Дорнодын долоон зовлон

Дээхнэ, соц нийгмийн үед Дорнодын оюутнууд бусад аймгийнхнаас ялгардаг байж. Өмссөн зүүсэн, стиль имиж гэж аргагүй өөр байжээ. Амралтаараа нутаг буцахад нь “Ямар ч хамаагүй, гадаадын костюм пиджак олж өгөөч” гээд халаасанд 200-300 төгрөг хийгээд явуулдаг байсан гэж байгаа. Хилийн аймаг, оросууд нутагшчихсан. Хятадтай хил залгаа. Тиймээс Дорнодод бүх юм байдаг хэрэг.

 

350 саяын тендерээр босгосон “бїтээн байгуулалт” дүр төрхөөрөө байгаа нь энэ.

За тэгээд, махком­бинатын амттай гэж жигтэйхэн хиам, хивсний, гурилын үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд гээд нэр тахалсан брэндүүд соц нийгмийн гэх тэр үед л бий болжээ.

Тэр үед Улаан­баатарын дараа орох үйлдвэржилтийн том хот болгох төлөвлөгөөг улсаас гаргаж том том үйлдвэрүүдийн шав тавьж, улмаар ашиглалтад оруулсан байх юм. Дорнодод оросууд хамгийн ихээр суурьшсан. Тэр хэмжээгээр бүтээн байгуулалт гэдгийг жинхэнэ утгаар нь хийсэн юм билээ.

Дээрээс нь Дорнод сайхан нутаг. Эх орны зүүн хязгаар. Дорнод аймгийн нутагт Буйр нуураас баруун тийш 90 гаруй км урт, 60 гаруй км өргөн Мэнэнгийн тал гэж бий. Мөн Халх голын сав газар, алдарт Нөмрөгийн дархан газар гэж үзэсгэлэн бүрдсэн сайхан хангай энэ нутагт байдаг.

1989 онд оросууд гэнэт нүүж, Монголд ардчилсан хувьсгал ялж, улс даяар шилжилтийн үе эхэлж нэг ёсондоо хямарсан даа. Тэр үед хамгийн ихээр зүдэрсэн нь Дорнодынхон. 1990-ээд оноос өмнөх төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн “угжны хүүхэд” нь энэ нутгийнхан байсан болохоор тэр.

Тэр цагаас хойш 25 жил өнгөрчээ. Хямрал, шилжилтийн үе ард хоцорч Монгол Улс хөгжин дэвжиж байна. Хөрөнгө оруулалт ч өнөө жилийг эс тооцвол гайгүй сайн орж ирдэг болж, нутаг нутгийнхан онцлогоо дагаж хөгжсөөр…

Бидний сурвалжлах хэсэг хэдхэн хоногийн өмнө Дорнодод ажиллалаа. Дорнодын иргэд, төрийн албан хаагчид, хувийн хэвшлийнхэнтэй уулзлаа. Дарга нартай нь ч ярилцлаа. Олон байгууллага, айлаар орж амьдрал ахуйг нь сонирхов.

Чухамдаа Дорнод өнөөдөр хуучин зангаргаараа хөгжиж чадаагүй ажээ. Хөгжихгүй байгаагийн шалтгаан болсон долоон зовлон Дорнодынхонд байна.

 

ЗАСАГЛАЛЫН ДАМПУУРАЛ

Монгол Улс засаглалын хямралд орсон гэдэг. Улсыг бол мэдэхгүй юм. Харин Дорнод аймагт засаглалын хямрал биш дампуурал нүүрлэчихсэн гэж болно. 2012 оны Орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-ын 35 суудлын 18-ыг МАН авчээ. 14-ийг нь АН, хоёрыг ИЗН, нэг суудлыг бие даагч авсан байгаа юм. Аймгийн ИТХ бүрдсэн цагаас л эх толгой нь мэдэгдэхгүй хэрүүл уруул үргэлжилсэн байна. 18 суудалтай МАН нь М.Бадамсүрэн гэдэг залууг аймгийн Засаг дарга болгохоор нэр дэвшүүлсэн ч Ерөнхий сайд хүлээж авсангүй. Гурван ч удаа батламжлахаас татгалзахдаа “…М.Бадамсүрэн нь төрийн албанд гурван жил ажиллаагүй, бензин колонкод түгээгч хийж байсан байна” гэсэн шалтгаан хэлэв. Ийм маягаар ярилцаж, зөвшилцөж, хуралдсаар АН-аас аймгийн Засаг даргыг тавихаар болж 2013 оны арванхоёрдугаар сард С.Ганбат гэдэг мэс заслын маш сайн эмчийг томилуулсан байна.

Ингэж ИТХ нь цөөнхийнхөө төлөөллийг аймгийн Засаг дарга болгож, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхээр болов. Мөн Ерөнхий сайдын батламжлахаас татгалзсан МАН-ын М.Бадамсүрэнг Засаг даргын орлогчоор томилжээ. Нэг талаас Дорнодын АН, МАН хоёр эвсэж хамтраад нутаг орноо хөгжүүлэхнээ гэж харж болох. Гэвч үгүй бололтой. ИТХ-д арай цөөн суудалтай АН-аас нэр дэвшиж Засаг дарга болсон С.Ганбат нь аль ч намын гишүүн бус. Түүнд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “зөвлөдөг” гэж байгаа. Х.Болорчулуун МАН-ын гишүүн байсан. Асуудал зөвхөн энэ биш. Дорнодын ард түмэн тэдний ийм засаглалыг дэмжихээ болиод удчихсан. Дээрээс нь АН-д ч, МАН-д ч үүсээд удсан хямрал өнөөдрийн засаглалыг удахгүй унагах төлөв харагдаад эхэлжээ.

Үүнээс гадна Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагчийн суудал гэж хэрүүлийн алим бий. Уг нь 2012 оны Орон нутгийн сонгуулийн дараа өмнө нь ажиллаж байсан Ж.Энхцэцэг гэдэг эмэгтэйг улируулан сонгосон аж. Гэтэл Ж.Энхцэцэгийг аймгийн Засаг дарга нь батламжлалгүй хоёр ч жилийн нүүр үзсэн байгаа юм. Ингэж явсаар, энэ хооронд ИТХ дахь хоёр нам “зөвшилцсөөр” 2014 оны наймдугаар сард МАН-ын нөлөө бүхий гишүүдийн нэг П.Мөнхтөрийг Чойбалсан хотын захирагчаар томилохоор шийдэж, аймгийн Засаг дарга нь ч яаравчлан баталсан байна.

Ингэж АН нь аймгийн Засаг даргаа, МАН нь аймгийн төвийн Засаг даргаа авч ажиллаж эхэлсэн ч дээр хэлсэнчлэн иргэдийн дэмжлэг унаж, удахгүй намуудын дотоод хямралаас үүдэлтэй дарга нарын суудлын дэнжигнээ үүсэх нөхцөл бүрдээд байгаа ажээ. Дорнодынхон энэ зуур сайн цаг, сайхан үеэ дурссан шиг сууна. “…Хэдхээн жилийн өмнө дарга шиг даргатай байжээ” гэж аймгийн Засаг дарга асан Ц.Жанлавыг санагалзах. Тэр үеийн Дорнодоос гаралтай төрийн нэгэн түшээ төвийн зарим хэвлэлээр дамжуулан Ц.Жанлав даргын үйлийг мөн ч их үзсэн дээ гэх хүмүүстэй таарч байв.

 

ДОРНОДЫН МАН ДАРГАГҮЙ, АН НЬ ХОЁР ДАРГАТАЙ

Дорнодод АН засаг бариад байна уу, МАН засаглаад байна уу гэдгийг тодорхойлох тун төвөгтэй. ИТХ-д МАН олонх, гэсэн атлаа АН-ын талын хүнийг Засаг дарга болгочихсон. Ёстой нөгөө дэлхийд байхгүй монголчилсон загвар л энэ байх. Аймгийн Засаг даргыг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, орлогчийг нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “хөдөлгөдөг” гэх яриа Дорнодынхон дунд байна. Олны яриа ортой гэдэг. Хуучин МАН-ын гишүүн Х.Болорчулууны хүн гэгдэх аймгийн Засаг дарга С.Ганбат өдгөө өндрөө аваад байгаа Дорнодын будлианы гол төлөөлөгчийн нэг. Тэрээр өөрийгөө Дорнодын АН-ын дарга гэдэг аж. Гэтэл АН-ын бас нэг дарга нь Д.Цэрэнчимэг гэдэг эмэгтэй бий. Ардчилсан холбоог Дорнодод анх байгуулж байсан. Чингэлтэй дүүргийн АН-ын дарга байсан. Америкт 10 гаруй жил сурч байгаад ирсэн Д.Цэрэнчимэг Дорноддоо очиж АН-ын хорооны даргын үүргийг гүйцэтгэх болсоор гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй гэнэ.

Аймгийн АН-ынхан байсгээд л “зодолдоно”. Ингэхдээ намынхаа байрыг ээлжилж эзлээд суучихна. С.Ганбат Дорнодын АН-ын дарга гэдэг нь бас ч гэж учир шалтгаантай. Тэрээр Д.Цэрэнчимэгийн өмнө намын дарга байсан Г.Болдбаатарын баз хүргэн. Г.Болдбаатар нь намынхаа байрыг эзлэхдээ намын тамгыг авчихсан. Тэр тамгыг С.Ганбатад өгсөн байх гэсэн мэдээлэл байгаа юм. Өөрөөр хэлбэл, Дорнодын АН өнөөдөр Д.Цэрэнчимэг, С.Ганбат гэдэг хоёр даргатай болчихсон явна. Нэг хачирхалтай мэдээ байгаа нь С.Ганбат АН-д элсээгүй, намын батлахаа аваагүй, тийм мэдээлэл бүртгэл байдаггүй гэж байгаа. Хэдхэн хоногийн өмнө Дорнодын АН-ын гишүүд Улаанбаатарт суулт хийж байгаа тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тэднийг турхирсан хүмүүстэй холбоотой хууль бус үйлдлүүдийг хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн. Тиймээс тэр суулт болж байгаа юм гэсэн тайлбарыг Дорнодын АН-аас хийнэ лээ.

Тус аймгийн ИТХ-д олонх болсон МАН өнөөдөр тун ойл­гомж­гүй байдалтай болоод байгаа ажээ. МАН-ын хорооны дарга М.Бадам­сүрэн нь аймгийн Засаг дар­гын орлогч болж, төрийн албан хаагч болсон учир намаасаа татгалзсан. Түүнийг намаа орхин албан тушаал авсан тул намаас нь хөөсөн гэх яриа байдаг. Юутай ч жил гаруйн хугацаанд даргагүй явж байгаа. Удахгүй намын даргаа сонгохоор яриа хөөрөө хийж эхэлсэн байна.

Дорнодын намуудын байдал иймэрхүү байна. Монгол Улс пар­ла­ментын засаглалтай. Тиймээс орон нутагт ИТХ бий. Гэтэл Дорнодын ИТХ аль намын бодлогыг боловсруулж, ЗДТГ нь ямар намын бодлого дээр суурилсан үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой­гүй байна. Холион бантан гэдэг шиг…

 

МЭНЭНГИЙН ТАЛААС ГОЁ МЭДЭЭ ИРЭХ ҮҮ?

Дорнодод заяагдсан ихээхэн хувийн нэг бол Мэнэнгийн тал. Төв Азийн хялганат хээрийн хэв шинжийг бүрэн хангасан, жинхэнэ экосистем Дорнод Монголын алдарт Мэнэнгийн талд хадгалагдан үлдсэн юм. Цагтаа ан амьтны амар амгалангийн нутаг гэгдэж явсан Мэнэнгийн талд өдгөө ганц цагаан зээр ч үгүй болж. Хар алтны арвин нөөцөөсөө болж энд тэндгүй тонголзох “төмөр тогоруу”-нд эзлэгдэж, хөрс нь хар тосны хаягдалд намаг мэт дэвтэж, түүхий нефть ачсан машинуудын дугуйнд аалзны тор мэт хэрэгджээ. Монгол Улсад газрын тос олборлодог хоёр компани байдгийн нэг нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” компани юм. Энэ компани нь одоогийн байдлаар Мэнэнгийн тал болон Дорнодын байгаль орчинд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа нь шат шатны шүүхээр тогтоогдоод байгаа юм. Гэсэн ч тэд шүүхийн шийдвэрийг эрс эсэргүүцэж, одоог хүртэл хохирлыг барагдуулахгүй хэмээн том дуугарч суудаг гэнэ.

Тамсагийн орд 400-500 цооногтой. Нутгийн иргэд дөрөвт нь л гомдол гаргасан аж. Тэгэхээр үлдсэн 400 цооногт нөхөн төлбөр тооцуулах гомдол гаргавал асар их мөнгөн дүн гарах нь ойлгомжтой байж таарна.

Засгийн газартай гэрээ хийсэн гээд аймаг, орон нутгийн захиргаа, байгууллагуудын шаардлагыг үл тоодог энэ компани өдгөө нефть тээвэрлэх явцдаа 31 салаа замыг Мэнэнгийн талд үүсгэжээ. 2011 онд Бичигтийн боомт хүртэл тавина хэмээн үзэглэсэн ч замаа өнөөг хүртэл бариагүй нутгийнхан ихэд бухимддаг юм байна. “Петро Чайна Дачин Тамсаг” компани өнгөрсөн өвлийн байдлаар 521 цооног өрөмдсөнөөс 449 тос усны цооногийг ашиглалтад оруулж, өнгөрсөн онд л гэхэд 3.067 сая баррель буюу 410 тонн газрын тос олборлосон байна. Ямартай ч тус компани өнгөрсөн хугацаанд олон зуун мянган баррель нефтийг Мэнэнгийн талаар зөөхдөө байгаль орчин эко системийг нь нөхөгдөж, сэргээгдэшгүйгээр бохирдуулж хордуулсан.

Мөн тус компани  875.2 сая орчим ам.долларын хөрөнгө оруулж, 12 тэрбум 871 сая ам.долларын ашиг олсон байна.

Дорнодынхны дарга цэрэггүй хүсдэг нэг юм бий. Тэр нь “Петро Чайна Дачин Тамсаг” компаниас Дорнодод өгдөг татвар түрээсийг өндөрсгөх. Өнөөдрийн байдлаар хүн амын орлогын албан татвараа л аймагт төлдөг. Бусад татвар буюу улсын төсөвт жилд 200 орчим тэрбум төгрөг оруулдаг юм байна. Цагаан сарын өмнө “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн “бүдүүн” дарга Хятадаас ирнэ. Түүнтэй уулзаж дээрх мэтийн зарим саналаа тавихаар Дорнод аймгийн ИТХ, ЗДТГ-ынхан хүлээж байгаа ажээ.

Түүнчлэн “Петро Чайна Дачин Тамсаг” компани аймгийн удирдлагуудыг авлигаддаг гэх мэдээлэл олны дунд түгээд удаж буй аж. Нэртэй устай, тоотой хэмжээтэй “Петро Чайна Дачин Тамсаг” хийгээд Дорнод аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, цагдаагийн дарга нартай холбоотой барин тавим мэдээлэл аймгийн иргэдийн дунд ам дамжин яригдаж байна. Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөрийн хувийн олон тооны машин “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн түүхий нефтийг зөөдөг гэнэ. Ингэхдээ нэг ам буюу амны үүдэн дээр байдаг “төмөр тогоруу” хэмээх түүхий нефтийг доороос татаж гаргадаг хэрэгслийг мэдэлд нь өгдөг байна. Өөрөөр хэлбэл, өнөөх “төмөр тогоруу”-гаар дамжин гарч байгаа түүхий нефтийг хил рүү тээвэрлэх ажлыг гүйцэтгэдэг байна. Түүнчлэн “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн иймэрхүү “түнш” нөхдөөр аймгийн Засаг дарга С.Ганбат, аймгийн Цагдаагийн газрын дарга асан н.Оюунбаатар нарыг бас нэрлэх юм билээ.

Байдал ийм. Дарга нар “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн халаа­санд орчихсон. Ийм нөхцөлд орон нутаг­таа татвар хандив ахиухан үлдээж, байгаль орчин сүйтгэсэн хэрэгтэй тэмцэх зэрэг нь зүгээр л хоосон яриа болж хоцорно хэмээн нутгийн иргэд ярьж байсныг дамжуулъя.

 

ХИВСНИЙ ҮЙЛДВЭРИЙГ “НОМИН”-ГИЙН Л.ШАГДАРСҮРЭН СУПЕРМАРКЕТ БОЛГОЖ, МАХКОМБИНАТЫГ НЬ “ЖАСТ”-ЫН Ш.БАТХҮҮ БАРЬЦААНД АЛДЖЭЭ

Социализмын үед Улаанбаа­тарын дараа орох үйлдвэржсэн том хотоор Дорнодыг нэрлэн “тохижуулж” байжээ. Хөрш хоёр улс­тай шууд хиллэдэг. Олон боомт­той. Газрын тос, уран, бусад металлын нөөцөөр арвин. Тиймээс Дорнодод хивсний үйлдвэр, мах­ком­бинат, гурилын үйлдвэр, дулаа­ны цахилгаан станц… гээд томоохон байгууламжуудыг барьж ашиг­лалтад оруулсан байна. Харамсал­тай нь өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Болорчулууны мэдэлд ажилладаг гурилын үйлдвэрээс бусад нь таг. Нутгийнхны ярьж байгаагаар махкомбинатыг нь “Жаст” группын Ш.Батхүү аваад байсан. Одоо ажилладаг ч үгүй. Банкны барьцаанд хураагдсан гэнэ. Хивсний үйлдвэрийн барилга нь өнөөдөр “Номин” гэсэн хаягтай, супермаркет болжээ. Хивсний үйлдвэрийн Чех, Италийн тоног төхөөрөмжийг нь “Эрдэнэт хивс” рүү ачаад явсан гэж байгаа.

Дорнод уг нь ланжгар зах зээлтэй газар. Аймгийнхаа төвд 47 мянган хүн амьдардаг. Орос ах нарын үлдээсэн 100 гаруй таван давхар барилгатай. Дээрээс нь орон нутгийн барилгын компаниуд орон сууц, худалдааны төвүүдийг олноор нь барьж ашиглалтад оруулжээ. Нэг үгээр хэлбэл, байшин барилгын хувьд энэ аймаг ярих юм алга. Харин ажлын байрыг бий болгох, хөгжлийн томоохон түүчээ болчих үйлдвэр алга. Өнөөх “Петро Чайна Дачин Тамсаг”, бас “Адуунчулуун” нүүрсний уурхай л сайн муу хэлүүлэн аймгийг авч явна гэвэл болно. Мөн “Дорнод гурил” ХХК-ийг нэрлэх хэрэгтэй байх.

Энэ компаниудыг дагасан мөнгөний урсгал Дорнодын ард түмнийг тэжээж байна гэвэл дэгсдүүлсэн болохгүй юм байна лээ. Зөнгөөрөө орж ирж байгаа аялагчид жуулчдын орлого бас байна. Орос, Хятад руу орж гарах хүмүүс Дорнодоор дамжина, зочид буудалд нь бууна, захаар нь явна. Хэдэн төгрөгөө өгчихөөд л явна гэсэн үг.

 

ГАЗРЫН ТОСТОЙ, БООМТООР НЬ БЕНЗИН ОРЖ ИРДЭГ. ГЭХДЭЭ МОНГОЛЫН ХАМГИЙН ҮНЭТЭЙ БЕНЗИНИЙГ ДОРНОДЫНХОН ХЭРЭГЛЭДЭГ

Өнөөдөр хамгийн түгээмэл хэрэглэдэг бензин бол АИ-92. Энэ бензин Улаанбаатарт литр нь 1660. Харин Дорнодод 1880 төгрөг. Уг нь Улаанбаатарт зарагдаж байгаа бензин Дорнодын боомтуудаар орж ирдэг. Өөрөөр хэлбэл, Уралын бензин Монголд “хөл тавихдаа” Дорнодын газар нутаг дээр анх “гишгэдэг”.

Дорнодоос 200 гаруй км-ийн наана байдаг Хэнтийн төвд гэхэд АИ-92 бензинийг 40 төгрөгөөр хямд буюу 1840 төгрөгөөр борлуулдаг байна.

Мөн Дорнод аймаг газрын тосны арвин их нөөцтэй. Тэндээс 20 шахам жилийн турш хэдэн мянган баррель түүхий нефтийг соруулж өмнөд хөрш рүү гаргасан.

Одоогоос хоёр жилийн өмнө “Эх орны газрын тосоор үйлдвэрлэсэн бензин орж ирлээ …” гээд л бөөн реклам шоу болж байв даа. Одоо таг чиг. Аль ч талаас нь бодсон, Дорнодынхон хамгийн бага үнэтэй бензин хэрэглэдэг баймаар.

Бензин ийм өндөр үнэтэй учраас өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Дорнодод талийсан. Такси нь км-т 800 төгрөгөөр явна. Ямар ч хоолны газарт орсон 5000 төгрөгөөс доош үнэтэй хоол гэж байхгүй. За тэгээд, зочид буудал, хувцас барааны үнийг нь ярих ч юм биш.

Юмны үнэ өндөр учраас ард түмэн, иргэд нь сайхан амьдарч байна уу гэвэл худлаа. Бидний сурвалжлах хэсэг энэ нутгийн олон хүнтэй уулзаж, санаа бодлыг нь сонсч явсан. Үнэнийг хэлэхэд сайхнаасаа тааруухныг ярих тал нь илүүтэй таарч байв.

Уг нь Дорнодод, бүр Монгол Улсад бензин шатахууны үнийг бууруулах боломж байна. Тэр нь бас л Дорнодтой холбоотой. Эрээнцавын төмөр зам гэхээр хүмүүс мэднэ дээ. Дорнодын төв Чойбалсан хот хүрээд л дуусдаг мухар зам. Энэ замыг Улаанбаатартай холбож, түүгээрээ бензинээ тээвэрлээд эхэлбэл ч… Бас ийм зам бариад авбал Зүүн Азийн орнуудын зах зээлийн үүд Монголд цэлийтэл нээгдэх сайхан боломж харагдаад байгаа юм.  Өөрөөр хэлбэл, манай улсын олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэж, нэмүү өртөгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх үүд хаалга өргөгдөөд ирэх ажээ.

Гэхдээ энэ замыг тавиулахгүй байх сонирхол, хүч бензин импортлогчдод байдаг. Тэд Эрээнцав-Улаанбаатарын төмөр замыг тавиулахгүй өдий хүртэл барьж байгаа гэх юм билээ.

 

ТӨРИЙН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО АЛДАГДСАН. ТЕНДЕРИЙН ХӨРӨНГИЙН 90 ХУВЬ ХААЧДАГ ВЭ ГЭХ ИРГЭДИЙН АСУУЛТ ХАРИУЛТ НЭХЭЖ БАЙНА

Дорнодод дэл сул яриа гэхээсээ барин тавим баримт ярих хүн олон юм. Засаглалын хямрал, улмаар дампуурал болон үргэлжлэх үед төрийн байгууллагууд, төрийн албан хаагчид дураараа дургина гээчийг үзүүлсэн гэж нутгийнхан ярих. Хуулийн байгууллага, орон нутгийн газар, агентлагууд бие биедээ тавих хяналтаа бүрмөсөн алдсан гэж мөн ч олон хүн хэлж байна лээ. Хамгийн айхавтар нь тендерийн хөрөнгө үр дүн муутай зарцуулагддаг. Ер нь 100 сая төгрөгийн тендер зарлагдлаа гэхэд шалгарсан компани нь 10 саяар нь л ажлаа гүйцэтгэдэг гэдэг яриа гэх үү, мэдээлэл гэх үү,  ийм нэг зүйл Дорнодоор нэг тарчихаж. Ганц жишээ үзлээ. Дорнодын төвд ч юм. Юу гэлээ дээ, гоё нэртэй цогцолбор хөшөө, хаалга маягийн зүйл барихаар 350 сая төгрөгийн өртөгтэй тендер зарлажээ. Энэ тендерийг аймгийн Засаг дарга С.Ганбатын худгуй Б.Нарантуяагийн “Хүж нар” ХХК авсан гэнэ. 350 сая төгрөгийнх гэхэд арай л дэндүү гэмээр дутуу орхисон хоёр саргар юм байна лээ. Гэтэл тэр орхидсыг барих зардал өөр бас нэг эх үүсвэртэй ч байж магадгүйг сонсов.

Үүнээс гадна шүүх, цагдаа, прокурор, аудитын байгууллагуудын хяналт энэ нутагт хэт суларч, үндсэндээ зогсонги болжээ.

Уг нь 2012 оноос хойш хуулийн болон төрийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа чангарч, төрийн албан хаагчид ч дэг журам, ёс зүйтэй болоод байгаа. Энэ оны нэгдүгээр сараас Шилэн дансны хууль ч хэрэгжиж эхэлсэн. Харин Дорнод аймаг энэ бүхэнтэй хөл нийлүүлж чадаж байна уу  гэдэг асуулт хариултаа нэхэж байна.

 

ДОРНОДЫН ХҮН АМЫН ТОО БУУРЧ, ХӨРШ АЙМГУУДЫНХ НЬ МЯНГА МЯНГААР ӨСЧЭЭ

Зан сайтай айлд хүн, замаг сайтай нууранд хун цуглана гэдэг. Бас хөгжиж дэвжиж байгаа аймаг, сумын хүн ам байнга л өсч байдаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд Улаанбаатарын утаа, хөрсний бохирдол, бусад шалтгаанаас үүдэн хөдөөг зоригсдын тоо эрс нэмэгдсэн. Харин Дорнодод байдал өөр байна. Аймгийн Засаг даргын 2014 оны “Хүн ам, өрхийн мэдээллийн санг шинэчилж, мал, тэжээвэр амьтдын тооллого явуулах тухай” захирамжийн дагуу аймгийн хэмжээнд хүн амын шинэчилсэн бүртгэл хийжээ.

Дорнод аймагт 2014 оны жилийн эцсийн байдлаар 14 сумын 66 багт 74.9 мянган хүн, 22.4 мянган өрхтэй гэж тоологдсон байна. 2014 оны нийт хүн амын тоог 2013 оны хүн амтай харьцуулж үзвэл 178 хүнээр буюу 0.2 хувиар буурчээ. Хэрлэн, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр, Цагаан-овоо, Чулуунхороот сумдын хүн амын тоо өссөн бол бусад сумынх нь буурсан аж.

Жил жилийн сүүлээр аймгуудын дарга нарын мэндчилгээ төвийн сонин хэвлэлүүдээр гардаг даа. Жижүүрийн юм шиг гол хэдэн үгтэй. “Мал сүрэг таван төрөл дээрээ төдөн тоогоор, хүн ам төдөөр өслөө…” гэдэг. Аймаг орон нутаг хэр зэрэг хөгжиж байна, дарга нар нь ямархуу ажиллав гэдгийг үзүүлэх баримт бол энэ.

Хүн нэмбэл хүнс нэмнэ гэсэн сайхан үг бий. Дорнодын хүн ам сүрхий буурсан байхад зэргэлдээ аймгийнх нь өссөн байх юм. Өнгөрсөн 2014 онд Хэнтийнх 1877, Сүхбаатарынх 1067 хүнээр өсчээ.

Уг нь өсч хөгжих түмэн боломж энэ нутагт байх. Гэтэл аймаг, орон нутаг дахь засаглалын дампуурал даамжирч хөгжих боломжоо тушаад суучихаж. Дорнод бол бахархам түүхтэй, ланжгар ланжгар “од”-уудтай нутаг.

Маршал Х.Чойбалсан энэ нут­гийнх. Бүх цаг үеийн том зураачид Дорнодынх. Сурын аваргууд эднийх. Яриад байвал түүх нь ихэднэ үү гэхээс багадахгүй. Бас Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн асан Н.Алтанхуяг Дорнодын хүргэн, Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг Баянтүмэн суманд төрсөн гэж байгаа. Гэтэл хэдэн “ухаангүй ноён”-д дээрэлхүүлсэн Дорнод нутаг 1990-ээд оны хямралаас ч дориухан мултарч чадаагүй сууна. Уг нь хөгжил гэж юу байдгийг харуулах боломж энэ нутагт л байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: Zochin Огноо: 22 January 2015

ENE UDIRDLAGUUD AIMGIIN MINI DAMPUURUULAH NEE

Сэтгэгдэл бичих