Эм дагасан АМЬ

haldwarГурван сая дахь иргэн энэ долоо хоногт төрнө. Үүнийг манайхан хаанаасаа харц нь хүртэл мэдэж байгаа. Харин хорвоогоос хэд нь буцаж байгааг тэр болгон хүн мэдэхгүй. Тэр дундаа цаг бусаар мөнх бусыг үзэж байгаа хүмүүсийн тоог бүр мэдэхгүй. Жишээ нь, манай улсын хүн амын нийт нас баралтын хоёрдугаарт бичигддэг элэгний өвчлөлөөр өдөрт хэдэн хүн өөд болдог бол. Эрүүл мэнд, спортын яамны гаргасан тоогоор жилд 2400-2700 хүн элэгний гаралтай өвчлөлөөр нас бардаг гэж тооцох юм бол нэгээр тогтохгүй хүн цаг бусаар “явж” байна гэсэн үг.

Аймшигтай тоо биз дээ. ДОХ шиг төгс эмчилгээ нь гараагүй өвчин бол өөр хэрэг. Гэтэл эмчилгээний шинэ арга нь нэвтэрсэн, түүнийг Монголд оруулж ирэх боломжтой байсаар байхад элэгний өвчлөл тахлын. хэмжээнд хүрснийг зарлаад суугаа нь эмгэнэлтэй. Уг нь АНУ-ын “Gilead Sciences” компанийн боловсруулсан Sofosbuvir гэдэг эмийг Монголд оруулж ирэх боломж бараг жилийн өмнө байсаар байтал өдий хүртэл хүлээлгэж, энэ төрлийн өвчтэй хүмүүсийн итгэлээр “наадсан”. Наадаад зогсохгүй, зүгээр нэг улс төр хийсээр өдий хүрснийг олон нийт мэдэж байгаа. Сараар биш өдрөөр хэмжигдэх хүний
амь нас цаана нь яригдаж байгаа асуудлыг засгийн бүтэц хуваарилж байгаагийн дайтай уртаар улстөржүүлсэн. Өөрөөр хэлбэл өнгөрсөн оны долдугаар сард Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг гаргасан ч өмнөх Засгийн газрын сайд, дэд сайд хоёрын хэрүүлээс болж өнөөг хүртэл шийдэгдээгүй. Ямар сайндаа л Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хоёр сайд дуудагдаж байх вэ.

Хамгийн сүүлд ЭМСЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Баярын хэлснээр, дээрх эмийг бүртгэх эхний алхмыг хийсэн гэнэ. “Эхний алхам гэдэг нь Монгол Улсын эмийн бүртгэлийн журмыг шинэчлэн баталсан аж. Улмаар “Gilead Sciences” компанийн албан ёсны дистрибьютер болох монгол компани өнгөрсөн долоо хоногт бүртгэлд шаардлагатай дээжээ өгч, тус эмийг бүртгэх орчин нь бий болжээ. Гэхдээ энэ эмийг оруулж ирэхийг хүлээж хоног тоолж байгаа өвтөнүүдийн хувьд энэ бол урт хугацаа. Ямартаа ч салбарын шинэ сайд энэ эмээр улс төр хийхгүй гэж найдна. С вирусийн эсрэг эмийг эх орноосоо худалдан авах боломжтой болох нь элэгний өвчтэй хүмүүсийн эхний аврал.

Аж ахуйн чанартай тооцоогоор биш амиар хэмжигддэг энэ салбарт яаралтай хийх хэдэн зүйл байгааг ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбад уламжлья. Угаасаа унаж гүйцсэн эрүүл мэндийн салбар эдийн засгийн хэмнэлтийг зарлаад байгаа энэ онд төрөөс хийгээд төсвөөс сайн сайхан зүйл хүлээгээд нэмэргүй болсон. Төсвийн мөнгө салбарын хэмжээнд битгий хэл нарийн мэргэжлийн хэдэн эмнэлэгийнхээ асуудлыг арилгаж хүрэхгүй шахуу бага. ёстой л амь тариа төдийхнөөр тараагддаг мөнгөөр энэ салбарын бугшсан асуудлыг шийднэ гэж байхгүй. Тиймээс жилдээ 350 элэгний хагалгаа хийдэг ХСҮТ 30-хан ортой гэдэг гомдлыг мянга хэлээд нэмэргүй. Өөр гарц байгааг мэргэжлийн хүмүүс хэлсэн.

Юун түрүүнд төсвийн болоод дотоод нөөцөө зөв хуваарилах нь элэгний өвчнөөр шаналж байгаа хүмүүсийн цөөн боловч хэсэгт туслах боломжтой. Энэ нь ХСҮТ-ийн өргөтгөлийн барилга. Хэрвээ энэ өргөтгөл ашиглалтад орох юм бол зөвхөн элэгний мэс заслын тасаг л гэхэд одоогийн хүчин чадал нь хоёр дахин нэмэгдэж, 60 ортой болох боломжтой аж. Уг нь энэ өргөтгөлийн 65-70 хувийг нь барьсан ч хөрөнгө оруулалтгүйгээс царцаагаад байсан. Харин энэ оны төсөвт 3.1 тэрбум төгрөг баталсан байна. Хил дамнан эмчлүүлэх боломжгүй элэгний өвчтэй хүмүүст өргөтгөлийн байртай болох нь хоёрдахь аврал.

Эхний ээлжинд дээрх хоёр ажлыг хурдан хугацаанд хийвэл өдөр, цагаар хэмжигдэж байгаа нэг ч гэсэн хүний амийг аварч болохыг анхааруулъя. Ялангуяа Sofosbuvir  эмийг оруулж ирэхийг олон хүн үхлээ хойш тавин хүлээж байгаа. Өнгөрсөн хугацаанд үүгээр хангалттай улстөржүүлсэн. Ер нь улстөржих нь эрүүл мэндийн салбарт ямар их хохиролтойг өнгөрсөн хугацаа харууллаа гэдгийг ХСҮТ-ийн элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэн хэлж байсан. Мөн тэрээр элэгний өвчлөл энэ хэмжээнд хүрсэн нь эрүүл мэндийн тогтолцооны алдаа байсныг онцолсон юм. Эрүүл мэндийн салбар улстөрчдөөр хангалттай тоглууллаа. Сэхэл авахаа болихоос нь өмнө эхнийхээ эрүүл шийдвэрийг гаргахыг салбарын шинэ сайдад хүсье. Шийдвэр болгоны тань ард хүний амь “хүлээтэй” байгаа шүү.

Д.ПҮРЭВСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих