З.Энхболдын гол өрсөлдөгч болно гэгдэж байсан Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд оролцохгүй гэдгээ зарлав

үүлАН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Нийслэлийн АН-ын дарга, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарыг Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшх магадлалтай гол кандитатууд хэмээн улс төрийн хүрээнийхэн дүгнэж буй. Тэгвэл Нийслэлийн АН-ын дарга, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ зарлажээ. Тодруулбал тэрээр: “Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байна гээд сандарч мэгдэж байгаа хүмүүст хандаж нэг л зүйлийг хэлье. Би нэр дэвшихгүй ээ. Метроныхоо түлхүүрийг гардаж авна аа. Гэр хорооллынхоо иргэдийг сайхан амьдралтай болгоно оо. С.Баяр нэг удаа хэлсэн байсан байх аа. “Би мөчир болгон дээр суудаг болжмор биш ээ” гэж. Би бас тийм болжмор биш.

Надад тов тодорхой зорилго бий. Тийм учраас намайг Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж бодож байгаа хүмүүс эндүүрч байна. Уг нь 1990 оноос хойш намайг албан тушаал сонирхож байгаагүйг иргэд мэдэхийн дээдээр мэднэ дээ. Нийслэлийн Засаг дарга гэдэг албан тушаалыг одоо ч сонирхоод байгаа юм алга. Би бол зүгээр хотоо гоё болгох гэсэн хотын хүүхэд. Хүмүүсээ гоё хотод амьдруулмаар байна. Хүмүүс намайг хотын даргын ажлыг сайн хийж байна гээд л байгаа. Ингэж үнэлсэнд нь баяртай байна. Гэхдээ мэдлэгтэй, туршлагатайдаа энэ ажлыг сайн хийгээд байгаа юм биш. Зүгээр л хотынхоо төлөө сэтгэлээ өгөөд байгаа хэрэг. Сэтгэл гаргаж байгаа учраас ажлыг гайгүй хийгээд байж магадгүй. Ер нь аливаад сэтгэлээсээ хандахгүй бог хичнээн боловсролтой туршлагатай байгаад ямар ч ажлыг олиггой хийхгүй л дээ.” хэмээсэн байна.

Ийнхүү З.Энхболдын гол өрсөлдөгч болно гэгдэж байсан Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд оролцохгүй гэдгээ зарлалаа.
Ч.Явуу /Sonin.MN/


URL:

Сэтгэгдэл бичих