Албан тушаалтнуудыг хариуцлагажуулах эрх зүйн орчныг бий болгоно

uls_54bc6a9b32924_1Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариуцлагатай байх тухай ярих болсон. Тэрээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлэхээсээ өмнө хэд хэдэн хуулийн төсөл боловсруулаад байгаагаа дуулгаж байв. Боловсруулсан хуулийн төсөл нь бэлэн болж, УИХ-д өргөн бариад байгаа юм. Манай улсад хариуцлагын тухай хууль гэж бие даасан хууль байдаггүй. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс хариуцлага хүлээлгэх албан тушаалтан нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, дэд дарга, УИХ-ын гишүүд, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, УИХ-аас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон Засаг дарга гэсэн өндөр албан тушаалтнууд орох юм. Одоогийн явж байгаа нөхцөлөөр тэд ямарваа нэгэн асуудалд орвол бүрэн эрхийнхээ ард нуугдаж, шалгах, хариуцлага хүлээлгэх, эргүүлэн татах ч боломжийг олгодоггүй. Харин энэ байдлыг өөрчилж, сахилга, улс төрийн, ёс суртахууны гэсэн хариуцлагуудыг хүлээлгэхээр Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөлд тусгаад байна.

Уг хуулийн төсөлд тусгаснаар сахилгын хариуцлагыг хууль, тогтоомж, тангараг, ёс суртахууны дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан ногдуулахаар тусгажээ. Харин Улс төрийн хариуцлагын тухайд Үндсэн хууль, хууль ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эргүүлэн татах, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг хоёр эсвэл дөрвөн жилийн хугацаатайгаар хязгаарлах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь.Хэрэв төрийн албаны нэр хүнд, төрийн албан хаагчийн эрх үүрэг, ёс зүйд ноцтой харшилсан ёс суртахууны хариуцлага алдсан тохиолдол бүртээ тухайн албан тушаалтан үнэн зөв тайлбар өгөх үүргийг хүлээнэ. Албан тушаалтан нь өөрийнхөө санаачилгаар буруугаа хүлээж, хариуцлагаа сайн дураар хүлээх улс төрийн соёлыг бий болгож ёс суртахууны хариуцлага хүлээсэн бол улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заажээ. Энэ бол улс төрийн карьераа унагахгүй, цаашид төрийн ажил хийе гэж байгаа албан тушаалтан юун түрүүнд ёс зүйтэй байж, өөрөө буруугаа хүлээж, албан тушаалаасаа буудаг ийм тогтолцоог бий болгох эхний алхам гэж харж болох юм. Өнөөдөр улс төрийн амьдралд сайн дураараа албан тушаалаасаа татгалзаж, хариуцлагаа хүлээж байгаа жишиг манайд төдийлөн байхгүй. Албан тушаалаасаа татгалзана гэдэг төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд гаргаж боломгүй үйлдэл юм шиг тэд аашилдаг. Харин үнэн хэрэгтээ Японд гэхэд Ерөнхий сайд нь ард түмнийхээ итгэлийг алдсан л бол хариуцлагаа ухамсарлаж, ард түмнээсээ уучлалт гуйж, ажлаа өгдөг. Ийм л ёс зүйтэй байх тухай, улстөрчдийн хариуцлагатай байх тухай ярих цаг хэдийнэ болсон.

Ерөнхийлөгчийн зүгээс дараагийн өргөн мэдүүлсэн хууль бол Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл. Уг хуулийн төсөлд хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, мөрдөн шалгах, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн сонсгол гэсэн үндсэн долоон төрлийн сонсгол явуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахаар тусгаад байгаа юм. Төрд иргэд дуу хоолойгоо хүргэдэг оролцоо бага боловч байлгах ёстой.Энэ үүднээсээ төр иргэдээ сонсохын тулд эрх зүйн орчныг бий болгож, хууль батлах шаардлагатай гэж үзжээ. Тухайлбал, хууль санаачлагч нь хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, нийтийн ашиг сонирхолтой шууд хамааралтай нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлыг шийдвэрлэх асуудлаар Хууль тогтоох сонсголыг зохион байгуулах юм байна. Түүнчлэн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үүднээс УИХ, нутгийн өөрөө удирдах байгууллага Ерөнхий хяналтын сонсгол хийнэ. Үүнээс гадна иргэд төрийн байгууллагууд төсвийг хэрхэн хянаж, зарцуулж байгаа талаар хяналт тавьж, үгээ хэлэх боломж бүрдэх нь. Төсвийн хяналтын сонсголоор төсөв мөнгөтэй холбоотойасуудлаар иргэдийн үгийг сонсдог болох юм. Иргэдийн үгийг сонсож, улмаар тэдний оролцоотойгоор төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн орчныг бий болгохоор дээрх хоёр хуулийн төслийг УИХ хэлэлцэнэ. Мэдээж хариуцлагын тогтолцоог бий болгохын тулд хуульчилж өгөх ёстой. Хуульгүй учир тэд хариуцлагатай байна гэдгийг мартсан гэдэгтэй та санал нийлэх биз ээ.

Ц.Гэрэл

uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих