдвэр гаргах төвшний нэг ч оролцогч байсангүй. Уулзалтын үеэр газрын тос олборлох 4G технологитой компани, нисэх онгоцны буудал, хурдны зам барьдаг компаниас эхлээд үйл ажиллагаагаа танилцуулж манайд хөрөнгө оруулж хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан. Мөн “Монголын ард иргэдийн амьдралд хэрэгтэй богино хугацаанд хэрэгжүүлж болохоор ямар төсөл байна, бид туслая” гэсэн санал гаргасан. Жилийн ашиг нь 10 тэрбум юаньд хүрсэн 71 оронд салбартай барилга бүтээн байгуулалтын компани танай улсын бүтээн байгуулалтад оролцмоор байна гэдэг санал ч тавьж байна лээ. Санал тавиад зогсохгүй шууд ажил хэрэг болгосон. Тухайлбал, Хятадын Ганван барилга, бүтээн байгуулалтын компани Хөшигийн хөндийг Улаанбаатартай холбох хурдны замыг барьж өгөхөөр болсон. Энэ замыг концессийн гэрээгээр барих ч дэлхийн 225 шилдэг барилгыг барьсан тус компани ажил хэрэгтээ орохыг яаравчилж гэрээгээ энэ сард багтаан үзэглэхийг хүсч байв. Мөн нарны эрчим хүчээр байгуулах цахилгаан станц барьж өгөх, мэргэжилтнүүдийг сургаж өгье гэх зэрэг шүүрч аваад хэрэгжүүлж болох олон санал гаргасан. Нэмж дуулгахад, Говь-Алтай, Баянхонгор аймгийн дунд орших “Наран. сувст” гэдэг нэртэй хилийн боомтыг нээх санал гаргасан. Зөвхөн энэ боомтоор л гэхэд зургаан сая юанийн худалдааны эргэлттэй байсан гэнэ. Жил ажиллуулаад байгаль орчноо хамгаалах шаардлагатай гэсэн шалтгаанаар Монголын тал хилийн боомтыг хаажээ. Тиймээс дээрх шийдвэрээ эргэж харахыгхүссэн. Хилийн боомтын ажиллагаа тогтвортой байвал иргэд хоорондын зорчих, урсгал нэмэгдэнэ гэдэг байр суурь илэрхийлж байлаа.

Хөрөнгө оруулагч байхгүй болсон, хөрөнгө оруулагчгүй учраас валютын нөөц багасч, ханш нэмэгдэж байгаа талаар хаа сайгүй ярьж байгаа. Гэтэл технологиороо дэлхийд дээгүүр орох, хөрөнгө мөнгө нь хахаж цацсан компаниуд хажууханд маань бэлэн байна. Хаа холоос хөрөнгө оруулагч хайж, дараа нь мадлуулж маллуулж байхын оронд хаяандаа байгаа хөршөөсөө хайж болдоггүй юм байх даа гэж бодогдож байсныг нуух юун.

Монголын “Энхтайван найрамдлын байгууллага”-ын ерөнхийлөгч Д.Загджаваас энэхүү арга хэмжээний үр дүнгийн талаар тодрууллаа. Тэрээр “Хөшгийн хөндийг Улаанбаатартай холбох хурдны замыг концессийн гэрээгээр барих компанийг эрх бүхий хүмүүстэй холбож гэрээ байгуулахаар боллоо. Үүнээс гадна маш олон ажил хэрэгч бүтээлч санал гарсан. Монгол Улсад шаардлагатай, ард түмэн үр ашгийг нь шууд хүртэхүйц хэрэгжүүлэх ажил бол үйлдвэржилт байгаа. Хятадын тал жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, үйлдвэрийн салбарыг дэмжсэн үйл ажиллагааг өөрийн орны аж, ахуйн нэгж байгууллагуудыг нэгтгэн зохион байгуулах замаар хөрөнгө төвлөрүүлж хэрэгжүүлэх санал гаргалаа. Ингэснээр ажлын байр, нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн гээд үр ашгийг нь ард түмэн шууд хүртэнэ. Ер нь айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг гэдэг. Бид хажуудаа байгаа хөрштэйгөө сайн харилцаатай байж хамтдаа хөгжинө. Ганцаараа удаан явахгүй. Монгол Улс том хоёр хөрштэй, тэд нь агуу баян улс. Монгол Улс өөрөө ч баян орон. Цөөн хүн амтай, байгалийн баялаг, эдийн засгийн нөөц ихтэй. Онгон байгаль, нүүдлийн мал аж ахуй гээд давуу тал их байна. Тиймээс зөв хөдөлж, оновчтой нүүдэл хийвэл улсаа богино хугацаанд хөгжүүлэх боломж бий. Хоёр хөрштэйгөө хамтын ажиллагаагаа жигд төвшинд өргөжүүлэн хөгжүүлэх нь хөгжлийн гарц гэж би ойлгодог” гэсэн юм.

 

 

М.АЛТАНЦЭЦЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Нэр: Зориг Огноо: 6 June 2015

Эсгий хийхэд нохой хэрэггүй гэгчээр энэ албан тушаалын гаж донтон Загджав бас энд юу ч билээдээ, чаддаг юм бол найрамдал энээ тэрээ гээд донгосч явбал бараа, хөрөнгө мөнгөтэй холбоотой болохоор л ялаа шиг наалдаад байна шүү дээ, түүнээс богоомжилогтун

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.