АН-ынхан даргатайгаа ойлголцож чадсангүй

156“АН засгийн эрх барих үед фракцууд нь төрийн зовлон, бусад үед нь намынх нь зовлон болдог” гэж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлсэн байдаг. Энэ ямар үнэн үг вэ гэдгийг өнгөрсөн хугацаанд харлаа. Одоо ч харах бололтой. Учир нь, АН-ынхан бүлгийн дарга болон Байнгын хороодын дарга нарын асуудал нь дээрх үгийг баталгаажуулж байна. АН-ын бүлэг даргаа сонголгүй 14 хонож байна. Энэ хооронд АН-ын бүлгээс албан ёсны нэг ч шийдвэр гарсангүй, хэвлэл мэдээллийнхэнд нэг ч удаа албан ёсоор мэдээлэл хийсэнгүй. Тус намын бүлэг өчигдрийн хуралдаанаараа энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх ёстой байжээ.

Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд намынхантайгаа урьдчилан ярилцахгүйгээр энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд Байнгын хороодын дарга нарыг сонгох асуудлыг оруулж ирснээс болж бүлгийн хурал төлөвлөгөөний дагуу яваагүй байна. Бүлгийн гишүүд нь “Байнгын хорооны хуваарилалт, дарга нарынх нь сонголтыг эхлээд ярьж тохирсныхоо дараа хэлэлцэх ёстой” гэсэн байна. Мөн “Эхлээд бүлгийн даргаа сонгочихоод дараа нь Байнгын хорооны дарга нараа сонгосон нь дээр. Зарчмын хувьд эхлээд бүлэг албан ёсны даргатай болчихоод шийдвэрээ гаргах нь зөв” гэжээ. 10 гаруй гишүүн эхлээд бүлгийн даргаа сонгох нь зөв гэсэн горимын санал гаргаж санал хураалт явуулах хүсэлтээ илэрхийлсэн боловч бүлгийн даргын үүрэг гүйцэтгэгч дэд дарга С.Одонтуяа гишүүн санал хураалт явуулаагүй байна. Үүнээс болоод зарим гишүүн “УИХ-ын дарга фракцынхаа хүнээр хурал удирдуулж байгаад өөрийнхөө шийдвэрийг гишүүдэд тулгах гэж байна” гэсэн хардлагатай байгаагаа нуугаагүй ажээ.

Эцэст нь намын дарга, Ерөнхий сайд нар фракцуудынхаа удирдлагуудтай уулзаж бүлгийн дарга болон Байнгын хороодын дарга нарын асуудлаар нэгдсэн байр суурьт хүрчихээд бүлгийн хурлаа үргэлжлүүлэх шийдвэр гаргасан байна. Шууд энэ шийдвэрийг гаргаад бүлгийн хурлаа завсарлуулахын оронд ямар ч үр дүнгүй хуралдаж хугацаа алдсан нь хурал даргалагчтай холбоотой гэх шүүмжпэлийг завсарлагааны үеэр зарим гишүүн илэрхийлжээ. Мөн бүлгийн даргаа сонгохдоо эрэгтэй хүнийг сонгох нь зөв гэсэн бодолтой гишүүд байгаа аж. Учир нь, С.Одонтуяа гишүүн өчигдөр хурал удирдахдаа хуучин бүлгийн дарга Д.Эрдэнэбат гишүүн шиг шийдэмгүй байж чадахгүй, сандарч тэвдээд гишүүдийнхээ аясыг дагах байдалтай байжээ. Тиймээс дараагийн даргаа сонгохдоо эрэгтэй хүнийг сонгохгүй бол энэ олон эрчүүд эмэгтэй хүний үгийг сайн сонсохгүй хэдэн талаас нь дээрэлхэх нь гэж үзсэн байна.

Улмаар 18.00 хүртэл завсарлахаар шийдсэн АН-ын бүлгийн хурал товлосон цагаасаа үргэлжилсэнгүй. Зарим гишүүд харъяа фракцад нь Байнгын хорооны даргын квот өгөхгүй бол 18.00 цагт бүлгийн хуралдаа ирэхгүй байх уриалсан тухай эх сурвалж хэлсэн. Бүлгийн хурлаа товлосон цагтаа үргэлжлүүлэлгүй цуцалсан нь нам дотроо тохиролцож чадаагүйг илэрхийлж байна.

Зөвхөн нам дотроо тохиролцохоос гадна засагт хамтарч байгаа намуудтайгаа тохиролцох нөхцөл байдал ч үүсэн бололтой. АН өөрөө дөрөв, МАН-д гурав, “Шударга ёс” эсвэлд нэг Байнгын хороо өгөх тохироог бүлгийн гишүүд нь хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч аль Байнгын хороог өөртөө үлдээж, алийг нь бусдад өгөх вэ гэдэг дээр зөрчилджээ. Урьдчилсан зөвшилцлөөр бол МАН Эдийн засаг, Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороог авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Харин үүнийг нь АН-ын бүлгийн гишүүд хүлээж авахаас татгалзжээ. Ингэхдээ “Сонгуулийн хууль болон улс төрийн шийдвэртэй холбоотой асуудлыг хэлэлцдэг учраас Төрийн байгуулалтын байнгын хороог өгч болохгүй. Эдийн засгийн байнгын хороог ч өгч болохгүй. Ерөнхий сайд томилогдсон даруйдаа “Нэгдүгээрт, эдийн засаг, хоёр, гуравдугаарт ч эдийн засаг чухал байх болно” гэж хэлсэн. Энэ үүднээсээ бодсон ч Эдийн засгийн байнгын хороог өөрсдөө авах хэрэгтэй. Нам дотроо Байнгын хороогоо хуваарилахдаа ч гэсэн фракцын зарчмаа хадгалах ёстой. 2012 оны сонгуулийн дараа аль фракц нь ямар квоттой байсан. Яг тэр хэвээрээ 2016 он хүргэх ёстой. Хэдийгээр бусад намтай хамтарч байгаа ч гэсэн дотоод зарчмаа хадгалах нь зөв” гэжээ.

 
С.Шийлэг /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих