Баруун лам Цоохор Даваагийн цээжинд улайтгасан лантуу тавих гэсэн нь

DambiijaaБаруун нутагт Жаа лам буюу Дамбийжанцанг Баруун лам гэж дуудах билээ. Баруун лам хүн тамлаж, зовоохдоо их ч дуртай нэгэн байжээ. Түүний эрүү шүүлтүүдийн нэг нь том лантуу улайтгаад хүний өрцөн дээр тавьж, элгийг нь шарж тамлан хөнөөдэг гэнэ.

… Баруун лам нэгэн удаа Засагт ханы шилийн сайн эр Цоохор Давааг өөрийг нь хорлох хуйвалдаанд оролцсон хэмээн хардсандаа хуурч авчраад баривчлан авч, тамлан байцааж гэнэ.

Лам улайтгасан лантуугаа бариад цээж нүцгэн хүлээтэй хэвтээ Цоохор Даваа руу хүрч ирэхэд мань сайн эр,
- Чи муу орон гэргүй цагаач, олдсон цагаандаа цадаад овоо дориун болжээ дээ. Ингэхийг чинь мэдсэн бол Ахай бээсийн хошуунд гахай нүцгэн, нохой явган тэнэж явахад чинь доголон морины сүүлнээс чиргүүлээд өмхий хүрэнгийн нүх рүү өгөр толгойгоор чинь чихэж орхидог байж. Тэгэхэд хөл залгуулж, Засагт ханы босго давуулсан минь засашгүй алдаа буруу болсон байна.
Ар дөчин есөн,
Алшаа арван хошуунд
Ац гээд атгаж чадаагүй,
Альяа гээд эсгэж чадаагүй
Арван засгийн тамганд
Атирч үзээгүй
Атаа тэнгэрийн ивээсэн
Аав ээжийн бүтээсэн
Тамиртай цагаан өвчүү минь байна.
Тавьж чаддаг бол тавь чи, наадхаа.
Улиастайн амбаны тахар урж хүчрээгүй,
Урианхай долоон хошууныхан өшиж хөндөөгүй,
Урагшаах тавин газрынхан өшиглөж хүрээгүй
Өр минь, элэг минь байна, тавьсугай.
Ёо гэж дуугарвал
Ёр болог
Ган хийж дуугарвал
Гамшиг болог гээд шазуураа зууж, өмнөөс нь цээжээ түхийлгэж өгчээ.
Улайтгасан лантуугаа бариад дээрээс нь тонгойж байсан Баруун лам үүнийг сонсоод гэнэт зогтусаж, лантуугаа хажуу тийш нь чулуудаж орхиод бөгсөөрөө лаг хийтэл суун туссан байна.

Тэгээд “Засагт ханы сайн эр чамайг ямар шийртэй болохыг тэнсэж үзлээ. Ар өвөр хошуу, баруун газруудад дэмий нэрийг дуудуулсангүй ээ, чи. Мууг санасангүй, өшийг өвөрлөсөнгүй” гэж хэлээд шан харамж өгч суллажээ.

Энэ явдлаас хэдхээн жилийн өмнө Баруун ламыг 1918 онд Астраханы цөллөгөөс суллагдаад Ахай бээсийн хошууны зах буюу одоогийн Хөвсгөлийн Мөрөн орчим явган нүцгэн зутарч явахад нь Цоохор Даваа таарч, унд хоол, унаа хөл залгуулан Засагт ханы хүрээнд хүргэж өгч байжээ.

 

 

“Хантайширийн цадиг хууч оршвой” номын шинэ хэвлэлд нэмэгдэж буй хуучисаас…


URL:

Сэтгэгдэл бичих