С.Ганбаатарыг үгүйлсэн Үйлдвэрчний эвлэл

  6+95898 Монголын үйлдвэрчний эвлэл гэх олон жилийн намтар түүхтэй байгууллага эдийн засгийн энэ чөлөөт нийгэмд улам бүр үнэ цэнэтэй болсоор байна. Тэр тусмаа улстөрийн олигархи бүлэг нэгэнтээ бий болчихсон манай улсад туйлын хэрэгтэй байгууллага бол яах аргагүй Үйлдвэрчний эвлэл мөн. Тиймдээ ч зах зээлийн энэ ороо бусгаа нийгэмд иргэд алба хаагчдын эрх ашгийг хамгаалах хамгийн ойрын түнш, төр ард түмэн хоёрын дундах гүүр байсаар ирсэн билээ.

Нийгмийн хаана ямар өргөс байна, хаана юу дутаж гачиж байгааг зохицуулах замаар цаг үетэй уялдсан бодлоготой явж ирсэн байгууллага маань сүүлийн хоёр жил лав таг суулаа. Сүүлийн хоёр жилд цалин тэтгэвэр нэмсэнгүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 25-50 хувиар өсч, ам.долларын ханш чангарч, төгрөгийн худалдан авах чадвар буурсан гээд олон сөрөг зүйлийг дурдаж болно. Энэ бүгдийг зохицуулах эрх нь Монголын үйлдвэрчний эвлэлд үгүй боловч энэ зүгт анхаарал хандуулах эрх нь бий. Тэр ч бүү хэл энэ бүхнийг зохицуулж, анхаарал хандуулж, иргэдийн дуу хоолой болж байх зорилготой байгууллага.

Гэтэл энэ бүх сөрөг үйл явдлууд дүүрэн өрнөж байхад МҮЭ ямар ч дуу гаргасангүй. Юун цалин төгрөг нэмэх, тэтгэвэр халамжийн зүгт дуу хоолой болох вэ. Ерөөсөө байгаа үгүй нь мэдэгдэхгүй алга боллоо. Өдгөө МҮЭ-ийг толгойлж байгаа Х.Амгаланбаатар чухам юу хийж байгааг ойлгох юм алга. Уг нь өмнөх ерөнхийлөгч С.Ганбаатар бол МҮЭ гэж айл байдгийг нийгэм сайтар ойлгуулаад зогсохгүй нийгмийн олон талд эерэг нөлөөлөл үзүүлж чадсан. Тийм ч утгаараа сонгогч олон түүнд итгэл хүлээлгэн УИХ-д суулгасан байж таарна. С.Ганбаатарын үед жилд 2-3 удаа цалин тэтгэвэр нэмж байсан тохиолдол ч бий. Цаад агуулгаар нь авч үзвэл С.Ганбаатар МҮЭ-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа энэ улстөрийн олигархи бүлэглэлд лав худалдагдаагүй гэдгийг эндээс харж болно. Өчүүхэн төдий ч автаагүй гэхэд болно. Тэдний өөдөөс тэмцэж чаддаг байв.

Яахав, хувь хүний зүгээс улстөрийн алсын замаа бодолцсон ажиллагаа, сонголтууд явуулж байсныг үгүйсгэх аргагүй. Хэт их улстөржилт, хувь хүний улстөрийн пиарын үйл ажиллагаа байсныг ч үгүйсгэх хэрэггүй. Хамгийн гол нь тэр нийгэмд олон талын эерэг нөлөөлөл үзүүлж, тус дэм болсныг мартах аргагүй.

Харин өдгөөгийн ерөнхийлөгч хоёр жил ажиллахдаа нэг ч цалин тэтгэвэр нэмсэнгүй, тэдний өөрсдийнх нь шаардлагаар шүү. Тэр ч бүү хэл өнөөдөр төрөөс олгодог хүүхдийн хэдэн төгрөгийг хасах гэж байхад дорвитой ажил хийхгүй байна, иргэдийн дуу хоолой болж чадахгүй байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт гарчихсан, цалин тэтгэвэр шалан дээрээ  байгааг МҮЭ-ийн дарга маань анзаарахгүй яваад байгаа нь хэнд ч хар төрүүлнэ. Өдий хугацаа өнгөрч нийгмийн байдал сайнгүй байхад загас мэт дуугүй суугаа ерөнхийлөгчийг олон талаар хардаж болохоор.

Улстөрийн олигархи бүлэглэл амыг нь барьчихсан юм биш биз. Өчүүхэн төдий зүйлд автсан юм биш биз хэмээн хардахаас илүүтэй санаа зовох хүн ч цөөнгүй боллоо. Энд хэн нэгэн нөхрийг магтаж хэн нэгнийг нь муучлах гэсэнгүй. Ерөөсөө нийгмийн байдал ийм байхад дуугүй сууж байгаа ҮЭ байгаад л санаа зовж байна. С.Ганбаатарын үед тус байгууллага нь уул уурхайн чиглэлд хамгийн хүчтэй дуу хоолой байв. Өнөөдөр уул уурхай бол энэ айлын хувьд мартагдсан. Х.Амгаланбаатарыг С.Ганбаатар шиг гудамжинд жагсаж, байн байн хэвлэлийн хурал зарлаад бай гээгүй. Нийгэмд өрнөөд байгаа үйл явдлын бурууг нь ажиж, бусдад зөвийг нь ойлгуулаад тэр зүгт тэмц л гээд байгаа юм.

Урьд өмнө энэ айлын тэргүүлэгч гурван талт хэлэлцээрийг мөн ч олон удаа өрнүүлсэн санагдана. Энэ хэрээр ч нийгэмд үр дүнгээ өгч байсан. Мөн Ерөнхий сайдтай хүртэл удаа дараа уулзаж, энэ мэт болохгүй асуудлыг зөвшилцдөг байв. Өөрөөр хэлбэл МҮЭ хэмээх байгууллага төр ард түмний дундах бат бэх гүүр болж чадаж байлаа. Одоо харин энэ гүүр нуран унасан гээд хэлчихэд хэтийдсэн хэрэг болохгүй. Яах аргагүй өнөөдөр С.Ганбаатар шиг ерөнхийлөгч хэрэгтэй болчихоод байна. Шүүгчдийн цалин хэдэн саяар хэмжигдэж байхад бидний эрүүл энхийн төлөө нойроо хасан ажиллаж байгаа эмч ажилчдын цалин өнөөх л байдгаараа. Монголын ирээдүйн сурч боловсрох үйлсэд оюун санаагаа чилээн цаг наргүй ажиллаж байгаа багш нарын цалин ч өнөөх л хэвээрээ. Хамгийн наад зах нь яагаад ийм зүйлд анхаарал хандуулж болдоггүй юм бэ.

Энэ бүгдийг ийнхүү дурдаад эхлэхээр өнөөдөр эдийн засаг хямралтай, улс орны байдал хүнд байна, ийм байхад цалин тэтгэвэр нэмэх ямар ч арга алга. Боломжгүй зүйл. Дэмий донгосч байна гэх байх. Тэгвэл 2009 онд дэлхий нийтийг нөмөрсөн санхүүгийн хямрал манай улсад ч сүүдрээ тусгасан. Тодруулбал, өнөөдрийн эдийн засгийн хямралт байдлыг манай улс даваад гарч ирсэн. Энэ цаг үед ч цалин тэтгэврээ нэмээд зохицуулаад ирсэн гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Угаасаа бүх зүйлийг хямрал гээч рүү түлхээд байж болохгүй.

 

С.Ууганбаяр


URL:

Нэр: зочин Огноо: 6 January 2015

ганбаатарын захиалга уу

Нэр: Болд Огноо: 6 January 2015

Ер нь зөв хүнийг зөв газар нь тавина гэдэг чухал шүү. С.Ганбаатарыг ҮЭ-д нь, Магнайг ШӨХЭАХГ-т нь байлгаж баймаар санагддаг юм

Нэр: сэлэнгэ аймаг Огноо: 6 January 2015

багш нарын цалинг нэммээр байна. багш нар авч буй цалин хөлснийхөө 30-40% -ийг хичээлийн хэрэглэгдэхүүн, гарын авлага, бичиг хэрэг, нормын хувцас өөрөөс шаардагдах бага үнэтэй түргэн элэгдэх материалд зориулж байна. төсөвт тусгасан мөнгө бид нарт оногдохгүй байна өөө . Цалин намахгүй бол багш нар ажил хаяж Засгийн газрыг огцрохыг шаардаж байна

Сэтгэгдэл бичих