Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн иргэдийн халаасанд гараа лавхан дүрж, эдийн засгаа сэргээх санаархал

5656Шийдлийн засгийн газраа ч байгуулчихлаа. Гэхдээ л суудлаа нэг л олж өгөхгүй дороо эргэсээр байгаа засгийн газрынхан болоод засгийн тэргүүний маань бөндгөрт юухан хээхэн багтдаг болоод удлаа.

Эдийн засгийн хямрал нүүрлэсэн хэмээн өнөөдөр хүн бүхэн хэлж ярьсаар… Гэтэл энэхүү хямралыг даван туулахад оюун ухаан, ур чадвараа харуул хэмээн итгэл хүлээлгэсэн эрхэм төрийн түшээдийн маань байж байгаа, хийж, ярьж байгаа үйлдэл нь нэг л увайгүй, ёс суртахуунаа нэгэнтээ алдсан ажээ.

Дуу алдан халагламаар… Монголын ард түмний хүүхдүүд ийм ахархан ухаантай болчихсон юм уу гээд зарим нэгэн нь сэтгэлээ эмзэглүүлсээр байгааг нуух юун. Төрийн гурван өндөрлөгийн нэг ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр ямар их хүлээлт үүссэн нийгэмд хямралыг арилгах итгэл зорилготойгоор энэ суудалд заларснаа нэг л ойлгоогүй нэг ёсондоо толгойных нь эргүү гарч амжаагүй байх шиг. Эсвэл бүр сэрүүн зүүдлээд л яваад байгаа бололтой. Ингэж хэлэхийн учир анх энэхүү суудалд өөрийгөө Ерөнхий сайд болчих л юм бол бараг эдийн засаг сайжирчих юм шиг ярьж “нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг” гээд л ард түмнийхээ өмнө итгэл дүүрэн цээж түрэн ханхалзаж байсан. Энэ дүр зургийг Монголчууд мартаагүй байгаа. Мартах ч үгүй.

Тэгээд удалгүй энэ лоозон урианыхаа гаргалгааг хийснээ УИХ-ын чуулган дээр ч танилцуулсан. Ерөнхийдөө бол учир утгагүй олон халамжийн үйлчилгээг багасгах, танах аргаар эдийн засгийн хямралаас гарчих юм ярьсан. Гэтэл энэ танах, багасгах гэдэг зүйл нөгөө л иргэдийн халаасанд ордог хэд арван төгрөгтэй л холбогдож байхаас өнөө төрийн түшээнүүдийн маань халааснаас гарахгүй гэдгийг бас тооцсон болохоор түшээд нь ч нэгэн дуугаар баяр талархалтайгаар гар өргөчихнэ лээ. Ийм л дүр зураг төрийн ордонд Мянгуужингийн үлгэр ярьсан хэдэн нөхөдийн дунд болсоор байна.

УИХ-ын чуулганы индэр дээрээс ард иргэддээ хандан бас нэгэн чухал үг унагачих юм. Гэхдээ бүр нэг л их эртний түүх, эх оронч үзэл мүзэл гэж тархийг нь угаахаа яаж мартахав хэлж л байна лээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: “Азийн улс орнуудад ард иргэд нь эх орон нь эдийн засгийн хүнд хэцүү үед эх оронч хөдөлгөөн өрнүүлж, хувь хүмүүс өөрсдийн алт мөнгөн үнэт эдлэлээ хуримтлуулах, хандивлах хөдөлгөөн өрнүүлж байсныг бид олонтоо харж сонсож байсан. Манай ард түмэн ч дайн тулаантай хүнд хэцүү он жилүүдэд сэтгэлийн дуудлагаараа ийм хөдөлгөөн өрнүүлж байсан гэгээн түүх ч бидэнд бий…” хэмээсэн ингэхдээ бас Солонгосын түүхэнд ард түмэн нь эдийн засгийн хүнд бэрх үед алт мөнгөн эдлэлээ төрдөө тушаасан гээд яриандаа хавчуулахаа мартсангүй.

Гэтэл манайхан тодруулбал төрд гарсан төрийн түшээд маань яаж илүү идэж баяжиж хөлжих үү л гэсэн бодлоор тархиа тэжээж байгаа болохоор иргэдийн итгэл нэгэнтээ нуран уначихсан. Ардчилал хэмээх үгээр “Хэл амаа үдүүлсэн мэт гар хөлөө хүлүүлчихсэн мэт” амьдарсаар Монголын ард иргэд 25 жилийн нүүрийг үзэж байна. Гэнэн гэнэн гэхэд одоо ч бас ухамсар сууж хэн ямар нөхөр вэ гэдгээ ойлгодог болчихсон гэдгийг тэд харах нүд, мэдрэх сэтгэл байхгүй байгаагаа бас л энүүгээрээ харуулчихав.

Хамгийн гол нь Ерөнхий сайдаа Монголын төр Солонгосын төр биш. Тэдний түүхэн замналыг дагаж улс төрийн аргаас суралцах гээд байгаа бол эхлээд тэдний төр, төрийн түшээ хүний ёс суртахуун, хариуцлагатай улстөрийн соёлыг нь даган дуурайж төрдөө буулгах хэрэгтэй. Ингэсэн цагт л ард иргэд өөрийнхөө босгосон төр засагт итгэж найдаж таний өнөө яриад байгаа алт эрдэнэсээ бариад гүйх байх.

Сүүлд нь хэлэхэд өнөөдөр “мэддэг ч мэддэггүй мэт, харсан ч хараагүй мэт өнгөрдөг” цаг хугацааны эргүүлэг нэгэнтээ зогсож байгаа гэдгийг санахад илүүдэхгүй болов уу.

 

 

ЧОЙ

 


URL:

Нэр: Зочин Огноо: 25 December 2014

Тэр ээмэг, бөгжөө өгсөн улс орны иргэд чинь өгөхөөс яахав, манайх шиг хэдхэн тооны хувалзууд улсынхаа сан хөмрөгийг хоосолчихсон биш. Улсдаа ээмэг, бөгжөө өгөхөөс аргагүй байдалд байсан биз. Бид нар юу гэж өгөх юм. Бид нар хоосолчихсон биш.

Нэр: зочин Огноо: 26 December 2014

өөрсдийнхөө хувааж авсан мөнгөө буцаагаад өгвөл болло шүү дэ ,ард түмэн юу авсан юм хөдөлмөрөөрө өөрсдийгөө тэжээж явж байна

Сэтгэгдэл бичих