Зөрүүдийн тухай зөрүүдүүд /Хошин өгүүллэг/

zaluu_54c0cbc6d2455_1Хоёр найз уулзжээ. Бага ангийн зургийн багш найз нь цонхоор харан ингэж ярилаа.

-Чи намайг мэднэ дээ. Би мөн олон хүүхэд сургаж хүмүүжүүлсэн. Энүүн шиг зөрүүд, гөжүүд хүүхэд ер үзээгүй!

-Ямар хүүхэд яриад унав аа?

-Яагаав энэ таахаг, таахаг алхлаад цааш явж байгаа хүүхэд.

-Хүүхэд ч гэж дээ, энэ чинь том хүн юм биш үү?

-Юун том хүн! Бага ангийн хүүхэд байхгүй юу. Уржигдар би морь зураад ир гээд явууллаа.

Хүүхэд болгон морь зурсан байхад ганцхан энэ тэмээ зурчихсан үзүүлж байгаа юм. Маргааш нь нохой зурах даалгавар өглөө. Бусад нь бүгд нохой зураад ирж байхад энэ ганцаараа гахай зураад ирж байгаа юм. За хүү минь эцэг эхээ авчирч уулзуул гээд явуулсан. Эгч, ах хоёроо дагуулаад ирж байгаа юм. Өнөөдөр би хүүхдүүдээр малчин айл зурууллаа. Хонь мал нь гаднаа бэлчсэн хөөрхөн зураг зурж байна. Энэ л ганцаараа уул зурчихаад үзүүлж байгаа юм. “Айл зур гэсэн болохоос уул зур гээ юу?” гээдэхсэн “Багш аа энэ уулын цаана айл бий” гэж байгаа юм шүү дээ.

Хачин зөрүүд хүүхэд нэг ширхэг байгаа юм даа, манай сургуульд.

-Хүүхэд зөрүүдлэх ч яамай байнаа хө. Хүүхэн зөрүүдлэх л хэцүү юм байна. Авгайн зөрүүд дэндээд байна. Уржигдар орой шүү дээ. “Нэг сайхан шөлтэй хоол хийгээд аль” гэсэн чинь удаж, удаж лаглайсан цуйван таваглаад ирж байгаа юм даа. “Би шөлтэй хоол идмээр байна ш дээ” гээдэхсэн, тавагтай цуйван дээрээ хар цай мэлтийтэл дүүргэчихээд, “Тавтай зооглоорой та…” гээд гараад явчихаж байгаа юм. “Өмд индүүдчихээрэй” гэж хэлээд хэвтсэн, өглөө өмдөө өмсөхнөө нэг гуяыг нь индүүдээд нөгөө гуяыг нь индүүдээгүй байгаа юм. “Өмд гүйцэд индүүдчихгүй яав аа” гээдэхсэн, “Өвгөн минь чи бид хоёр ажил төрлөө ав адилхан тэнцүү хийнэ гэж тохиролцоод тоонот гэрт толгой холбоо биз дээ. Өмднийхөө нэг гуяыг өөрөө индүүдчихээ хө” гэж байгаа юм. “Яараад байна ш дээ яаж амжих юм бэ” гэсэн, “Индүүгээ аваад яваа хө. Ажил дээрээ нэг завандаа индүүдчих” гэж байгаа юм даа. Урд шөнө л гэхэд намайг тагтан дээр хонуулчихаж байгаа юм шүү дээ. Яг орондоо орох гэж байтал “Хоёул тагтан дээр салхинд гараадахъя” гэхээр нь “Тэгвэл ч тэгье” гээд дагаад гарсан, зогсож байснаа өөрөө түрүүлж ороод тагтны хаалга түгжчихэж байгаа юм. Хичнээн балбасан тайлж өгөхгүй байсаар байгаад өглөө болгож байгаа юм даа. “Хөлдөөж алах шахлаа гэм. Чи ер нь яах гэж зөрүүдлээд байгаа юм бэ” гээдэхсэн “Та бид хоёр календарь хөтөлж байгаа шүү дээ. Ойртож болохгүй 15 хоногт орой болгон тагтан дээрээ унтаж бай” гэж байгаа юм даа. Зөрүүд авгайн гарын аяыг ч даахгүй нь шиг байнаа хө…

-Хи хи хи, найзыг алах шахжээ. Үгүй чи чинь юунд явна гээд байлаа.

-Аа нээрээ тийм, таван цагт хүүгээ цэцэрлэгээс нь авна. Авгай өнөөдөр хуралтай ганц өдөр хүүгээ авчихаарай гээд байсан.

-Тэгвэл яваач ээ. Тав өнгөрөөд зургаа болж байна.

-Нээрээ хүүгээ нэг өдөр авдаг юм билүү..? За за, яршиг яршиг авгай өнөөдөр аваг маргааш би авъя.

-Чи ч гэсэн зөрүүд л юм байна даа.

-Миний зөрүүд ч гайгүй хэвтнээ хө. За хоёул явъя. Чи хойшоогоо харина гэл үү? Би машинтай яваа. Дөхөөд буучих.

-Би хойшоогоо харихгүй урагшаа айлд очно.

-Урагшаа ч гэсэндээ унаатай яваа юм байна, хүргээд өгье.

-Машинд суухгүй ээ хө явган явна. Машинд сууснаас явган нь хурдан хүрдэг юм. За гарцгаая.

-Би явах болоогүй ээ. Орой очоод тагтан дээр залрах хүн чинь юундаа яархав.

-Хэ! Ийм зөрүүд амьтны эхнэр нь зөрүүд байлгүй яахав.

-Тиймээ. Ийм зөрүүд багшийн шавь нь зөрүүд байлгүй яахав! Удалгүй харуй бүрий болж, хоёр найзын дуу улам чангарсаар л байлаа.

Ц.Баатарсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих