Сонгуулийн томоохон сурталчилгаа буюу 10 аймгийн ой

Энэ жил олон тэгш ойн баяр дав гадна нийт 10 аймгийн ойн баяр тохиож байгаагаараа бас онцлог юм. Улсын баяраар тохиох олон тэгш ойд зориулж төсвөөс 1.3 тэрбум төгрөг гаргасан. Энэ нь урьд өмнөх наадмын төсвөөс 500 сая төгрөгөөр илүү. Харин зарим аймгуудын ой сонгуулийн өмнөх жил болж байгаагаараа онцлог бөгөөд аймаг аймгаас сонгогдсон гишүүд, болон нэрээ дэвшүүлэхээр санаархагчид бэлээ гайхуулах гэнэ. Танигдаагүй нэг нь нутгийн олонд танигдах гэж хөрөнгө хаяхаас эхлээд таньдаг нэг нь тэднийхээ дор орохгүйг хичээсэн баян тарган наадмууд шил даран болох нь. Энэ нь УИХ-ын гишүүд болон шинээр нэрээ дэвшүүлэх хүмүүст ёстой л том завшаан болж буй.
Зарим аймагт өгөх бөх морины бай шагнал олон тэгш ойд зориулсан улсын төсвөөс ч илүү аж. Дундговь аймгийн 70 жилийн ойн баяр наадмын зургаан насны түрүү, бөхийн түрүүнд “Ланд-200″ маркийн автомашин өгөх аж. Зөвхөн энэ байдлаас л харахад улсын баяр наадмын төсвөөс даваад явчих жишээтэй. “Мон уран”-ны Б.Наранхүү, “Эм Си Эс”-ийн Д.Оджаргал нар ийнхүү цээж сөхжээ. Мэдээж тус нутгаас сонгогдсон гишүүд ч бэлээ гайхуулах нь мэдээж. Тэгэхээр наадмын төсвийг хэд ч нугалах юм бүү мэд. Харин энэ жил 80 жилийнх нь ой тохиож байгаа өмнөговьчууд Дундговь “Ланд-200″ өгч байхад бид илүүг өгнө гээд бүр “Lexus” маркийн сүүлийн үеийн загварын машиныг сонгосон  гээд бод.
Өмнөговийн нүүрсийг хэдэн жил урагшаа зөөж байгаа “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ хамгийн том ивээн тэтгэгчээс эхлээд бай шагналд нэрээ хавчуулах гэсэн УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Ц.Баярсайхан нар бий. Монголын бүү хэл дэлхий нийтийн анхааралд байгаа Өмнөговийн баярыг ивээн тэтгэх хүмүүс хаа мундах вэ. Хоёр толгой гээд олон зүйлд санаархаж буй харийнхан ч Монголд байхгүй шагнал өгч ч магадгүй. Ёгтолж хэлэхэд, өдийд хамгийн ойроороо хятадууд танай наадмыг ивээн тэтгэе гээд санал тавьчихсан байхыг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр өөрсдийгөө сурталчилж, гайхуулах алтан боломжоо арай ч хятадууд алдчихгүй байлгүй дээ.
Хамгийн наад зах нь гэхэд л Говьсүмбэр аймгийн 20 жилийн ойн баярын түрүү моринд “УАЗ-469″ машин амлаад байгаа аж. Гэхдээ дээд гурван насны моринд гэсэн. Үүнийг болон бусад бай шагналыг “Шивээ-Овоо” компанийн захирал, АН-аас өнгөрсөн сонгуульд нэр дэвшээд унасан И.Нарантуяа, УИХ-ын гишүүн асан Л.Одончимэдийн хүү О.Одбаяр, “Сод Монгол”-ын Ц.Анандбазар гээд тус тойргоос нэрээ дэвшүүлэх гэсэн нөхөд наадмыг ивээн тэтгэх аж. Мөн эднээс юугаараа дутахав, УИХ-д суугаа хоёр “Суурь ч” зүгээр суухгүй нь мэдээж. Гэхдээ УИХ-ын хоёр гишүүний хувьд Дорноговь аймгийн 80 жилийн ой тохиож байгаа учраас тийшээ анхаарал хандуулах нь илүү байгаа аж. О.Одбаяр гэхэд л баяр наадмаар болох “Боржигин түмний дуулал” концертын хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдсэн, Ц.Анандбазар азарганы түрүү бай болох “УАЗ-469″ машиныг гаргах, И.Нарантуяа гэхэд л наадмын талбайн тохижилтыг өөрийн хөрөнгөөр засах гээд тэд өөрсдийн зүгээс тусалж байгаа аж.
Харин Дорноговь аймгийн 80 жилийн ойн баяр наадмын түрүү моринд жийп автомашин өгөх аж. Говьсүмбэрийн ойд төдийлөн хөрөнгө хаяагүй хоёр Батсуурийн хувьд энэ ойд ихээхэн анхаарал хандуулж байгаа ажээ. Тэд Дорноговиос төрөн гарсан “Дорнын говь”-ийн захирал Б.Дэлгэрсайханаар дамжуулан баяр наадмын мөнгө босгож байгаа аж. Энэ мэт ойн баярын тухай дурьдавч баршгүй. Юутай ч энэ жил хамгийн жижиг Говьсүмбэрээс эхлээд нийт 10 аймаг ойгоо тэмдэглэж, улстөрчид болон улс төрд санаархагчдад бэл бэнчингээ гайхуулж, танигдах чухал жил боллоо. Сонгуулийн өмнө ийм олон аймгийн ой тохиож байгаа нь тэдний хувьд том завшаан шүү. Тэдний хувьд сонгуулийн өмнө өөрсдийгөө таниулж, таниулсан нэг нь бэлээ гайхуулах ганц алтан боломж нь энэ л боллоо.
С.Баяр монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.