Д.Дондог: Надад тэр хэргийг мянга тулгаад ч би үхэн үхтлээ үгүй гэнэ

УИХ-ын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичиг өнгөрсөн мягмар гаригт Д.Дэмбэрэл даргад иржээ. Уг бичигт түүнийг Эрүүгийн хуулийн 148.4 буюу залилангийн хэрэг хийсэн гэж буруутгаж байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Дондогтой ярилцлаа.

-Улсын Ерөнхий Прокурорын газраас таны гишүүний эрхийг тань түдгэлзүүлэх бичиг Д.Дэмбэрэл даргад ирсэн гэж байна. Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дарга Д.Одбаяр тухайн бичигт хариу өгсөн гэж мэдээлэл хийлээ. Ямар үндэслэлээр ийм бичиг ирэх болов?
-Бичгийн хариуг яаж өгөхийг албаны хүмүүс шийдээд явж байна гэж ойлголоо. Харин үндэслэлийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Энэ бол цэвэр гүтгэлэг явж байгаа гэж ойлгож байна. Би ямар нэгэн хүний мөнгийг худлаа болзол тавьж залилан сонгуулийн ажилд зараагүй. Сонгуулийн ажиллагаанд 150 сая төгрөг зээлж орсон. Буцаад төлсөн нь үнэн.

Хэн нэгэн дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэн хүний мөнгө үрсэн хариуцлагыг би үүрэх ёсгүй гэсэн байр суурьтай байгаа. Сүүлийн нэг жилийн хугацаанд өнөөдрийг хүртэл надтай прокурорын байгууллагаас дуудаж асуусан зүйл байхгүй. Нэг л удаа энэ хүмүүсийн гомдол дотор таны нэр явж байна гэж дуудаж мэдүүлэг авсан. Түүнээс хойш тантай холбоотой зүйл алгаа гэж хоёр удаа мэдээлж байсан. Би ч түүнд итгэж байсан. Яагаад гэвэл надад хийсэн хэрэг байхгүй учраас нотлох баримтгүй гэж ойлгож байлаа.

Сая бичиг орж ирж байгаа юм байна. Би бол хуулийнхныг зөв талаас нь ажиллаасай гэж боддог. Хуулийнхан ямар нэгэн улс төр, мөнгө орохгүйгээр аливаа хүний хэрэг үүссэн байдаг бол шалгаасай гэж бодож байна. Энэ хэргийн үнэн нь олдох байх.

-Сонгуулиас өмнө таныг газрын хууль бус наймаа хийсэн гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Сая ирсэн прокурорын бичигт залилан хийсэн гэсэн үндэслэлтэй юм байна. Энэ хоёр хоорондоо холбоотой юу?
-Тэр улсууд л томъёолж гаргаад байгаа болохоос надад тийм юм байхгүй. Жишээлбэл газартай холбоотой асуудлын хувьд би газрын албаныхантай ямар нэгэн холбоогүй, надад тийм эрх мэдэл байхгүй. Улаанбаатар хотын газрын албаныханд надад газар өгөөч, би хүнд өгч мөнгө авах гэсэн юм гэсэн зүйл огт байхгүй. Хүний мөнгө залилж аваагүй. Зээлээр мөнгө авсан, буцаагаад өгсөн.

-Та яагаад заавал Д.Сайнбаяраас 150 сая төгрөг зээлсэн юм бэ?
-Сонгуульд оролцох хандивын уулзалт хийх гэж байхад манай орон тооны бус зөвлөх залуу “Ингэж яах юм бэ. Дараа нь олон хүн хүүхэд ажил, сургуульд оруулж өгөөч гэж тань руу яриад өчнөөн юм болно. Тэртэй тэргүй би компанитай. Таны сурталчилгааг би зохицуулаад дараа нь хоорондоо тооцоогоо хийе” гэсэн. Тэгэхээр нь орон тооны бус туслахдаа итгэсэн. Тэгээд л тэр мөнгийг авсан, тэр нь ч гэрчтэй. 150 сая орчим төгрөг зарцуулах юм шиг байна, түүнээс илүү гарвал төлж чадахгүй шүү гэж байгаад авсан. Түүнийгээ ч буцааж өгсөн байгаа.

-Таны туслах байсан хүн ийм яриа гаргах болсон шалтгаан юу юм бол?
-Орон тооны бус туслах гэж байж байгаад УИХ-ын шийдвэрээр тэр орон тоог хассан шүү дээ. Тэгэхээр намайг ажилд авсангүй гэж гоморхдог юм билээ. Хуулиар байхгүй болчихож байгаа албан тушаалыг би яах билээ. Түүнээс гадна сонгуулийн дараа тооцоо нийлье гэхэд зугатаагаад байсан, сүүлд нь намайг ийм юманд ашиглах гэж л явсан юм байна. Одоо ч гэсэн миний нэрийг бариад яваад байгаа.

Саяхан Иргэний бүртгэл, Мэдээллийн төв дээр “Би Дондог гишүүний зөвлөх байна, гадаад паспорт авах гэсэн юм” гээд явж байсан гэнэ. Тэднийхэн надад мэдээлсэн. Замын цагдаагийн газар дээр ч гэсэн миний нэрийг бариад машины номер авах гээд явж байж. Ийм маягаар миний нэрийг барин тэр хүмүүсийн мөнгийг авч идсэн гэж би ойлгож байгаа. Тухайн мөнгөө алдсан хүмүүс ч та холбоогүй юм байна, бидний зүгээс таны нэр төрийг сэргээж өгнө гээд ярьсан. Гэтэл Д.Сайнбаяр “Яадаг юм нэр төртэй хүн хандив авсан гээд хүлээчих” гэж хүнээр хэлүүлсэн байна билээ. Тэгэх юм бол та ч нэр төр чинь сэвтэхгүй, би ч асуудлаас гарчихна гэсэн байгаа юм. Харин би үгүй гэж хэлсэн.

Би аваагүй юмаа хүлээн зөвшөөрч нэр цэвэрлэнэ гэж байхгүй. Түүнээс гадна тэгвэл таныг энэ намаас нэр дэвших эрхгүй болгоно гэж байна гэсэн. Надад бол хамаа алга. Ямар амь биш, тэр хүртэл надтай хурц тэмцэнэ гэж байгаа бол тэгнэл биз. Харин манай хууль хяналтынхан тийм сахилгагүй хүний үгээр нотлох баримт байна гэж үзэх юм бол алдаатай буруу ажиллаж байна гэж үзнэ.

-Таныг нэр дэвших эрхгүй болгоно гэж хэлж байхыг бодоход таны орон тооны бус зөвлөх чинь намд тийм дээгүүр байр суурь эзэлдэг хүн юм уу?
-Одоо тийм юм байлгүй дээ. Нөлөөтэй л болох юм байлгүй. Зүгээр л нэг жижигхэн залуу байгаа. Том компанитай гэсэн сүүлдээ үгүй болж хувирсан. Би аав ээж, өвөө эмээг нь таньдаг юм байгаан. Манай аав ээжтэй хөдөө айл байсан хүний хүүхэд. Туслах болъё гээд гуйгаад байхаар нь орон тооны бусаар нь явж л байг гээд авсан. Харин би аз болоход сонгууль болоход тэр хүнтэй хамт явж байгаагүй юм билээ.

-Сүмбэр компанийн захирал нь гомдолтой гээд байгаа юм биш үү?
-Тэр хүн эртээд над руу утасдаж байсан шүү. Д.Сайнбаяр надтай уулзаад таны эсрэг мэдүүлэг өгөөч гэж хуулийнхантай нийлж дарамтлаад байна. Яах вэ? гэж байсан. Тэгэхээр нь та захиалгаар мэдээлэл өгдөг болчихсон бол тэгээ гэсэн. Та бид хоёрын хооронд яриа байхгүй ш дээ гэж байна билээ. Тэр хүн эцсийн үлдэгдлээ авлаа гээд гарын үсгээ зурчихсан хүн шүү дээ.

-Хэрэв таныг буруутай гээд гараад ирэх юм бол эрхээ түдгэлзүүлэхэд бэлэн үү?
-Би бол тэгээд гүтгэгдээд л явна. Түүнээс өөрөө би хүлээн зөвшөөрөх юм байхгүй. Тэр асуудлаар мянга ч надад тулгаад ч үхэн үхтлээ л үгүй гэнэ. Үгүй л юм чинь.

Б.Энхжаргал
Нийслэл таймс


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.