Нийтийн тээврийн дампуурлыг нэгтгэл аварч чадах уу?

niitiin teewerМанай нийслэлд өнөөдрийн байдлаар 800 гаруй автобус иргэдэд үйлчилж байна. Олон улсад бол нэг сая гаруй хүнтэй хотод 2500 автобус үйлчилж байгаа цагт нийтийн тээврийг нь хэвийн ажиллаж байна гэж үздэг. Гэвч олон таагүй асуудал, хэл ам хойноосоо дагуулдаг 800-хан автобусандаа нийслэлчүүд бид багталцаж ядаж байна.  “Автобусны тоог 100-гаар нэмнэ” хэмээн өмнөх оны төсөвт 20 тэрбум төгрөг суулгасан байдаг. Гэтэл энэ мөнгөөр автобус авсангүй. Харин одоо  автобус баазуудын парк шинэчлэлийн ажилд зориулахаар нийслэлийн удирдлагууд ярилцаж байгаа. Тэгэхээр ирэх хэдэн жилдээ “эвдэрч унахаа дөхсөн” 800 автобусандаа л найдахаас өөр аргагүй болох нь. Гэхдээ тэдэнд найдах бас л хэцүү асуудал. Нийтийн тээвэрт тавигддаг энгийн хэдэн шаардлагын нэгийг  нь ч биелүүлж чаддаг бил үү. Дугаарын хязгаарлалт үйлчилдэг болсноор нийтийн тээврээр үйлчлүүлэх хүмүүсийн тоо нэмэгдсэн гэсэн судалгаа бий. Гэтэл үйлчлүүлэгчийн олонх нь энэ салбарт сэтгэл дундуур байдаг. Өглөө гараад автобусанд суухад тоос, шороо, хамар цоргино, өвлийн цагт шил  толь нь цантаад хаана яваа нь ч мэдэгдэхгүй. Хоёр жилийн өмнө автобус болгонд буудал зарлагч суурилуулж байсан ч тэр нь “Монголын хууль гурав хоног” гэдэгтэй адил хэсэг хугацааны дараа л замрхан алга болсон. Хэн нэгний бизнесийг хөхүүлэн дэмжээд л өнгөрсөн байдаг. Одоо нийслэлд  буудал зарлагчтай автобусыг тоол­бол тун цөөхөн.  Буудал зарладаггүй учраас иргэд хүссэн хүсээгүй кондуктороос хаана яваагаа асууна. Нэг асууна, хоёр асууна зарим нь  дуугарахгүй.  Гуравдахиа асуухад уурлаж уцаарласан төрхтэй кондукторын амнаас арай гэж нэг үг унагаж дөнгөнө. Ямар сайндаа л онигоо, жүжиг зэрэгт муухай ааштай, соёлгүй хүнийг кондуктороор илэрхийлдэг цаг болсон. Үүнийг инээдэм болгоод өнгөрөхөөс илүү асуудал болгон ярих л хэрэгтэй.  Энэ мэтчилэн нийтийн тээвэрт үйлчилж байгаа 800-хан автобусын маань  талаар таатай зүйл ярих нь хүн тун ховор. Жолооч нар нь бие биетэйгээ уралдана, шахалдана, дуу дохио хэрэглэнэ гээд л. Ядаж цэвэрхэн байдаг бол гэж халагдах хүн ч олон байна.

Мөн сүүлийн нэг жи­лийн хугацаанд автобустай холбоотой осол аваар олон гарлаа. Тэдгээр баримтуудаас дурдвал:

Баримт 1. 2014 оны тавдугаар сарын 16-ны өдөр Яармагийн гүүрний цаана буюу “Вива сити” хорооллын урд зам дээр Өлзийт хороолол чиг­лэлийн нийтийн тээврийн автобус шатсан.  Уг автобусны  дугуйнаас гэнэт гал авалцан шат­жээ. Ослын үед азаар хүн бэртэж гэмтээгүй байна.

Баримт 2. Мөн өнгөрсөн оны есдүгээр сард Эх нялхсаас Тасганы овоо руу эргэдэг уулзвар дээр бас нэгэн автобус шатлаа. Гал унтраах ангийн алба хаагчид цаг алдаагүй ирсэн учраас азаар хүний амь эрсэдсэнгүй.  Энэ нь мөн л техникийн шалтгаанаас болон гал гарсан тохиолдол байв.

Баримт 3. 2014 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Жуковын музейн автобусны буудлын ойролцоо том оврын автобусны жолооч явган зорчигчийг дайран амь насыг нь хохироосон хэрэг гарсан.  Энэ нь “Улаанхуаран-Мах импекс” чиглэлийн том оврын автобус байсан юм.

Энэ мэтчилэн 2014 онд нийтийн тээвэртэй холбоотой осол гарсан.  2013 онд нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар 125 удаагийн зам тээврийн осол гаргаж, хоёр хүний амь насыг хохироож, 46 хүнийг хүнд болон хөнгөн байдлаар гэмтээсэн байна. Харин 2014 онд энэ тоо өсөж, нийтийн тээвэртэй холбоотой 500 гаруй осол бүртгэгдэж,  300 хүн бэртэж гэмтсэн,  дөрвөн хүн амь насаа алдсан гэсэн албан бус тоо байна. Мөн Засгийн газрын 1111 төвд ирдэг гомдол саналын 30 орчим хувийг нийтийн тээвэртэй холбоотой гомдол санал эзэлдэг.  Тэгэхээр энэ салбарыг яах аргагүй өөрчлөх цаг нь болсон харагдана.

Нийтийн тээвэр гэдэг аливаа улс орны хамгийн чухал үйлчилгээний хэсэг нь  атал нийслэлийн удирдлагууд энэ салбарын талаар тэр бүр яриад байдаггүй. Оны өмнөхөн нэгэн шийдвэр гаргасан нь төрийн өмчит автобусны компаниудыг нэгтгэн Зорчих тээврийн нэгтгэл байгуулсан юм. Энэ нь салбартаа болон иргэдэд ач холбогдолтой шийдвэр биш. Гурван компанийн бүтэц өөрчлөгдөхгүй. Ингэж нэгтгэснээр өрсөлдөөний тухай ойлголт байхгүй болж, төрийн өмчийн компанийн автобуснууд хүнээ булаацалдан уралдаж давхихгүй болж байгаа юм.  Тэгэхээр зүгээр л автобуснуудыг уралдаж давхихаас сэргийлсэн л нэгтгэл болж таарсан. Нэгтгэлийг “Автобус-1” компанийн захирал Ц.Одонтунгалаг удирдана.  Тэрээр энэхүү нэгтгэл байгуулагдсанаар нийтийн тээвэрт ямар ч хөгжил ирэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн.  Хэл ам дагуулсан энэ салбарыг хөл дээр нь босгох ганцхан гарц нь автобусны тасалбарын үнийг нэмэх хэмээж байгаа. Тасалбарын үнийг 700 төгрөг болгосон цагт нийтийн тээврийн салбарт татаад байгаа хар бараан үүл шууд л замхран алга болчих мэтээр ярьж байна.  Гэтэл ард түмний амьдрал ядруухан байгаа энэ цаг үед тасалбарын үнэ нэмэх нь бас тийм ч оновчтой шийдвэр байж чадахгүй. Тэгэхээр энэ салбарын дампуурал нэг хэсэгтэй л үргэлжлэх нь бололтой. Уг нь нийслэлийн удирдлагууд нэгтгэл байгуулах мэтээр дүр эсгэж байхаар энэ салбарт нэг ч гэсэн автобус нэмж, бүдэгхэн ч гэсэн гэрэл асааж өгвөл зүгээрсэн.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “зууны мэдээ” сонин


URL:

Нэр: зочин Огноо: 10 January 2015

нийтийн тээвэр дампуурна гэж юу байхав дээ. Харин угжнууд олон байж болох юм

Сэтгэгдэл бичих