МАН-ынхан эцсийн сумаа тавилаа

Монгол Улсад ардчилсан нийгэм бий болоод 20 гаруй жилийг үдэж, монголчууд зургаа дахь удаагийн ардчилсан сонгуулиа өгөх гэж буй. Харин улс төрийн хүчнүүд өнгөрсөн хугацаанд хэрэгжиж байсан сонгуулийн хуулийг ардчилсан улс оронд нийцэхгүй гэж онол болон практикийн үүднээс дүгнээд ирэх сонгуулийг шинэ тогтолцоогоор явуулах нь зөв гэж үзсэн. Ард түмнийхээ оролцоотойгоор шүү дээ. Тийм учраас төрийн эрх хамтран барьж байгаа АН, МАН-ынхан эх орон, ард түмнийхээ өмнөөс тохиролцоонд хүрч сонгуулийн хуулийг батлах гэсэн боловч тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо.

Учир нь хоёр нам өөр өөрсдийнхөө байр суурийг хадгалаад гацаачихав. Уг нь анх зөв тохиролцсон гэдгийг ажиглагчид болон нийт ард түмэн хэлж байгаа. Ардчилсан улс оронд намын бодлогоо сонсч, парламентаа бүрдүүлдэг, парламентаа сонсч, Засгийн газар нь үйл ажиллагаагаа явуулдаг хууль бий ч манай улсад энэ байдал хэрэгжихгүй байгаа нь учир мэдэх хүмүүсийг ихэд бухимдуулах болов.
Яахав, нэгэнт ардчилсан нийгмийг Монгол Улсад бүтээсэн АН-ынхан Сонгуулийн хуулийг өөрчилж, пропорциональ давамгайлсан систем рүү шилжүүлье, харин сонгуулийн хуудсан дээр намын нэрийг дугуйлна гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Харин МАН-ынхан мажоритар давамгайлсан системийг сонгож, намаас дэвшүүлсэн хүний нэрийг дугуйлна гэдэг дээр байр сууриа илэрхийлсэн. Эндээс харахад, ардчилал хөгжөөд 20 гаруй жилийг үдсэн улсад маань өнөө хүртэл хуучин нийгмийн үлдэгдлүүд байна гэдгийг харуулж байгаа хэрэг.

МАН-ынхан ардчилсан улсынхаа хуулийг зөрчиж, ард түмнээс сонгогдсон саналыг дагах биш хэн нэгнийг мухраар шүтэх үзлийг дэвшүүлж байгаа юм. Ерөөсөө л ардчилсан улс орны боддогыг хойш чангааж, улс төрийн хариуцлагаас зугтааж байна гэсэн үг. Шуудхан хэлэхэд МАН-ынхан намыг биш хүнийг сонго гэсэн нь нэг хааныг сонго гэсэнтэй агаар нэгэн юм. Анхнаасаа ардчилсан сонгуульд өрсөлдөж орж ирчихээд өнөөдөр намыг биш хүнийг илүүд үзэх юм бол яах гэж парламентад суусан юм бэ гэдгийг л тэднээс асуумаар байна. Ингэж худлаа ардчилал ярьж, хуучин коммунист байдалд ард түмнээ хүлэх хэрэг юу байна вэ.

үндсэн хууль, нийтийн эрх ашгийг даган сонгуулийн хуулийг батлах гэхээр өөрсдөө сураггүй болчих гээд байгаа учраас ийнхүү ард түмнээ умартан муйхраар зүтгэж байна. Хамгийн эмгэнэлтэй нь хамтран ажиллаж, нийгэм, ард олондоо тохирсон хууль ярихаар эсэргүүцээд, эцэстээ үнэнд гүйцэгдэхдээ ард түмнээ мунхаруулахаар шийдэж байгааг тэвчих хэн байх вэ. Ардчилсан намын бүлэг зөв зөвшилцөлд хүрэхгүй учраас ард түмнийхээ төлөө завсарлага авчихлаа гэдгийг олон хүн ярьж байна. МАН-ынхан ард түмний дунд санал асуулга явуулна гэдэг “балай” санал гаргав. Тэд ард түмний тархийг нэг нэгээрээ мунхаруулах нь, худал үнэн ярьж биднийг бохирдуулах нь, өнөөх л эрх мэдэл албан тушаал, хуучин коммунист дэглэмээ байлгахын төлөө биднээс санал авах гэнэ. өнөөдөр ард түмэн ийм зүйлд хууртах нь өнгөрсөн. Яг үнэнийг хэлэхэд өнөөдөр ард түмэн пропорциональ, можаритор гэдгээ ч ухаагүй яваа нь үнэн шүү дээ.

Тэгэхээр энгийншүүлж тайлах юм бол намын нэр дугуйлна гэдэг тухайн намаас нэрээ дэвшүүлэгчийн бүгдийнх нь нэрс байж л байна. Та тэдний чадал чансааг харж байгаад тухайн намыг сонгох эсэхээ шийднэ гэсэн үг. Харин сонгуулийн хуудсан дээр хүний нэр дугуйлна гэдэг шуудхан л нэг хааныг Монгол Улсад өргөмжилж, биднийг хэмжээлшгүй их эрхээр захиран нухчина гэсэн үг шүү дээ.

Дэлхийн улс орон энэ мэт гацаанд орохоороо ард түмнээрээ шийдүүлж байсан түүх байдаг л байх. Хамгийн гол нь ард түмний дунд явуулсан санал асуулга үнэн зөв гарах эсэхэд хүн бүр эргэлзэж байгаа. Сонгуулийн санал луйварддаг энэ зэргийн санал асуулгыг эрх ашгийнхаа талд зохицуулчих нөхөд МАН-д олон бий. өөрөөр хэлбэл, таван удаагийн сонгууль хийж санал яаж будилуулдгийг мэдэх болсон нөхөд маш олон бий. Тийм ч учраас эцсийн аргаа ард түмэн гэж үзсэн нь доромжлол юм.

Ард түмний дунд санал асуулга явуулахад 10-аад тэрбум төгрөг шаардлагатай гэсэн. Энэ бол маш их мөнгийг салхинд хийсгээд, өөрсдөдөө ашигтай талд шийдүүлэх гэсэн арга ядсан ажил. МАН-ынхан арга ядахдаа сүүлчийн сумаа тавьж, өөрсдөө энэ их мөнгөнөөс хүртэх гэж буй нь энэ. өнөөдөр ард түмэн бид ийм түүхэн шийдвэрт тулж байгаа учраас эх орон ард түмнийхээ төлөө бодолцох цаг хэдийнээ болсон. Бид ард түмнээс сонгогдсон нэг хаантай байх уу, ард түнээсээ сонгогдсон нэг намтай байх уу гэсэн түүхэн шийдвэрийн өмнө зогсч байна. Нэг хүн бол нэг л хүн. Харин тэнд суугаа 76 хүн ч өөр шүү гэдгийг ухаарах цаг болжээ. Ард түмнээс сонгогдсон намын төлөөлөл гэдэг өөрөө ард түмэн л байна гэсэн үг. Харин ард түмнээс сонгогдсон хувь хүн гэдэг бол өөрийгөө шуудхан хаанаар өргөмжилнө гэсэн үг шүү дээ.

С.Ууганбаяр


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих