Орхон гол биш бохир дамжуулах хоолой болох нь ээ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг бол Монголын аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг. Орхоны хүрхрээ, Төвхөн хийд, Найман нуур гээд байгалийн үзэсгэлэнтэй газар энд бий. Улаанбаатараас гараад давхилаа гэхэд зам зуур ч нүд унагах байгаль арвинтай. Элсэн тасархай, Эрдэнэзуу хийдээр дайрч, Үүртийн тохойн өндөр хясааны ирмэгээр өнгөрч, Бат-Өлзий сумын нутаг руу орно.

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын амралт олон өдөр таарсныг далимдуулсан амрагчид энэ нутгийн зүг уралдааны морь шиг тоос татуулан цуварч байна лээ. Гадаадын жуулчид ч ялгаагүй морьтой, машинтай үргэлж аялж явдаг нутаг билээ. Ялангуяа энэ жил бороо их орсон учраас Орхоны хүрхрээ буюу Улаан цутгалан өмнөх жилүүдийнхээс илүү урсац ихтэй байна.

Тиймээс хүрхрээг тойроод сумын төвөөс дутахааргүй хөл хөдөлгөөнтэй байх ажээ. Тэр байтугай хуурай сайр болоод олон жилийн нүүр үзэж байгаа жижиг гол, горхинууд хүртэл эргээд сэргэснийг харахад сэтгэлд үнэхээр өег. Ёстой л ус, ургамал тэгширсэн, сайхан зун болж байна. Гэвч өр өвдмөөр нэг зүйлтэй таарлаа. Улаан цутгалангаас зүүн тийш зуун алхам ч хүрэхгүй газарт Улааны гол, Орхон голтой нийлдэг.

Уг нь хоёулаа л гол. Гэтэл хойноос нийлж урсч байгаа Орхоны гол барилгын шаврыг багахан шингэлсэн аятай шар шороогоор урсч байх юм. Улааны голын цэнгэг ус, Орхоны голын шар шороотой нийлж буйг харахад үнэхээр гол харламаар. Энэ байдлыг Улаан цутгалан хийгээд Орхон голын саваар аялж явсан түмэн нүд гэрчилнэ. Үүнийг харсан бүхэн харамсан дуу алдаж байсан.

Одоогоос хоёр жилийн өмнө Орхон голын эх дээр үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайнууд голыг бохирдуулж байгаа тухай манай сонин бичиж байсан. Түүний дагуу тухайн үед Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга байсан Я.Содбаатар Өвөрхангайн Хархорин суманд усны бохирдлыг тогтоох төв байгуулах шийдвэр гаргаж байсан билээ.

Алтны уурхайнхан энэ удаа ч бас бороогоор далимдуулан алт угаасан усаа гол руу урсгасан байх юм. Алтны уурхайнхан гэдэг нь. “Алтандорнод Монгол”, “Монгол газар” компани. Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газрынхан болоод аймгийн Мэргэжлийн хяналтынхан жил бүр тус компанийнхантай хариуцлага тооцдог ч үр дүн өнөө хүртэл бага.

Энэ удаа ч бас Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхантай хамтран ажлын хэсэг байгуулан газар дээр нь очихоор өчигдөр хөдөлжээ. Энэ талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Сумъяа-Сүрэнгээс тодрууллаа.

-Орхон гол дахиад л шавраар урсдаг боллоо. Үүнийг ажлын хэсгийнхэн яаж зогсоох гэж байна вэ?

-Хэдэн өдөр бороо орсныг далимдуулан алтны компаниуд шавраа урсгаад байна. Орхон голын эхийг бохирдуулж байгаа компаниуд Архангайн нутагг байдаг болохоор үйл ажиллапааг нь шууд зогсоож болдоггүй. Манай газар нутагт харьяалалгүй хэрнээ хор уршиг нь манайд ирээд байгаа юм.

-Одоо “Алтандорнод Монгол”, “Монгол газар” хоёр тэнд олборлолт явуулдаг юм уу. Эсвэл хувиараа алт олборлодог хүмүүс байдаг юм уу?

-Тэд газраа хувь хүн, жижиг аж ахуйн нэгжүүдэд худалдсан. Гэхдээ Орхон голыг ийм болгосон хариуцлагыг дээрх компаниуд л үүрэх учиртай. Тиймээс бид ямар ч гэсэн голоо хэвийн урсгахын тулд шаардлагатай арга хэмжээг авна.

-Уг нь бол газар нутаг дээр нь байгаа учраас Архангайн холбогдох хүмүүс алтны компаниудад хариуцлага тооцох ёстой юм уу?
-Хор уршиг нь өөрийнх нь нутагт гарахгүй болохоор тэд тоохгүй байгаа юм. Алтны компаниуд Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газарт 17 сая төгрөг өгсөн юм билээ. Тэгээд л хариуцлага тооцож чадахгүй, чимээгүй байгаад байна.

-Уг нь хоёр жилийн өмнө энэ асуудал сөхөгдөж байхад Хархоринд усны бохирдол тогтоох төв байгуулах тухай ярьж байсан. Тэр юу болсон бэ?
-Тэр төвийг байгуулах хөрөнгө энэ жилийн төсөвт суусан. Ирэх жилээс барих болов уу. Орхон гол зүгээр ч нэг шавраар урсаагүй нь тодорхой. Гол дагаж зусдаг нутгийн айлаас хүн хордож, сумын эмнэлэгт хүргүүлсэн тухай яриа тухайн үед гарч байсан нь үүнийг гэрчилнэ. Тиймээс Орхон гол дагаж буусан айлууд ундныхаа усыг авахын тулд хэдэн км хол явдаг байсныг санаж байна.

Ядаж л аялал, жуулчлалын энэ үеэр Орхон голд загас барьж, усанд нь орж, амрах ямар ч боломжгүй болж байгаа юм. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр болгон гардаггүй л болохоос биш жилийн жилд Орхон гол их, бага хэмжээгээр бохирддог.

Сумын удирдлагууд үүнтэй хэрхэн тэмцдэг талаар сумын Засаг даргын орлогч М.Жамъяан-Шадав ингэж ярьж байна.

-Орхон гол бохирдож байгаа нь ганц, хоёр удаагийнх биш. Өнгөрсөн хугацаанд хүн хордож байсан тохиолдол гарч байсан уу?
-Шууд уснаас хордсон тохиолдол бол гараагүй. Мэргэжлийн хяналтын газраас 2-3 удаа ирж шалгалт хийсэн.

-Сум, аймгийн холбогдох хүмүүс шаардлага тавьдаг ч үр дүн гардаггүй бололтой?
-БОЯ, Мэргэжлийн хяналтын газар хамтраад алтны компаниудын үйл ажиллагааг түр хааж байсан. Гэсэн ч буцаад үйл ажиллагаагаа явуулаад, шороогоо урсгаад эхэлдэг. Сая наадмыг далимдуулаад, шороогоо урсгачихлаа. Одооноос Орхон арай гайгүй урсч байна гэж хүмүүс ярьж байна лээ.

Манай оронд 3811 гол мөрөн, 7000 орчим булаг шанд, 3500 гаруй нуур, 187 месөн гол, мөнх цас, улсын чанартай 120 гаруй рашаан, газрын доорхи усны 139 орд газартай гэсэн тоо байдаг юм байна. Тэр дундаас урсацаараа томоохонд тооцогддог Орхон түшээ гүн маань жил жилийн зун шавраар урсдаг болох нь. Хувийнхаа эрх ашгийг экологийн тэнцвэрт байдлаас дээгүүрт тавьсан хүмүүст дорвитойхон хариуцлага тооцохгүй бол Орхон гол биш бохир дамжуулах хоолой болох нь ээ.

Орон нутгийн эрх мэдэл багатай эрхмүүд нь тэмцээд угаасаа дийлэхгүй нь. Тэгэхээр БОЯ болоод тойргийнх нь гишүүд үүнийг анхаарч үзэх цагболжээ. Орхон түшээ гүн ийм эмгэнэлт байдалд ороод байгааг тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Учир нь тэдэн шиг их жийп хөлөглөн, урт цуваа үүсгэн сүржигнэж, хөдөөгүүр давхидаг хүн цөөн л болов уу.

Ядаж үр хүүхэд, хамаатан садан нь Орхоны хүрхрээг үзэх гэж очиж л байгаа. Улаан нүдэн дээр нь сэтгэл сэргээж, бас сэтгэл гундаах хоёр дүр төрх зэрэгцэн оршиж байх вий. Энэ голыг ийм байдалд хүргэсэн хүмүүс ч үр хүүхэдтэйгээ энд зугаалж л яваа. Тэд хараад юу бодож, хүүхдүүддээ юу гэж хэлдэг бол.

Ямартаа ч аймгаас ажлын хэсэг гарч ажиллахаар явсан. Орхон түшээ гүн цэнгэг урсгалаараа урсах хүртэл энэ сэдвийг бид үргэлжпүүлэх болно.

Д.Пүрэвсүрэн


URL:

Нэр: Salvatore Pizzuti Огноо: 13 November 2019

Сэтгэгдэл бичих