Иргэдийнхээ халаасыг ухаад эдийн засаг дээрдэх үү? Шийдлийн засгийн газрынхан!!!

78Эдийн засаг, эдийн засаг гээд л донгодож байж эрх мэдлийн суудал дээр заларсан Ч.Сайханбилэгийн засгийн газар чухам юу хийгээд явна. Ард иргэдийнхээ халаасыг ухах ажилд идэвхийлэн орсон тэдний гол ажил нь мөн юм болов уу.

Төрөө эдийн засгийн хямралаас гаргах хариуцлагатай ажилд суулаа гээд иргэд ч анхандаа ам сайтай байсан. Гэтэл магтсан хүүхэн хурмин дээрээ гэгчээр ямар эрлэгийн элчийг дээрээ гаргаснаа одоо л ард иргэд ойлгож эхэллээ.

Эдийн засаг хэмээн донгодсоор гарсан ерөнхий сайд маань өөрийн засгийн алдагдлаа иргэдийн халааснаас гаргахаар шийдсэн нь 2015 оны төсвийн тодотголоос илт харагдаж байна. Түүнчлэн татварын тухай хуулиудад хүртэл иргэдийн халаастай ярьсан нилээдгүй дарангуйлалын шинжтэй хуулиудыг өргөн барьж байгаа нь Шийдлийн засгийн газрын шийдвэрлэсэн чухал асуудлууд хэмээн үзэх үү.

Хямарсан эдийн засаг дээр иргэддээ дарамт болохуйц хуулиудыг өргөн барьж, төсвөөс танах нэрийдлээр хүүхэд эмэгтэйчүүдийн халамж үйлчилгээнээс танаж хасаж байгаа нь тийм ч бодиттой алхамууд биш гэдгийг эдийн засагчид хэлсээр байгаа. Гэвч буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдгийг харуулж ардчилалын нэрийг барьсан, эрх баригчидын алдаатай бодлогууд иргэдийн амьдралд том бул чулуу болсоор байгаа нь харамсалтай.

Нэгэн жишээ өгүүлэхэд “Pruis” автомашин тэдний үзснээр бол тансаг хэрэглээ мэтээр харж татварын бодлогоор татварыг 3 дахин нэмэгдүүлсэн. Чухамдаа энэ автомашинаар зарим иргэд өөрийн өрхийн амжиргаагаа дээшлүүлэх гэж бидний хэлж заншснаар “Халтуур” хийдэг. Ингэхээр энэ бол хөдөлмөрийн багаж хэрэгсэл болчихож байна. Гэтэл энэ хөдөлмөрийн багаж хэрэгслийг нь тансаг хэрэглээ гээд татвараар барих гэж оролдолж байгаа нь анжисыг нь хурааж авчихаад газар хагал гээд хэлсэнтэй ялгаагүй санагдах юм.

Эдийн засаг хямарлаа хэмээн томоохон аж ахуй нэгжүүд үүд хаалгаа барьж цомхотгол хийж байгаа өнөө үед өөрийнхөө бололцоогоор амжиргаагаа залгуулах гэж зүтгэж байгаа иргэдийнхээ халаас руу гараа дүрээд эдийн засаг нь дээрдчих юм шиг санасан Шийдлийн засгийн газрын алдаатай бодлогууд хэр удаан үргэлжлэх бол.

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.