Монгол бөх шинэ залуу үеэр түүхээ зузааллаа

Монгол түмэн дэнж хотойтол дэлгэр их наадлаа. Дөрвөн их тэгш ой давхацсан энэ жилийн наадамд 1024 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Монголросцветмет” нэгдэл, Уурхайчин клубын бөх 2010 онд улсын харцага цол хүртэж байсан С.Мөнхбат өвдөг шороодолгүй цойлсоор аварга боллоо. Мөн энэ жилийн наадмаас хоёр гарьд, хоёр заан, дөрвөн харцага, 13 начин төрж, уул ус, нутаг усныхнаа баярлууллаа. Харин Монгол Улсын 47 дахь аварга болж, түүхээ бичүүлж буй С.Мөнхбат аваргын хувьд увсчуудын 30 жилийн турш хүлээсэн аварга нь болж байна. Түүний хувьд даваа бүр хариуцлагтай байж, шийдвэрлэх мөч болох есийн даваанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын начин Г.Эрхэмбаяртай хүчийг үзсэнээс хурд хүч, уран мэхээрээ илүүрхэн аварга болсон юм.

Энэ жилийн наадмын хувьд Монгол бөхийн түүх шинэ залуу үеэр хүч сэлбэж байгааг илтгэн харуулснаараа онцлог болов. Нөгөөтэйгүүр, олон жилийн турш наадамчдын тааварт дээгүүр бичигдэж байсан залуу бөхчүүд ч олон түмнийхээ итгэлийг хүлээж урамтай сайхан барилдлаа. Тэдний нэг нь цэргийн хурц арслан Ч.Санжаадамба байлаа. Тэрбээр хэдийгээр наймын даваанд аварга цол хүртсэн С.Мөнхбатад өвдөг шороодсон ч гэлээ энэ хүртэл урамтай сайхан барилдаан үзүүлж наадамчин олноо баясгасан билээ.

Мөн наймын даваанд Говь-Алтай аймгийн харьяат Монгол Улсын залуу начин Ж.Бат-Эрдэнэ даян аварга Г.Өсөхбаярыг давж, наадамчин олныг шуугиуллаа. Арал чацтай, олон удаагийн улсын их баяр наадамд шөвгийн дөрөвт үлдэж байсан даян аваргыг улсын залуу начин өвдөг шороодуулна чинээ бөхийн хорхойтнууд олон хоногийн турш наадам хүлээн хоног тоолохдоо тааварлаагүй биз ээ.

Үүний дараа хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрвөн бөх тунан үлдсэн юм. Улсын заан М.Баяржавхлан, улсын харцага С.Мөнхбат, улсын начин Ж.Бат-Эрдэнэ, улсын начин Г.Эрхэмбаяр нар тунаж үлдсэнээр шинэ гарьд цолтон, шинэ арслан, шинэ аварга төрөх нь тодорхой болов. Шийдвэрлэх мөч болох есийн даваанд улсын заан М.Баяржавхлан улсын начин Г.Эрхэмбаярыг амлаж авснаар улсын харцага С.Мөнхбат, улсын начин Ж.Бат-Эрдэнэ нар тунан үлдэж барилдав. Улсын заан М.Баяржавхлангийн хувьд эр бяр хурд хүч нь жигдэрсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын начин Г.Эрхэмбаярыг дийлсэнгүй, өвдөг шороодлоо. Араас нь Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Монголросцветмет” нэгдэл, Уурхайчин клубын бөх С.Мөнхбат улсын начин Ж.Бат-Эрдэнээр ес давж,  улсын арслан цолны болзол хангаж, төрийнхөө их баяр наадмын тэргүүн байрын төлөө хүч үзэн, аваргалсан билээ. Дараа жилийн наадам болтол энэ жилийн наадмын хүчит бөхийн барилдааныг наадамчин олон шимтэн ярих нь дамжиггүй ээ.

Г.Дарь

URL:

Сэтгэгдэл бичих