Д.Дондогийн араас хөшөөтийн уурхайтай холбоотой эрхмүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ

-Ээлжит бус чуулган гишүүдийг түгшээж байна-

УИХ-ын хаврын чуулганы хаалтын ёслолд хэлсэн спикер Д.Дэмбэрэлийн үг араасаа олон асуулт дагуулахын зэрэгцээ гишүүдийг багагүй түгшээж байна. Олон ой давхцсан төрийн их баяр наадмын өмнөхөн хаалтаа хийсэн хаврын чуулганы төгсгөлд тэрээр “Ээлжит бус чуулган зарлаж ч магадгүй шүү. Гишүүд томилолтоо зохицуулна биз” хэмээн нухацтай гэгч нь анхааруулсан юм.

Хойшлуулшгүй хэлэлцэх асуудал юу вэ?

Наад талаас харвал Тавантолгойн орд, Сонгуулийн хууль, тогтолцооны асуудлаарх хоёр намын тохиролцоонд хүрээгүй маргаанаас үүдэн УИХ ээлжит чуулган зарлаж мэднэ. Олон нийт энэ өнцгөөс харж байна. Гэсэн ч МАН-ын бүлийнхэн дотроо маргаанаа нэг мөр болгоогүй, сонгуулийн холимог тогтолцоо дотроо мажоритар илүү байх хувилбарыг зүтгүүлж байгаа.

Энэ байр, суурьнаасаа ч ухрахгүйгээр нэг мөр шийдчихсэн. Бүлгээр яриад асуудал шийдэгдэхгүй нь тодорхой болсон учир МАН-ынхан сүүлийн үед АН-ын зарим гишүүний тархийг угаах “Мастер төлөвлөгөө” боловсруулсан гэсэн мэдээлэл гарсан. АН-ын нэр бүхий гишүүдийн зүгээс бүлгүүд зөвшилцөж чадахгүй бол хуучин хувилбараараа сонгуульдсан ч яахав гэсэн яриа, хөөрөө дуулдах болсон нь дээрх мэдээллийг баталж байна гэж болох юм.

Хэлэлцэх асуудлын агуулга, эрэмбээс харахад мөн л асуулт гарч байна. Хэдийгээр Засгийн газар хөшигний цаана Тавантолгойн асуудлыг хэд хэдэн хувилбараар ярьж байгаа ч УИХ-д оруулж ирсэн үед л хэлэлцэнэ үү гэхээс түүний төлөө Д.Дэмбэрэл дарга сэтгэлээ чилээсэн нь юу л бол. Сонгуулийн хууль ч ялгаагүй. Хоёр намын бүлэг зөвшилцөж байж дараагийн асуудал ярих нь ойлгомжтой.

Гишүүдийн айдас-спикерийн анхааруулга

Спикер үгээ зөөж тавин ихээхэн нухацтай анхааруулсан нь учиртай хэмээн улс төрийн хүрээнийхэн жиг, жуг гэлцэж байгаа юм. Наадмын ширээний ар дахь халуун ярианы сэдэв үүнд чиглэсэн нь эхнээсээ хэвлэлийнхний чихэнд хүрээд амжчихсан. Наадмын өмнөхөн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэж байсан ч “УИХ-ын дэгийн тухай шинэчилсэн хуулиар боломжгүй” гэсэн хариултыг Улсын Ерөнхий прокурорт явуулсныг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр сэтгүүлчдэд өгсөн.

Гэхдээ л их хэмжээний газар, мөнгө төгрөгтэй холбоотой авлигын хэрэгт “УИХ-ын гишүүнийг хэргийн газарт саатуулж шалгаагүй бол хүчингүй” гэсэн утгатай тайлбар өгсөн нь инээдтэй бас эмгэнэлтэй юм. Хэдийгээр МАН-ынхан олонхоороо дулдуйдан Д.Дондогийн тухайд “Дондог” тайлбар хийж байгаа ч Улсын Ерөнхий прокурорын зүгээс асуудлыг лавшруулж УИХ-ын даргад дахин бичиг ирүүлэхээр зэхэж байгаа гэсэн мэдээлэл байна.

Д.Дондогийн араас хоёр хүний нэр дуулдаж байна

Түүний араас хэд хэдэн УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг хөндөхөөр хэргийн материал бүрдүүлсэн сураг нэлээн эртнээс дуулдсан. Авлига, хээл хахуулийн хэрэгт нэр дуулдаж буй гишүүд бүгд МАН-ынх гэсэн мэдээлэл нэг бус хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан. Д.Дондогийн араас нэр дуулдаж буй хоёр эрхмийн нэг нь УИХ-ын гишүүн, нөгөө нь банк, санхүүгийн салбарын томоохон албан тушаалтан бөгөөд Хөшөөтийн уурхайтай холбоотой асуудлаар эрхийг нь түдгэлзүүлэн шалгана гэсэн мэдээлэл байна. Энэ асуудлаар Д.Дэмбэрэл даргад асуудал танилцуулагдсан, эсвэл албан бичиг ирсэн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс эрхэм спикер гишүүддээ анхааруулга санамж өгсөн байж болох юм.

Ч.Үл-Олдох


URL:

Сэтгэгдэл бичих