Таггүй траншей нийслэлчүүдийн амийг “залгисаар” байна

Өнгөрсөн өвөл хотын удирдлагууд Нийслэлийн Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, тэдний санаа бодлыг сонссон. Энэ уулзалтын үеэр Багануур дүүргийн нэг иргэн хотын удирдлагуудаас “Та нар надад Монгол хүний үнэлэмжийг хэлж өгөөч. Тухайлбал, би хэдэн төгрөгөөр үнэлэгдэх вэ” гэж асууж билээ.

Түүний энэ асуултад хариулт өгөх дарга олдоогүй. Магадгүй өдрөөс өдөрт золгүй байдлаар амь насаа алдаж байгаа хүмүүсийн талаар санаа зовсондоо тэр хүн ийм асуулт асуусан байх. Гэхдээ түүний асуулт ажил хариуцагчдаас хүний амь нэхсэн үйлдэл байсан гэвэл үнэнд ойртох буй за. Учир нь сүүлийн хэдэн жил хүмүүс золгүй байдлаар амиа алдах явдал ихсээд байна.

Үүний нэгээхэн жишээг л энд дурдъя. Та бидний нэрлэж заншсанаар траншей буюу инженерийн шугам сүлжээний таггүй худагт хэчнээн хүн унаж алтан амиа алдаж, бэртэл гэмтэл авсныг нэг бүрчлэн тоочвол урт дараалал үүсэх нь тодорхой. Зарим баримтыг эргэн сөхөе.

Баримт-1 Траншейнд хүн унаж бэртлээ
2010 оны есдүгээр сарын 14. “Тумбааш” үйлчилгээний төвийн хашаан доторх траншейнд 25 настай эрэгтэй X унаж бэртэв. Түүнийг “Шуурхай бүлэг 105″-ынхан нүхнээс гаргаж эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ.

Баримт-2 Траншейнд хүн унаж гэмтэв
2010 оны 11 дүгээр сарын 9. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах хуучнаар “Ардын эрх”-ийн байрны хажуугийн траншейнд 17-18 цагийн орчимд хүн унаж гэмтэв. Мэдээллийн дагуу шуурхай бүлгийнхэн очиход 58 настай, эрэгтэй иргэн Б траншейнд унаж бэртсэн байсанд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүллээ.

Баримт-3 Хүн траншейнд унаж нас барлаа
2010 оны 12-р сарын 21. Сүхбаатар дүүргийн долдугаар хороо Түлэнхийн төвийн зүүн талын дулааны шугамын худагг 40 орчим насны эрэгтэй унаж нас барлаа. Түүнийг халуун усанд шалзлагдан нас барсан болохыг тухайн үед хэвлэлүүд бичиж байсан.

Баримт-4 Иргэн Ц худагт унаж зүүн хөлөө хугалав
2010 оны долдугаар сарын 6. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Улсын иргэний бүртгэл мэдээллийн газрын урд талын траншейнд хүн унасан гэх дуудлагын дагуу Аврах отрядын бүлгийг гаргахад төвийн шугамын худагт иргэн Ц унасан байжээ. Иргэн Ц-ийн зүүн хөл хугарсан байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэжээ.

Баримт-5 Ахмад сэтгүүлчийн амь насыг онгорхой траншей авав
2011 оны долдугаар сарын 4. УИХ дахь МАН-ын бүлгийн хэвлэлийн ажлын албаны ажилтан, ахмад сэтгүүлч Чингэлтэй дүүргийн нутаг Зоос гоёлын ойролцоох траншейны нүхэнд унаж амиа алдлаа. Тэрээр 19.00 цагийн орчимд ажлаасаа гарч бороонд алхаж яваад траншейны нүхэнд унаж осолджээ.

Хамгийн сүүлчийн эмгэнэлт мэдээ энэ байна. Энд дурдсан баримтууд нь зөвхөн түүвэрлэн авсан зүйлс. Үүнээс гадна найман настай охин, 30 настай эмэгтэй траншейнд унаж алтан амиа алдсаныг манай уншигчид санаж буй биз ээ. Энэ мэт гамшиг нүүрлэсэн хотод бид амьдарч байна. Таггүй траншей нийслэлчүүдэд тавьсан “хавх” болон хувирч байхад ажил хариуцагчид өнөөг хүртэл дуугүй суугаа нь хачирхалтай. Учир нь нийслэлд таггүй траншей байсаар л байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо Дашчойлин хийдийн урд талын дөрвөн замын уулзварын ойролцоо хоорондоо 20 алхамын зайтай гурван траншей бий. Өчигдрийн байдлаар үүний хоёр нь таггүй байна. Хоёр худгийн нэгийнх нь аман дээр дугуйны бакришик тавьжээ. Энд жолооч нар машинаа зогсоодог учир энэ худагт дугуйгаа хийсэн жолооч ийм тэмдэглэгээ тавьсан байх. Харин таг нь дотогш цөмөрсөн траншейны хажууд сэрэмжлүүлсэн ямар ч тэмдэглэгээ алга. 100 метр хүрэхгүй газарт л таггүй траншей хоёр байна.

Уг нь нийслэлд ойролцоогоор 1000 гаруй инженерийн шугам сүлжээний худаг/ траншей/ байдаг. Үүнээс 600 орчмыг нь Дулааны шугам сүлжээ компанийнхан хариуцдаг гэх юм билээ. Онгорхой траншейг таглахгүй байгааг ажил хариуцагчдаас нь асуухад “Бид тагладаг. Шөнө гэр оронгүйчүүд хулгайлж аваачаад зарчихдаг. Харин шахмал хуванцар тагийг нь машин дайраад хагалдаг” хэмээн учирлах нь бий. Энэ ч бас үнэний ортой. Гэхдээ траншей таггүйн улмаас хүний амь үрэгдэж байгааг анхаарах учиртай. Олон хүний амийг “залгисан” таггүй траншейг бөглөх нь хэний хариуцах ажил юм бол оо.

Ямартаа ч хотын дулаан, цэвэр, бохир усны хоолой, кабелийн сүлжээг нийслэлийн Дулааны шугам сүлжээний газар, Ус сувгийн удирдах газар, “Цахилгаан холбоо”, “Усны барилга байгууламж” компани зэрэг байгууллага худаг тагтай нь хариуцдаг. “Эдгээр байгууллага траншейг таглах ёстой. Мөн нүхнээс үүдэлтэй хохирлыг эд барагдуулах учиртай” гэх юм билээ. Уг нь албан байгууллагууд өөрийн орчин дахь 50 метр доторх газрын дулааны худгийг хариуцах ёстой ажээ. Харамсалтай нь дээр дурдсан газруудын аль нь ч траншейг таглаж чадахгүй байна. Тиймээс манай сонины дэвшүүлэн тавиад буй Орчны тохижилт, аюулгүй байдлын байцаагч нар энэ ажлыг хийх учиртай. Тэд онгорхой траншейг ойролцоох байгууллага хийгээд хариуцдаг газарт нь мэдэгдэн таглуулж, хэрэв тухайн байцаагчийн хариуцсан газарт ямарваа нэгэн осол гарвал байцаагч хариуцсан газартайгаа хариуцлагыг нь үүрдэг байх ёстой.

Хүний амь бүрэлгэсэн хүн ял авдаг. Гэтэл хүнд “хавх” тавьж, амь насыг нь хохироосон хүнд ямар хариуцлага ногдуулах ёстой вэ тэрийгээ эдлэх учиртай. Гэтэл өнөөг хүртэл нэг ч байгууллага, аж ахуйн нэгж ийм хариуцлага хүлээсэнгүй. Манайд дулааны худгийн тагны стандарт гэж байдаггүй юм билээ. Үнэхээр л хүмүүс тагийг нь хулгайлаад хийсэн ажлыг нь үгүйсгэхэд хүргэдэг юм бол гялгар уут, хуванцар, хаягдал дугуйг боловсруулж, шахаад бат бөх таг хийж болохгүй гэж үү. Өөрөөр хэлбэл, хулгайч аваад явчихааргүй материалтай нэг стандарттай таг үйлдвэрлэдэг болвол онгорхой траншейнд хэн ч амиа алдахгүй, бас ажлаа хийсэнгүй хэмээн хэн ч чичлүүлэхгүй.

Сураглах нээ зах зээлийн үнээр траншейны төмөр таг 35-40, цементэн цутгамал нь 20 гаруй мянган төгрөгийн ханштай байдаг гэнэ. Ингээд бодохоор нийслэлд 35-40 мянган төгрөгөөр л хүний алтан амь сүйдэж байна гэсэн үг.

Ж.Тагтаа


URL:

Tags:

Нэр: Katharina Hom Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих