МҮОНРТ “УИХ-ын үйл ажиллагааг дамжуулахгүй” гэдэг нь ташаа мэдээлэл хэмээн мэдэгдлээ

8f5ecbb815fd9925c06bc2658b1d9644_x3-142114-44806352

Он гарах сүүлийн мөчид МҮОНРТ олны анхаарлын төвд байна. Учир нь УИХ-ын дарга З.Энхболд тус телевизийн удирдлагыг хатуухан шүүмжилсэн юм. Тэрээр МҮОНРТ гэж ерөнхийлөн гарчигласан шүүмжлэл нь үнэн хэрэгтээ уран бүтээлчид биш, удирдлага руу чиглэсэн юм хэмээн залруулга хийсэн байдаг.

Гэвч З.Энхболд даргад уурлаж, гомдсон МҮОНРТ-ийнхэн УИХ-ын үйл ажиллагааг цаашид дамжуулахгүй гэсэн үндэслэлгүй мэдээлэл гарчээ. Иймд МҮОНРТ-ийн ММ агентлагийн захирал С.Батзаяа www.mnb сайтаар дамжуулан мэдэгдэл хийсэн байна. Тэрээр,

“МҮОНРТ бол олон нийтийн статустай цор ганц хэвлэл мэдээллийн байгууллага. Олон нийт төрийн мэдээллийг олж авах эрхтэй. Бид хуулиараа төрийн эрх барих дээд байгууллагад гарч байгаа шийдвэрүүдийг дамжуулах үүрэгтэй. Хуулиар баталгаажсан энэ үүргийг бид ямар ч үед, ямар ч тохиолдолд зөрчих эрх байхгүй. Тэр дундаа иймэрхүү жижиг асуудлаас болж гарсан үл ойлголцлоос шалтгаалж ийм шийдвэр гаргахгүй. Энд ажиллаж байгаа олон уран бүтээлч, сэтгүүлч, удирдлагууд хууль болоод үүргээ мэддэг хүмүүс. Тиймээс олон нийтэд хандаж “Худлаа мэдээлэлд битгий итгэ. Сэтгүүлч нөхөд ийм худлаа мэдээллийг битгий нийтэл” гэмээр байна. Бид цаашдаа УИХ-ын үйл явц, УИХ-аас гарч байгаа шийдвэрийг олон нийтэд мэдээлсээр байх болно. Энэ газарт ажиллаж байгаа хэн ч, хэнийг ч “УИХ-ын даргын талаарх мэдээллийг гаргахгүй бай” гэсэн ухвар мөчид шийдвэрийг гаргахгүй, тэгэх ч боломж байхгүй” гэсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих