“Эрдэнэс Таван толгой” дээр экспортлоход бэлэн 2.3 сая тонн нүүрс байна

photonewsimg20130104102805img_4010“Эрдэнэс Таван толгой” компанийн Уул уурхайн стратеги төлөвлөлтийн газрын захирал Б.Гантулгаас нүүрсний олборлолт, борлуулалтын талаар тодрууллаа.

-Хамгийн их нүүрс борлуулсан нь “Эрдэнэс Таван толгой” гэсэн статистик байна. Хятадын импортын нүүрсний хэрэглээний арван хувийг дангаараа хангасан гэв үү?
-Тэгсэн. Өнгөрсөн оны хувьд экспортод хамгийн их хэмжээний нүүрс гаргалаа. Олборлолтын хувьд өмнө нь нэлээд хэмжээгээр хийсэн байсан л даа. Тодруулж хэлбэл 2012-2013, 2013-2014 онд олборлолт гайгүй хийгдсэн. Өнгөрсөн жилийн хувьд компанийн хэмжээнд нийт 4.5 сая тонн нүүрс олборлосон гэсэн статистик бий. Борлуулсан хэмжээ гэвэл 5.7 сая тонн. Баруун, Зүүн Цанхийг нээж ажиллуулснаас хойшхи нүүрс олборлолтын нийт хэмжээ 13,2 сая тонн.
-Нүүрсний зах зээл муудсанаас болж яг гаргана гэснээ бол борлуулж амжаагүй нь ойлгомжтой. Өмнөх жилийнхээс бол эрс өссөн тоо байх…?
-Уг нь өнгөрсөн онд 11 сая тонн нүүрс олборлож борлуулах ёстой гэсэн төлөвлөгөөтэй байсан л даа. Төлөвлөгөөгөө биелүүлж чадаагүй нь сая таны онцолсон зах зээлийн байдал. Нүүрсний үнэ буурсан, худалдан авалт муу байгаатай холбоотой. Худалдан авалт муу байна. Ийм шалтгаанаар борлуулалт муудсан. Харин өмнөх онуудтай харьцуулбал сайн ажилласан. Жишээ нь 2013 онд хоёр сая гаруй тонн нүүрс борлуулж байсан юм. Ингээд бодохоор 5.7 сая тонн гэдэг бол эрс нэмэгдсэн үзүүлэлт.
-Экспортлоход бэлэн нүүрс гэвэл хэчнээн тонн байна?
-Уурхайн нүүрсний агуулахад экспортлоход бэлэн 2.3 сая тонн нүүрс байна. Олборлоход бэлэн гэвэл 1.7 сая тонн нүүрс бий.
-Зүүн Цанхи дээр ажиллаж байсан “Макмахон”-той хийж буй гэрээ хэр ахицтай байгаа вэ?
-Зүүн Цанхи дээр “ТТ Жевико” буюу Австралийн “Макмахон” компани операторын үйл ажиллагаа явуулж байгаа. Нүүрсний зах зээл муудсан учраас зардлаа бууруулахаас аргагүйд хүрсэн л дээ. Операторын үйл ажиллагааны зардлыг бууруулах үүднээс гэрээнд өөрчлөлт оруулах талаар нэлээд урт хугацаанд ярьж байна. Хэлэлцээр үргэлжилж байгаа. Ийм шалтгаанаар “Макмахон” компанийн үйл ажиллагааг өнгөрсөн онд зогсоосон.
-Баруун Цанхи дээр ажиллаж байгаа үндэсний оператор компаниудын зардал хэр байгаа вэ?
-Баруун Цанхи дээр Монгол уурхайчин түншлэл ажиллажбайгаа. Бүтэн жилийн хугацаатай тендер зарласан юм. 2013 онд байгуулсан гэрээ өнгөрсөн оны аравдугаар сард дууссан. Тэгээд дахин тендер зарлаж шинэчилсэн гэрээгээр ажиллаж байна. дуусгаад 2014 оны аравдугаар сарын тавнаас дахиж тендер зарлаж шинэчилсэн гэрээгээр явж байгаа. Монгол уурхайчин түншлэл өнгөрсөн оны хоёрдугаар сарын 16-нд ажлаа эхлүүлснээс хойш нийтдээ 6.2 сая тонн нүүрс олборлочихоод байна.
Баруун уурхай дээр үндэсний компаниудтай хөрс хуулалт болон уулын цулын метр кубын хэмжээгээр гэрээ байгуулсан. 2013 онд нэг метр уулын цулыг 7900 орчим төгрөг гэж тооцож байсан бол ангөрсөн жил 6800 төгрөг болгож бууруулсан. Зардал ингэж багасах нь олох мөнгө ихсэхээс эхлээд давуу тал ихтэй л дээ. Нэг зүйлийг онцлоход нүүрсний борлуулалтаа сайн хийж чадвал олборлоход ямар ч асуудалгүй болсон.
Ц.СҮРЭН

URL:

Сэтгэгдэл бичих