Зургаан секунд тутамд нэг хүн ДОХ-ын халдвар авч байна

ДОХ өвчин ХХI зууны «тахал» хэвээр байна гэсэн дүгнэлтийг ДОХ-той тэмцэх олон улсын нийгэмлэгийн бага хуралд оролцохоор Италийн нийслэлд цугласан шинжээчид хийсэн байна. Дэлхийд зургаан секунд тутамд халдвар авсан шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа нь өдөрт 7,4 мянга орчим хүн, тэдний дотор 1000 орчим хүүхэд халдвар авч байгааг харуулж байгаа юм. Өвчтнүүдийн тал хувь нь эмчилгээнд хамрагдаж байгаа аж. Нэг цаг тутамд манай гараг дээр ДОХ-оор 200 хүн нас барж байна гэж бага хурал дээр нийтэлсэн баримт бичигт дурджээ.

Долдугаар сарын 20-нд дуусах чуулга уулзалтад 6000 орчим шинжээч оролцсон байна. Хурлын үеэр мэргэжилтнүүд ДОХ өвчний тархалтыг зогсоох талаар авах арга хэмжээг хэлэлцэж байгаа юм. Вирусын халдвар авмагцаа уувал шинэ эм бэлдмэлүүдийн үйлчилгээ үр нөлөөтэй байгааг сүүлийн судалгаануудын дүн харуулж байгаа нь цаашид өвчин халдварлах эрсдэлийг нэлээд бууруулах боломж олгож байгаа аж. ДОХ-ын вирусын эм гарсныг анх 15 жилийн өмнө Канадын Ванкувер хотод болсон бага хурлын үеэр зарлаж байсан билээ. Олон улсын анагаах ухааны хамтын нийгэмлэг бүгд хүнийг үхэлд хүргэдэг ДОХ өвчнийг дарах арга зам хайх талаар өнөө ч ажилласаар байна.

З.Амгалан

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих