Төсвийг үнэн төрхөөр нь хүлээж авах тэр мэдрэмж

tusuwУИХ энэ өдрүүдэд Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2015 оны төсвийн тодотгол түүнийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд олон нийтэд, улстөрчдөд таалагдахгүй төсвийг оруулж ирэх байх шүү гэдгээ урьдаас сануулсан. Үүнийхээ дагуу ч оруулж ирлээ. Ерөнхий сайдын ярьж байгаагаар энэ бол төсвийн орлого, зарлагыг зөв тооцоолж, цаашид авах арга хэмжээ, хэрэгжүүлэх ажлуудаа тооцож, хэмнэж болох зардлаа гаргасны дараах бодит төсөв. Түүний хэлснээр энэ удаагийн төсвийн тодотгол улстөрчдөд таалагдсангүй. Мэдээж эх хүүхдийн мөнгө, одонтой эхчүүд, оюутнуудын мөнгийг багасгаж байгаа явдал зарим иргэдэд таалагдаагүй байх. Гэсэн хэдий ч хүлээж авахаас өөр аргагүй нөхцөл байдал манай улсын эдийн засагт бий болчихжээ. Өмнөх Засгийн газрууд төсвийн орлогыг үнэнээр нь тооцдоггүй горыг өнөөдөр ард иргэд бид амсаж байна. Энэ бол төсвийн үнэн дүр төрхийг хүлээж авч буй муухай мэдрэмж. Муухай байна гээд яалтай билээ. Эдийн засгаа сайжруулахын тулд үүнээс өөр авах арга хэмжээ байхгүй гэдгийг ярьж байна. Зөвхөн иргэдээсээ бус Засгийн газар өөрөөсөө энэ хэмнэлтийг хийж, төрийн захиргааны байгууллагынхаа ажилтнуудыг цомхотгоно гэнэ. Засгийн газрын зүгээс агентлагуудыг татан буулгаж, төсвийг хэмнэнэ гэж тооцсон. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийснээр 2015 оны батлагдсан төсвийн урсгал зардлыг 18.5 тэрбум төгрөгөөр, төсвөөс санхүүждэг байгууллагын тоог 56-аар, төрийн албан хаагчдын тоог 1.669 хүнээр бууруулах юм байна. Түүнчлэнойролцоо чиг үүрэгтэй, нэг төсвийн ерөнхийлөн болон төвлөрүүлэн захирагчийн харьяанд байгуулагдсан төсвийн зарим байгууллагуудыг нэгтгэх, төсвөөс цалинждаг үндэсний хороо, зөвлөлийн ажлын албадыг татан буулгах зэргээр төрийн албан хаагчийн орон тоог 95-аар, захиргаа, удирдлагын зардлыг 646.3 сая төгрөгөөр бууруулахаар тооцоолжээ.

Ард түмэнд яагаад бодит байдлыг хэлж ойлгуулж, ийм шийдвэрүүдийг бага багаар гаргаж, асуудалд нухацтай хандаж байгаагүй юм бэ гэж улстөрчдөөс асуумаар байна. Хэрэв эдгээрийг эдийн засгийн нөхцөл байдал хүндрэхээс өмнө хийгээд шийдвэрлээд явсан бол өнөөдөр ийм байдалд хүрэх байсан уу, үгүй юу гэдгийг бодох л хэрэгтэй. Төсвийг үнэн төрхөөр нь мэдрэх энэ мэдрэмж битгий удаан үргэлжлээсэй билээ. Ерөнхий сайд хэлсэн. Тэр эдийн засгийн нөхцөл сайжирсны дараагаар эх, хүүхэд, одонтой эхчүүд, оюутнуудад олгож байгаа мөнгийг дахин олгож болно гэсэн. Ингэхийн тулд өнөөдөр тэвчиж, Засгийн газрыг дэмжиж, төсвийг нь батлуулахыг УИХ-ын гишүүдээс хүсэж байсан юм.

УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр зарим гишүүн Засгийн газарт баярлаж байгаагаа хэлж байв. Зарим нь анх удаа ийм төсөв орж ирж байна гэж гайхав. Гэсэн ч төсвийн тодотголыг дэмжиж байгаа хэллээ. Гагцхүү зарим нэг таналтыг хүлээж авахгүй байна гэх шүүмжлэлийг ч ярьж байлаа. Тэд төсвийн бодит байдлыг мэддэг хэрнээ нуусан. Ийм байдаг тухай ярьдаг хэрнээ батлаад л явуулдаг. Үүнд тэдний ч буруу бас бий.

Төсвийн тодотголоор 2015 оны төсвийн орлогыг 905 тэрбум төгрөг, урсгал зардлыг 550 орчим тэрбум төгрөгөөр танахаар тусгасан. Түүнчлэн Засгийн газрын өрийн хязгаарыг ДНБ-ий 70 хувьд хүргэх асуудлыг тодотголд тусгаад байгаа юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн чуулганы хуралдаан дээр хэлсэн гол асуудал бол Засгийн газар дахин арилжааны зээл авахгүй гэдэг үг байлаа. Ерөнхийлөгч мөн үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзах үеэрээ “Хамгийн муу Засгийн газар арилжааны зээл авдаг” гэж байв. Засгийн газрын тэргүүн өрийн асуудлаар гишүүдэд хандан “Өрийн хязгаарыг түр хугацаанд нэмэгдүүлээд ажлаа урагшлуулах уу, эсвэл хөл гараа тушуулчихсан юм шиг зүгээр суух уу гэдгээ л бодох цаг ирээд байна. Тиймээс аль нэг нам эвсэл гэж ярилгүй УИХ-ын гишүүд бүгд нэг зүйл дээр ойлголцох ёстой юм” гэдгийг хэллээ. Төсвийн бодит байдлыг бодитойгоор нь харах боломж 2015 оны төсвийн тодотголоор харагдаж байгаа энэ юм.

 

 

Ц.Гэрэл /uls.mn/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.