Хаан банкны өмнө Төрийн яам хүчин мөхөсдөв үү?

Наадам дуусч мөнгөө дууссан иргэд Хүний хөгжлийн сангийн хувиа авахаар банкны үүдэнд иржээ.

Гэтэл ”Та хүний хөгжлийн 21 мянган төгрөгөө Хадгаламж банкнаасаа аваарай” гэсэн зар бичигтэй нүүр тулж бухимдангуй буцаж байна. Монголдоо хамгийн том Хаан банк Хүний хөгжлийн сангийн мөнгийг энэ сараас эхлэн олгохгүй гэсэн шийдвэрт Хөдөлмөр нийгэм хамгааллын яам хүчин мөхөстөв. Хүний хөгжил сангаас сар бүр олгодог 21 мянган төгрөгийг иргэдэд  ямар суваг, аль банкаар тараавал хэл ам татлаа, түтлээгүй, урт “очер” дараалалгүй олгох талаар салбарын яам толгойгоо гашилгаж сууна. 21 мянган төгрөгийг хамгийн олон салбартай гэдгээр нь Хаан банкаар тараалгасан. Гэтэл  “хаан” гэж өөрийгөө өргөмжилсөн Хаан банк хааны хэргэм зэрэг гаргаж “бид ядууст үйлчилэхгүй баячуудад үйлчилнэ”  гэсэн зарлиг буулгажээ гэхэд болно.

21 мянган төгрөг тарааж эхлэх үеэр  Хаан банкны маркетингийн албаны дарга М.Чанцалмаа “Хүүхдийн 3000 мянган төгрөг тараахад банкинд ашиг муу унадаг. Одоо 21 мянган төгрөг тараана. Ашигтай байх л байх гэхдээ ачаалал нэмэгдэнэ” гэж хариулж байсан. Хаан банкинд 21 мянган төгрөг тараах бас л ашиггүй байсны нэг жишээ эндээс харагдаж байна. Эх орны хувь хишгийг Хаан банкнаас авдаг байсан иргэд энэ сараас эхлэн Хадгаламж банкнаас авах болжээ. Хаан банк нийт иргэдэд дээрх мөнгийг түгээдэг байснаасаа татгалзсанаар иргэдэд эх орны хувь хишгийг хүргэх банк ийнхүү өөрчлөгдөж байгаа юм.  Монгол орон даяар 350 орчим салбартай Хаан банк хүний хөгжлийн мөнгийг тараахад ийнхүү сөхөрч байхад зарим сумын төвүүдэд огт салбаргүй Хадгаламж банк тарааж дийлэх үү. Энд тэнд салбар нээж эхэлсэн тухай мэдээлэл тавигджээ. Тухайлбал Хэнтий , Дорнод аймгийн зарим сумдад Хадгаламж банк салбараа  нээж амжаагүй байна.

Та нээгдэхээр нь үйлчлүүлээрэй гэсэн зарлал зарим сумын Хаан банкны үүдэнд бичиж тавьсан сурагтай. Улаанбаатарт ч ялгаагүй  Хадгаламж банкны салбар тун хомсхон. Зарим хороодод энэ сараас эхлэн эх орны хувь хишгийн 21 мянган төгрөгийг ойролцоох Хадгаламж банкнаас авна уу гэсэн зарлалыг наасан байна. Мөн хөдөө орон нутагт Хадгаламж банк сум бүрт касстай болохоор ажиллаж эхэлжээ.  Иргэнд тухайн хорооныхоо хаана байрладаг ямар салбараас эх орны хувь хишгээ авах мэдээлэл алга. Төөрөлдсөн иргэд банкаа хайж явсаар, Хадгаламж банк  салбараа нээх гэсээр байтал  дараа сар гарч мэдэх нь. Ер нь хүний хөгжлийн мөнгийг нэг банкаар монополь байдлаар тараах нь  иргэдийг хохироож байна гэж банкны үүдэнд дугаарласан иргэд ярьж байна. Аль хороодын иргэд Хадгаламж банкны аль салбараас хэрхэн мөнгөө авах талаар мэдээлэл дулимаг байгаа юм. Төр засаг иргэддээ мөнгө өгөх гээд байдаг. Харин банкны сул дорой тогтолцооны өмнө хүчин мөхөстөж буй нь эндээс илхэн. Саяхан л Хөгжлийн банк гээд байгуулаад байсан. Төрийн мэдлийн ганц банкаараа үүнийгээ хийлгэхгүй юм бол банк байгуулж байх ямар шаардлага байна. Эсвэл энэ банкныхаа өмнө бас хүчин мөхөстөв үү.

Ц.Мягмарбаяр
shuum


URL:

Сэтгэгдэл бичих