Циркийг циркийнхэнд түрээслүүлнэ

..Би үнэхээр харамсдаг. Манай цирк 1971 онд энэ цэнхэр асартаа шилжиж очсон юм шүү дээ. Азидаа л байхгүй сайхан цирк. Одоо бол алиалагч, амьтан, ер нь циркийн гэж хэлчихээр юм алга. Манай улс үндэснийхээ циркийг зөнд нь хаячихлаа, энэ бол асар том эмгэнэл. Хойч үеийнхэнд сайхан цирк байсан юм гэнэ билээ гэсэн дурсамж л үлдэх болж таараад байна…

Энэ бол улсын цирктэй хар багаасаа холбогдсон н.Цог гэдэг хүний яриа. Хийх юмгүй хүний хий халагласан яриа ч биш. Түүний аав нь улсын циркийг энэ дугуй цэнхэр байранд шилжиж ирснээс хойш насан эцэс болтлоо энд ажиллажээ. Одоо харин тэдэнд очих газар алга. Хаана очихоо мэдэхгүй явна.

Хэд хоногийн өмнөөс циркийн цэнхэр асар улбар шар болсныг та бүхэн анзаарсан л байлгүй. Өнгөө сольсон циркийн үүдээр орлоо. Үүдэнд нь нэг хамгаалагч зогсох. Түүний хэлж байгаагаар одоохондоо циркэд хүн алга гэнэ. Амрах нь амраад, гарах нь гараад алга болсон сурагтай. Харин энд циркийнхэн байдаг юм уу гэж асуухад. “Нарийн учрыг нь би мэдэхгүй ээ. Сураг сонсоход энэ байрыг тэдэнд тоглолт дөхөөд ирэхээр нь түрээслүүлдэг. Бэлтгэл сургуулилтийн үед ч гэсэн түрээслэдэг” гэсэн хариу сонслоо. Үнэхээр тийм байгааг удирдлагаас нь тодруулах гэсэн боловч тэд амралтаа авчээ. Харин тэнд ажилладаг байсан н.Азжаргал гэх хүнээс дараах тайлбарыг сонсслоо.

“Хэцүү шүү дээ. Хувьчлагдаад удаагүй байхад олон хүнийг халсан. Халагдсан зарим нь архинд орсон сурагтай. Би бол мэргэжлээсээ шал өөр, жолоочийн ажил л хийж байна шүү дээ” гэнэ. Үнэхээр ч түүний хэлсэнчлэн циркийг хувьчилсны дараа хувьчлалаар авсан шинэ эзэд нь олон хүнийг ажлаас нь халсан гэнэ. Үлдсэн хэдэн жүжигчдээ “гэрээт” болгон орлогоор нь цалинжуулахаар болжээ. Удалгүй тэд ч цалингаа авч хүч хүрэхгүй болсон аж. Цалингүй хүмүүсийн хувцас, эд хэрэглэл ч ойлгомжтой. Одоо циркэд цоорхой матрас, үеэ өнгөрөөсөн татлагат банзнууд гэх мэт хэнд ч хэрэггүй эд зүйлс л үлдсэн гэнэ. Циркийн амьтад ч бүр ор сураггүй. Цагтаа арслан тоглуулдаг байсан гэх энэ циркэд одоо ямар ч амьтан үлдсэнгүй.

“Морьтоны гайхамшиг” үзүүлбэрийг үзүүлдэг байсан 15 морьд ч алга. Хамгийн сүүлийн дөрвөн морийг циркээс тусдаа гарсан хувийн дөрвөн циркэд зарсан гэнэ. Бусад нь ноднингоос Д.Дагвадорж аврагын аав Д.Долгорсүрэн зааны адуун сүрэгт ноднин очсон билээ. “Морьтоны гайхамшиг” үзүүлбэр хөрөнгө, мөнгө дутуу гэсэн шалтгаанаар ойрын хоёр, гурван жилдээ л лав тоглогдоогүй. Өнгөрөгч 2010 оноос гурван жилийн хугацаанд энэ үзүүлбэрийг тоглохоо болиулах шийдвэрийг циркийн удирдлагаас гаргасан байна. Тагтаа, тэмээ, нохой зэрэг амьтдын тэжээлийн зах зээлийн үнийг хүчрэхээ больсон тул амьтан сонирхогч хувь хүмүүст зарсан гэх. Үүнийг циркэд ажилладаг хүмүүс нь батлан ярьж байна. Циркийн ард байх амьтан тэжээдэг байсан өрөө, тасалгаануудад нэг ч амьд амьтан байсангүй. Хувцас хэрэглэлийн өрөө нь ч хоосон хэвээр.

Цирк хувьчлагдахаас өмнө циркийн дунд сургууль гэж байсан билээ. Сурагчид нь хуучнаар улсын цирк буюу одоогийн “АСА цирк”-т бэлтгэлээ хийдэг байв. Харин хувьчлагдсанаас хойш циркийн дунд сургуулийн сурагчид “цэнхэр асар”-таа хичээллэхээ больжээ. Учир нь “Аса цирк”-ийнхэн асар өндөр түрээсийн мөнгө шаардсан гэнэ. Одоо тэд нурж унах шахсан хуучин цирктээ бэлтгэлээ хийж байна. Акробат, агаарын номеруудыг бэлдэхэд байрны чанар шаардлага хангахгүй ч тэд бор зүрхээрээ хичээллэсээр л байна. Өнгөрсөн жил өөрсдөө мөнгө гарган байж байрандаа багахан шохой хүргээд амжжээ. Зарим шаардлагатай тоног төхөөрөмжөө ч тэд өөрсдөө бэлтгэдэг гэнэ. Тэднийг хариуцсан байгууллага нь ч, төр нь ч мартсан хойгуур циркийнхэн нурж унах шахсан байранд бэлтгэл хийсээр. Өнгөрсөн жил болсон олон улсын циркчдийн наадмаас “Мөнгөн арслан” хэмээх шагналыг хүртжээ.

Циркийг хувьчилснаас хойш маш бараг л бүх жүжигчид нь гадаад руу гарчээ. Одоо Тайваньд Г.Батбаатар гэх хүнээр удирдуулсан циркийн жүжигчид үзүүлбэрээ сонирхуулж буй. АНУ-д гэхэд л 10 гаруй хүн ажиллаж байна. Мөн Солонгос, Япон, Орост олон жүжигчин гэрээгээр ажиллаж байгаа. “Бид гадаад руу явахаас өмнө зайлшгүй бэлтгэл хийх хэрэгтэй болдог. Үүнийг хуучин циркт хийх ямар ч боломжгүй. Харин бид өөрсдөө мөнгөө гарган түрээсийн мөнгө төлж байж “Аса цирк”-эд бэлтгэлээ хийдэг. Гэхдээ одоо тэнд бидний бага байхад байсан шиг эд хэрэглэлүүд байхгүй” гэж Тайваньд үзүүлбэрээ толилуулж байгаа Г.Батбаатар цахим шуудангаар хэлсэн юм.

Циркийн цэнхэр асрыг анх  2007 оны нэгдүгээр сард олноо “Өглөөний хөх луу” хэмээн өргөмжлөгдсөн их аварга Асашёрүгийн багийнхан араасаа багагүй хэл ам дагуулж байж менежментийн хувьчлал нэрээр авсан. Анх 2006 оны арванхоёрдугаар сард хувьчилж авах тендерт оролцсон гурван баг босго оноо болох 80 оноог даваагүй учир тендерийг нь хүчингүй болгож байжээ. Харин учир битүүлэг шалтгаанаар 2007 оны нэгдүгээр сард шинээр шинжээчдийн баг томилон хэдхэн цагийн дотор асуудлыг шийдэж, аваргын “Аса” групп циркийг авсан аж. Тухайн үед тендерт оролцсон “Монгол цирк” багийн ахлагч П.Батмөнх “Тендерт яах аргагүй будлиан орчихлоо. ТӨХ-ны удирдлага тендерийн үр дүнд айхтар нөлөө үзүүллээ. Анх “Аса”-гийхан 78 оноо авсан, тэр дүнгээрээ тендер хүчингүй болсон шүү дээ. Гэтэл ТӨХ-ны удирдлага нь журмаа зөрчөөд өөр шийдвэр гаргасан” хэмээн ярьж байсан.

Ийнхүү эзэнгүй юм шиг мөртлөө эзэнтэй Монголын циркийн хувь заяа бүрхэг байна. Анх хувьчлалд оролцохдоо “Үйл ажиллагааг нь өөрчлөхгүй, жүжигчдийг нь хохироохгүй. Монголын циркийг дэлхийн цирк болгоно” гэж амласан “Аса” группийхнийг сүүлийн үед “Циркийн цэнхэр асрыг худалдаа үйчилгээний төв болгох гэнэ”, “Барлигыг нь буулгаад суурин дээр нь олон давхар зочид буудал байгуулах юм байх” гэсэн хар хэл ам дагах болсон. Олны үг ортой ч гэдэг. Үйл ажиллагааг нь өөрчлөхгүй гэсэн хатуу гэрээтэйгээр хувьчлал явуулсан ТӨХ-ныхон ч гэсэн гэрээнийхээ биелэлтийг эргэж нэг харах цаг болсон баймаар. Цаана чинь циркийг циркийнхэнд нь түрээслүүлж байна, таминь ээ. Цэнхэр асраа улбар шар болгон өөрчилсөн улсын циркийг “Ард” кино театр, Хүүхэд залуучуудын театр шиг хувь заяа тосч байхыг үгүйсгэх аргагүй болжээ.

Б.Болорсүх

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих