Зарим их, дээд сургууль аттестатчилалд бүдэрчээ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Монгол Улсад үйл ажиллага явуулж байгаа их, дээд сургуульд аттестатчилал явуулж, зарим их, дээд сургуулийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон, цуцлах шийд гаргажээ.
Аттестатчиллах ажлыг зохион байгуулах хүрээнд нийт есөн комисс, 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр хоёр сарын хугацаанд ажилласан байна. Аттестатчилах явцад дээд боловсролын сургалтын байгууллагуудад олон зөрчил дутагдал илэрсэн бөгөөд зөрчлийг арилгуулах үүднээс зарим сургуулиудад зөвлөмж өгчээ. Энэ оны эхний хагаст явуулсан аттестатчилалд 27 сургуулийг хамруулсан бөгөөд ирэх намар төрийн өмчийн их, дээд сургууль, коллежиудыг хамруулах ажээ. Ингээд аттестатчилалд тэнцээгүй сургуулиудын нэрсийн жагсаалтыг хүргэе. БСШУ-ны сайдын тушаалаар аттестатчилалд хамрагдах ёстой байсан “Боловсрол” дээд сургууль, “Цог” коллежын сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр хүчингүй болгоод байна. Түүнчлэн “Хан-Уул” дээд сургууль, “Архангай” коллеж, “Шинэ Дархан” коллеж,  “Ховд-эрдэм” коллеж, “Хархорум” коллеж, “Мон-Фреш Мөнх-Ану” коллежийн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ сарын 15-наас хүчингүй болгосон байна.

Мөн “Улаанбаатар-Эрдэм судлал” дээд сургууль, “Маргад” дээд сургууль, “Евро-Ази” дээд сургууль, “Хэл судлаач” дээд сургууль, Бизнесийн коллежийн зарим мэргэжлийн элсэлтийг 2011-2012 оны хичээлийн жилээс  бүрэн зогсоох шийдвэр гаргажээ. Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан сургалтын байгууллагуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу татан буулгуулах, одоо суралцаж буй оюутнуудыг шилжүүлэн суралцуулах арга хэмжээ авахыг БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газарт даалгасан байна.

Б.СҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих