ЦЕГ-аас эцэг эхчүүдэд анхааруулж байна

48556Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Монголын сурагчдын холбоо, “School Police” төв хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр Насан хүрээгүй хүмүүст архи согтууруулах ундаа борлуулах, төрөл бүрийн шоу цэнгээн зохион байгуулж байгаатай холбогдуулан мэдээлэл хийсэн юм.

“I LOFT” бааранд өсвөр насны хүүхдүүд буюу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулан “single party”, “Kiss me party” зэргийг зохион байгуулж, насанд хүрээгүй хүүхдийн эрхийг зөрчиж, тэднийг буруу зүйлд уруу татсан тухай мэдээлэл цацагдсан.

Тэгвэл хүүхдүүдийн эрхийг зөрчиж, хохироосон энэхүү хууль бус үйлдлийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар ханджээ. Энэ үйлдлийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх хэлтэс, Баянгол , Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Хүүхэд, залуучуудыг фэйсбүүк хуудас болон интернэт орчноор цацагдсан зарын дагуу албан бус үдэшлэг, үйл ажиллагаанд очихгүй байх, янз бүрийн тасалбар билет худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Мөн оройн 18:00-22:00 цаг хүртэл зохиогдож буй аливаа үйл ажиллагаанд хүүхдүүдээ оролцуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлж байгаа юм. Түүнчлэн насанд хүрээгүй иргэдэд зориулсан үйл ажиллагааг 12:00-17:00 цагийн хооронд зохион байгуулах ёстой гэдгийг мэдээллээ.

Улмаар энэхүү арга хэмжээг таслан зогсоох, цаад эздийг олж тогтоох илрүүлэх чиглэлээр Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас аж ахуй нэгж, сургууль болон эцэг эх олон нийтэд хандан гаргасан уриалгыг хүргэж байна.

1.    Аж ахуй нэгж байгууллагууд:

  • Насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх
  • Хүүхдүүдийн хэсэг бүлгээрээ зохион байгуулж буй арга хэмжээг насанд хүрэгчдийн хараа хяналттай хийгдэж буй эсэхэд хяналт тавих
  • Хараа хяналтгүй, гуйлга гуйх, хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн талаарх мэдээллийг 102, 108, 107 утсуудад мэдэгдэх
  • Зам хөндлөн гарч буй хүүхдүүдэд туслан зам гаргаж өгөх тухай ажилтнуудаа идэвхжүүлэх
  • Шинэ жилийн баярыг тохиолдуулан гэр бүлээрээ үйлчлүүлэхэд зориулсан гэр бүлийн меню гарган сурталчилж, хүүхдийн насны онцлог, эрүүл мэндэд тохирсон хоол ундаагаар үйлчлэх
  • Ажилтнаа гэр бүлтэйхэнтэй нь баярлуулах, хөгжпийн болон чөлөөт цагийн ажлуудыг төлөвлөх, хэрэгжүүлэх

2.    Сургуулиудад:

  • Сурагчдын хичээлийн амралт эхэлж буйтай холбогдуулан эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдийг хараа хяналттай байлгах талаар сургалт, хурал, зөвлөгөөн зохион байгуулах
  • Анги хамт олон, сургуулийн шинэ жилийн арга хэмжээг эцэг эхээс мөнгө татахгүй, хүүхдийн оролцоотой, энгийн байлгах тал дээр анхаарал хандуулах /санхүүгийн хүндрэлээс үүдэн хүүхэд эвгүй байдалд орох, гэр бүлд үл ойлголцол үүсэх, энэ нь даамжран гэр бүл хүүхдийн эсрэг хүчирхийлэл үүсэх нөхцөл шалтгаан болдог тохиолдол олон байна/
  • Сургуулийн нөхцөл боломжид тулгуурлан сурагчдын амралтын өдрүүдээр дугуйлан, секц, уралдаан, тэмцээнүүдийг зохион байгуулах
  • Хүүхдүүдэд амралтын үеэрээ гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаарх зөвлөгөөг, анхааруулга, санамж өгөх

3.    Эцэг эх, иргэд олон нийтэд:

  • Хүүхдээ хараа хяналттай байлган, хаана, хэнтэй юу хийж яваа талаар харилцан мэдээлэлтэй байх
  • Оройн цагаар аль болох гадуур гаргахгүй байхад анхаарах
  • Зориулалт, шалтгааныг нь тодруулалгуйгээр бэлэн мөнгө хүүхэддээ өгөхгүй байх
  • Хараа хяналтгүй, гуйлга гуйх, хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн талаарх мэдээллийг 102,108,107 утсаар мэдээлэх
  • Гэр бүлдээ цаг зав гарган баяраа гэр бүлтэйгээ тэмдэглэн өнгөрүүлэх
  • ХҮҮХДИЙН ДЭРГЭД, гэртээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
  • Асуудлыг хүчирхийллийн бус эерэг аргаар шийдвэрлэхийг та бүхэндээ УРИАЛЖ байна.

Б.Золбоо /Uls.mn/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.