Том намын жижиг улстөрч

timthumb.phpНэг ч удаа сонгуульд ялж үзээгүй, нэг ч удаа  албан тушаалд хариуцлага үүрч үзээгүй мөртлөө өөрсдийгөө  улстөрч хэмээн тунхагладаг улстөрийн хорхойтнууд болох хэсэг нөхөд байдаг. Тэд намын бодлого зорилтыг үл ойшоож, зөвхөн хувийн эрх мэдэл, хэсэг бүлэг хүмүүсийн амбицын төлөө явах л гол зорилготой. Тэдний нэг болох Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын албыг түр гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хаа явсан газартаа балаг тарьж байдаг. Энэ удаад ч АН-ынхаа генсекийн суудалд түр морилох зуураа хор найруулахдаа мэргэжсэн хамтран зүтгэгч хотын орлогч Н.Гантөмөрийг дагуулан  өөрийг нь улстөрд өнөөг хүртэл хөтөлж явсан намынхаа тогоо руу нулимж эхэлжээ.

Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдээр Сонгинохайрхан дүүргийн АН-ын хурлыг зарлаж, намаа хагалан бутаргах ажилхийжээ. Харамсалтай нь дүрмийн бус болсон энэхүү хуралдаанд нь намын гишүүд бус хамаатан садан, танил тал нөхдөө оруулан санал хурааж, өөрийнхөө гар хөл болсон Ш.Одгэрэл, Н.Чинболд нарыг даргаар томилж, дүүргийн намын эрх мэдлээ гартаа авахыг санаархсан ч бүтэлгүйтжээ. Уг нь Сонгинохайрхан дүүргийн АН-аас Л.Эрхэмбаярт цөөнгүй удаа боломж олгосон. Тэрээр намынхаа нөхдийн итгэлийг хугалж, удаа дараагийн сонгуулиудад өвдөг шороодсон. Ялангуяа түүнийг улстөрч хүн биш гэдэгт сонгогч олон нь аль хэдийнэ дүн тавьчихаад байгаа билээ.

Гэвч намын нөхдийнхөө дэмжлэгтэйгээр жаахан эрх мэдэл ахих тусам өөрийг нь хамгийн их дэмжиж, тэтгэж явсан журмын нөхөд рүүгээ өс хонзон өвөрлөж,  ийнхүү шороо цацаж эхэлсэн байна. Харин энэ асуудлыг АН-ын Хяналтын ерөнхий хорооноос дүрмийн бус хуралдаан болсон гэж үзжээ.

Намын генсекийнхээ албыг хүлээж аваад гуравхан хоногийн дотор өс хонзон өвөрлөн, өмнөх хүслээ гүйцээж байгаа нь Л.Эрхэмбаярыг ямар жижигхэн улстөрч гэдгийг бэлхнээ харуулж байна. Уг нь намын ерөнхий нарийн бичгийн дарга хүн намынхаа эв нэгдэл, хөгжил дэвшлийн төлөө дуугарах байтал захын нэг дүүрэгт зодоон цохион үүсгэж байгаа нь өрөвдөлтэй. Түүний балгаар зөвхөн Сонгинохайрхан дүүрэг  ч бус, Чингэлтэй, Баянгол, Дархан-Уул болон бусад аймгуудад АН-ын дунд шатны зөрчил хурцдаж эхэлжээ. Иймд намынхаа үнэт зүйл, эв нэгдлийг бусниулж, амин хувийн эрх ашгаа дээгүүр тавьж буй Л.Эрхэмбаярыг эсэргүүцэж, АН-ын анхан,дунд шатны гишүүд дэмжигчид жагсаал хийхээр нэгдээд байна.

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих