“КОРЕАН ЭЙР”-ийн Монголчуудад зориулсан порц

10934044_843096965758185_4543285474649179550_n

Солонгосын агаарын тээврийн “Кореан Эйр” гэж Монголд монополь эрхтэй компани бий. Энэхүү авиа компанид манай улс гадаад нислэгийнхээ бүх эрхийг атгуулчихсан. Юм үзээгүй, ходоод нь хонхолзсон өлөн дарга нар тухайн үедээ багахан шан харамжид л гадаад руу зорчих хамгийн том сувгаа солонгосуудын мэдэлд өгч, тэдний аяг аашинд захирагдан бөхөлзөж ирлээ. Ёстой нөгөө таваг шөлөнд нь уярчихлаа гэдэг шиг бэлэг сэлтний сургаар бүх нислэгээ тавьж туусан байлгүй, хөөрхий. Өлөн зэлмэн дарга нарын өрөвдөлтэй төрх ч нөлөөлсөн үү, солонгосчууд монголчууд бидэнд дэндүү эрэлхүү, бардам дээрэнгүй хандах юм. Уул нь энэ орчлон дээр солонгос монгол хоёр л хоорондоо тэр энэ гэжялгахын аргагүй адил царай зүстэй хүмүүс. Хэрвээ хүн төрөлхтөн хоорондоо хамаатархаж садансвал хамгийн түрүүнд манай хоёр улс садансаж таарна.

 

Тиймдээ монголчууд бид солонгосчуудад нэг л элгэмсүү, эерүү зөөлөн сэтгэлээр ханддаг. Харин дэлхий дахинд биднээс өөр Солонгосыг тоож харилцах, хүндэтгэж үзэх улс үндэстэн байхгүй. Солонгосчууд энэ ертөнцийн шоовдор хүмүүс шиг явж ирсэн. Соёлт хүн төрөлхтөн тэднийг ингэж шоовдорлож, нүд үзүүрлэх нь арга ч үгүй юм даа гэх бодлыг “Кореан Эйр”-ийн үйлчилгээ бид бүхэнд мэдрүүлж байна. Монголчуудыг хүн биш мэтээр дорд үзэж, хоёрын хоорондох ямаан омгоороо далайлгаж, бусдаас ялгаварлан гадуурхсан өрөвдмөөр сэтгэлгээ нь солонгосчуудын үнэн төрхийг илчилж, дэлхийн шоовдор үндэстэн гэдгийг нь гэрчлээд өгөх аж.

“Өдрийн сонин” өмнө нь иргэдээс ирсэн санал гомдол дээр тулгуурлаж “Солонгосын “Кореан Эйр” монголчуудыг басамжлах нь хэрээс хэтэрлээ” гэж бичиж байсан. Түүнээс хойш олон иргэд бидэнд хандлаа. Олон жишээ баримтыг хэлж байна. Манайхныг дорд үзсэн, илт гадуурхаж дээрэлхсэн энгийнжишээ баримтаас дурдъя л даа.

“Кореан Эйр”-ийн онгоцонд монгол, европ хоёр иргэн ижилхэн мөнгөө төлөөд зорчиходсолонгосуудын үйлчилгээ эрс өөр байдаг нь цаанаа л зэвүүн. Зэрэгцээд сууж буй хоёр зорчигчид вино хундагаллаа гэхэд шар толгойтой европт хундаганы талаар дүүргээд монгол хүнд ёроолд нь дусаагаад өгч байх жишээний. Пиво захиалахад мөн л шар толгойтод авчирч өгөөд монголд нь болохоор ойлгохгүй байна гээд хэнэг ч үгүй орхичихно. Ингэж монголчуудыг хүн төрөлхтний өмнө хүн биш мэтээр доромжилдог. Онгоцны үйлчилгээтэй холбоотой энэ мэт жишээ захаас аваад үй түм. Монголд “Кореан Эйр”-ийн албан ёсны төлөөлөгчийн газрууд бий. Тэдгээр газруудад бид захиалга өгч нислэгийнхээ тасалбарыг авдаг. “Бизнес классын тусгай тасалбар нь төд, энгийнээр төд” гээд төлөөлөгчийн газрынхан мэдэгдэж нислэгийн цагийн хуваарийг танилцуулж, “манайхаар тавтай үйлчлүүлээрэй” гээд сүйд болно.

Гэвч харамсалтай нь “Кореан Эйр”-ийнхэн төлөөлөгчийн газрынхаа тасалбарыг онгоцонд ороод газар дээр нь шууд өөрчилдөг. Ямар зорчигч өндөр үнэ хөлс төлж тусгай тасалбар авсан зэрэг нь тэдэнд огтоос падгүй. Бизнес класст сууж байгаа эрхмийг солонгосын нэг дарга ороод ирвэл хойш нь энгийн суудал руу ямар ч тайлбар авахгүйгээр хөөж явуулна. Ер нь бизнес классын зөөлөн суудалд ямар монгол хүн явна түүнийг зэвүүрхсэн тохуурхсан харцаар харж, нүдээрээ олзолж байгаад шууд хөөгөөд явуулдаг. Тэдний дээрэнгүй байдал дэлхий нийтэд ч ил тод батлагдаж байна.

5542

Саяхан “Кореан Эйр”-ийн ерөнхийлөгч Чо Хюн А-г агаарын тээврийн хуулийг зөрчсөн хэмээн олон улсад шуугилаа. Түүний охин Нью-Йоркоос Сөүлийн чиглэлд ниссэн онгоцыг Нью-Йоркийн олон улсын нисэх онгоцны буудалд буцааж буулган нислэгийг саатуулсан. Тэрээр онгоцны үйлчлэгчийг самар задалсангүй гэж бухимдан тухайн үйлчлэгчийг хөөж буулгахын тулд олон улсын нислэгийн чиглэлийг буцааж дураараа авирлажээ. Энэ нь агаарын тээврийн аюулгүй байдлын журмыг зөрчсөн болохыг тогтоож шүүхэд шилжүүлээд буйг бид мэдэж байгаа. “Кореан Эйр”-ийнхэн ийм л дээрэнгүй давилуун, ёс бус үйлдэл гаргаж олон улсад нэр хүнд нь маш бүдүүлгээр унаж байна.

Солонгосын онгоцны буудал дээр хуучин цагт виз чанга байхад нэг модон саваа барьсан өвгөн байсныг манайхан мэднэ байх. Гадны зорчигчдыг хилээр чөлөөтэй нэвтрүүлснээ, нүдэндээ хүйтэн харагдсан монголчуудыг өнөө модон саваагаараа чичилж бөөгнүүлээд цагаачлалын алба руу хонь шиг туудаг байсан. Харин одоо “Кореан Эйр”-ийнхэн монголчуудад зориулж нэг шар жингэр бэлдсэн байна лээ. Нисэх буудал дээр ачаа тээшийг нь үнэрлүүлж гадны мянга мянган зорчигчдын өмнө бах таваа хангах гэж тэр. Солонгост байгаа ах дүү, хань нөхөд, үр хүүхдэдээ манайхан хамгийн түрүүнд мах аваачиж өгдөг. Үүгээрээ бид солонгосчуудаас амьдралын хэв маяг өөр гэдгээ баталдаг. Монголчуудын ачаа тээшинд мах байгааг өнөө жингэр нь шиншилж, тэгээд л нисэхийн харуул хамгаалалтынхан хавиар нэг орилж бахиран, бөөн сүр дуулиан болгоно. Мах гэдэг бидний хувьд муу муухай, өөрсдийгөө доромжлуулах гутамшигт зүйл биш шүү дээ. Харин ч ёс заншлын бэлгэдэл болсон зүйлээ авч очсоны төлөө хоёр улсын хооронд хар тамхи зөөсөн гэмт этгээд шиг элдэв бусаар доромжлуулж нүүрээ хийх газаргүй болдог. Монголчуудад тусгайлж зориулсан порц гэдэг нь энэ.

Солонгосчуудын увайгүй үйлдлийг бид ерөөсөө тоодоггүй. Азийн наадмын үеэр эмэгтэй жүдочдын хоолонд юугаа ч хийчихсэн гэдэг билээ. Өөрсдийнх нь ёс юм байлгүй гээд тоолгүй өнгөрүүлсэн. Жүдо бөхийн холбоо шүүхдэж, гомдол гаргаж янз бүр болохоор л байсан. Гэвч чимээ аниргүй өнгөрсөн. Гэтэл солонгос нөхдийн монголчуудад хүн биш мэтээр дээрэнгүй хандаж, эрээ цээргүй увайгүй үйлдэл гаргах нь арай хэтийдлээ. Үүнд Монголын төр засаг албан ёсоор мэдэгдэх хэрэгтэй байна. Бид чинь эрх биш дээрээ төртэй улс үндэстэн юм байгаа биз дээ. Өөрсдийнхөө ёс уламжлал амьдралын хэв маягаа манай эрх баригчид Солонгосын талд сайтар ойлгуулах цаг хэдийнэ болжээ. Алийн болгон Солонгосын нисэх буудал дээр шар жингэрт нь боорлуулаад гэмт амьтан шиг гилбэлзэж суух вэ. Баялаг бүтээгчид, хэрэглэгчид толгой дээгүүр хаан мэт эрх мэдэлтэй, бүхнийг өмнөө мэхийлгэдэг болсон өнөө цагт “Кореан Эйр”-т мөнгөө төлчихөөд доромжлуулж суудаг үндэстэн Монголоос өөр байна уу.

Эл бүгдийг Монголын төр засаг албан ёсоор хэлж ярихгүй бол бид наад зах нь “Кореан Эйр”-т итгэхээ болилоо. Энэ нь уг авиа компаниар үйлчлүүлэхээ болино гэсэн үг. Бүх л зүйл өрсөлдөөний хуулиар хэмжигдэж байхуйд улс үндэстнээрээ доромжлуулан, гадуурхагдан, хөөгдөж туугдаж “Кореан Эйр”-ийг царайчлахын хэрэг огтоос алга. Цаана чинь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын топ компаниуд байна. Америк, Японы дэлхийд нэртэй авиа компаниудтай Монгол Улс албан ёсоор гэрээ байгуулах хэрэгтэй. “Кореан Эйр”-ээс гэрээгээ цуцал. Зөвхөн “Кореан Эйр”-ээс гэрээгээ цуцлаад зогсохгүй уул уурхай болоод өөр ямар л салбарт Солонгосынхон үйл ажиллагаа явуулна тэр бүгдийг хориглох хэрэгтэй юм. Ер нь тэгээд Солонгост амьдрах гэсэн монголчуудаас илүү Монголд амьдрах гэсэн солонгосчууд олон болсон шүү дээ. Бидэнд давилуун зан гаргаж, галзуурч байж тэр нөхдөдөө гай хөө болох вий. Хэрвээ “Кореан Эйр”-ийг цаашид байлгана гэвэл монголчуудыг хүн төрөлхтний ижил түвшинд хүндэтгэж, бидэнд зориулсан тусдаа порцтой биш дэлхий нийтийн порцоо бидэнд ижилхэн өгдөг байхыг шаардах нь зүйд нийцнэ.

Н.Гантулга


URL:

Нэр: Зочин Огноо: 14 January 2015

Улс хүчтэй байна гэдэг иргэд нь ухаалаг, хөдөлмөрч, хөрөнгөтэй байхыг л ойлгох учиртай. Бид юм л бол өөрөөсөө түрүүлээд бусдын алдааг хайдаг. Ямар төртэй байна ард түмэн нь яг л тийм гэсэн үг ч байдаг. Монгол хүн бүр өөрийн хувийн амьдралдаа айхтар, чамбай, хөдөлмөрч, шаардлага, хэрэглээ өндөртэй байж чадвал хүссэн хүсээгүй энэ Солонгосчууд байтугай дэлхий хүндэтгэнэ. Дээд зэргийн үйлчилгээний стандартаа санал болгоно, хичээл зүтгэл гаргана. Бид чинь эдийн сайныг төвөггүй мэддэг гэдгээрээ бахархдаг ард түмэн. Тиймээс бүгдээрээ ЧАМБАЙ, ХӨДӨЛМӨРЧ, ШААРДЛАГА, ХЭРЭГЛЭЭ өндөртэй байхыг эрмэлзье.

Сэтгэгдэл бичих