“Роснефть”-тэй гэрээ байгуулснаар шатахуун тогтмол нийлүүлэхээр болсон

ОХУ-ын “Роснефть” компаниас манай улс cap бүр 40 мянган тонн дизель түлш, 10 мянган тонн АИ-92 автобензин авахаар гэрээ байгуулсан. Үүний дагуу тодорхой хэмжээний АИ-92 автобензин тус компанийн Ангарскийн үйлдвэрээс манай улсад ирсэн байна. Газрын тосны газрын дэд дарга Ц.Амараагаас энэ талаар тодрууллаа.

-”Роснефть” компаниас хэдий хэмжээний шатахуун орж ирээд байна вэ?

-Урт хугацааны гэрээг манай улс тус компанитай байгуулсан. Гэрээнд cap бүр дизель түлшийг доод тал нь 40, АИ-92 автобензинийг 10 мянган тонныг нийлүүлэхээр тохиролцсон. Одоогоор АИ-92 автобензиний 8600 тонн нь орж ирсэн. Үлдсэн АИ-92 автобензин болон дизель түлшний эхний хэсэг замдаа яваа.

-Одоогоор манай улс шатахууны хэд хоногийн неөцтэй байна вэ?

-Дизель түлшний нөөц хангалттай, 34 хоногийн нөөц бий.Харин АИ-92 автобэнзин 20  хоногийн нөөцтэй .Хангалттай гэсэн үг.

-ОХУ-ын”ТНК-ВР”, Хятадын “Чайна-Ойл” компаниас шатахуун нэмж авахаар гэрээ байгуулсан. Шатахуун хэзээнээс орж ирэх вэ?

-ОХУ-ын “ТНК-ВР компанитай АИ-92, АИ-95 автобензин авахаар гэрээ байгуулж, энэ сарын 4-нд тодорхой хэмжээний шатахууныг нааш ачуулсан. Харин Хятадын “Чайна-Ойл” компаниас шаталт өндөртэй Рон-93 автобензин авахаар тохиролцсон. Энэ нь манайхаар АИ-92 гэсэн үг. Энэ мэтээр стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнийг аль болох олон эх үүсвэрээс авах арга замыг эрэлхийлсээр байна. Цаашдаа нийлүүлэлт хангалттай болно.

-Нийлүүлэлт хэвийн болно гэдэг үгийг хэрэглэгчид хангалттаи сонсдог ч заримдаа худлаа байдаг шүү дээ.

-Нийлүүлэлтэд санаа зовох зүйлгүйг дахин хэлье. Газрын тосны газрынхан “Роснефть” компанитай урт хугацааны гэрээ байгуулснаар тус компани Монгол Улсад бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлэх үүрэг хүлээсэн. Гэрээ байгуулаагүй үед хоёр тал тохиролцоод шатахуун авдаг байсан. Харин гэрээ байгуулснаар нийлүүлэлт тогтмолжино. Дээр нь ОХУ-ын “ТНК-ВР, Хятадын “Чайна-Ойл” компанийн нийлүүлэх шатахуун.

-Өмнөд Солонгосоос шатахуун авах тухай ярьж байсан. Юу болсон бэ?

-Тус улсын хоёр компани манайд шатахуун нийлүүлэхээр үнийн саналаа ирүүлсэн. Гэхдээ асуудлыг эцэслэн шийдээгүй байгаа.

-ОХУ-д бензиний хомсдол үүссэнээс манайд чанар муутай нефтийн бүтээгдэхүүн импортолдог гэдэг үнэн үү?

-”Роснефть” компанийн Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс нефтийн бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг манайх авдаг. Тус үйлдвэр Евро-3 стандартад хараахан шилжээгүй. Ер нь ОХУ-ын баруун хэсэг, Европын орнууд Евро-3 стандартын шатахуун хэрэглэдэг бол тус улсын зүүн хэсэг, Азийн орнууд Евро-2 стандартын бензинийг хэрэглэдэг. Монгол Улс ч энэ стандартын бензинийг хэрэглэсээр ирсэн, хэрэглэж ч байгаа. Евро-3 стандартын бензинээс чанар доогуур нь үнэн. Гэхдээ энэ нь муу шатахуун гэсэн үг биш. Евро-3 нь Евро-2-оосоо шаталт арай өндөртэй. ОХУ-д бензиний хомсдол үүссэнээс дотооддоо ашигладаггүй бензинийг манайх авч байгаа гэж ойлгож болохгүй .

Ж.Сүрэн


URL:

Сэтгэгдэл бичих