Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт шаардлагатай нэмэлт хөрөнгийг шийдвэрлэнэ

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди Засгийн газрын хуралдаанд мэдээлэв. Үүнтэй холбогдуулан жилийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт нэмж шаардагдах хөрөнгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн энэ оны төсвийн тодотголд тусган шийдвэрлүүлэхийг сайд Т.Гандид даалгалаа.

Жилийн ажлын хүрээнд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцүүлж байна. Хуулийн төсөлд ажлын байр олноор нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээл олгох, шинээр бий болгох ажлын байрны тоог харгалзан татварын хөнгөлөлт үзүүлэх, алслагдсан болон эдийн засгийн сул хөгжилтэй бүс нутагт төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хөрөнгө оруулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг урамшуулах, ахимаг настан зэрэг зорилтот бүлгийг ажилтай болгосон бол санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргийг тусгасан юм.

Төсөл батлагдсанаар төрөөс иргэдэд үзүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний хүрээ, үр дүн, чанар нэмэгдэж, хүн амын аж ахуй эрхлэх хэв шинж болон зорилтот бүлгийн онцлогт нийцсэн ажиллагааг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ салбарын яам үзэж байна. Үүний зэрэгцээ Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг салбарын бодлоготой уялдуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны менежментийг сайжруулах чиглэлээр хийсэн ажлынхаа талаар ч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди мэдээллээ.

Сайдын мэдээллээс үзвэл Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд 38 мянга гаруй ажлын байр шинээр бий болгосон бөгөөд үлдэж байгаа хугацаанд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх уул уурхай, барилга, замын ажил идэвхжихийн хэрээр ажлын байр олноор бий болгоно гэж тооцоолж байна.

Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулав

“Үнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай” Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 85 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг “Санхүүгийн эх үүсвэрийг нь бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банкны 800 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 10 жил хүртэлх хугацаатай төгрөг, гадаад валют болон хаалттай хэлбэрээр арилжаалахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсүгэй” хэмээн өөрчиллөө.

Ингэснээр Хөгжлийн банкнаас гаргах өрийн бичгийн хүүг бууруулж, банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн үр ашгийг нэмэгдүүлж, эдийн засагт бодитой нөлөө үзүүлэх бололцоотой болно гэж үзсэн байна. Засгийн газрын тогтоолоор 5 жилийн хугацаатай 250 тэрбум, 10 жилийн хугацаатай 250 тэрбум, 15 жилийн хугацаатай 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахыг Хөгжлийн банкинд, энэ 800 тэрбум төгрөгийн үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын нэрийн өмнөөс зээлийн баталгаа гаргахыг Сангийн сайдад зөвшөөрсөн юм.

Үндэсний их баяр наадам зохион байгуулалт сайтай боллоо

Тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо амжилттай зохион байгуулсан гэж Засгийн газрын хуралдаанаас сайшаав. Зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Түүхт ой давхацсан жилийн баяр наадмын  хүрээнд  ойн баярын хурал, “1921 оны хувьсгал ба Монголын орчин үеийн түүхийн судлал” эрдэм шинжилгээний хурал хийж, “Хөгжил дэвшлийн эрин зуун” фото альбом, Их Монгол Улс байгуулсны 805, Ардын хувьсгалын 90 жилийн ойн сери марк гаргасан байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлыг дугаартай болгосноор өмнөх жилүүдэд гарч байсан тасалбар худалдан авсан хүмүүс наадмын нээлт үзэж чадахгүй байсан, тасалбар хуурамчаар хийсэн, тасалбаргүй хүн оруулсан зэрэг асуудлыг бүрэн шийдэж чаджээ.

Үндэсний бөхийн аварга 1, арслан 1, гарьд, заан тус бүр 2, харцага 4, начин 13 шинээр төрөн гарлаа. Засуулууд бөхчүүдээ талбай голлуулан барилдуулахгүй тохиолдол цөөнгүй гарсан нь барилдаан будлиантах үндэс болж байсан учир  дараа дараагийн наадмаар үүнийг анхаарч, шинэчлэл хийх нь зүйтэй гэж үзлээ. Энэ жил анх удаа монгол морь, эрлийз морьдыг тусад нь уралдуулсан,  унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарсны дүнд хүүхэд гэмтэж бэртээгүй байна.

Үндэсний сурын харваанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 534 харваач оролцож шинээр улсын мэргэн цолтон хоёр төрөн гарсан бол шагайн харваанд 50 багийн 400 шахам харваач цэц мэргээ сорьсон байна. Баяр наадмын үеэр наадамчдын аюулгүй байдал, тав тухыг хангах, замын хөдөлгөөнд зохицуулалт хийж, хэв журам сахиулах, урьдчилан сэргийлэхийн тулд 3460 албан хаагч ажиллажээ. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагт нийтийн хоолны болон хүнсний бараа бүтээгдэхүүний 780 аж ахуйн нэгж, байгууллага худалдаа, үйлчилгээ гарган ажиллуулсан байна.

Энэ жилийн Үндэсний их баяр наадамд улс, нийслэлийн төсөв болон баяр наадмын орлогоос хэмээн нийт тэрбум 300 сая төсөвлөсний 432,3 сая төгрөгийг бүтээн байгуулалтад зарцуулжээ. Төв цэнгэлдэх хүрээлэн багтаамж муу учир 30-40 мянган хүний суудалтай орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглосон цэнгэлдэх хүрээлэн барих газрыг сонгож, зураг төслийг боловсруулан, зардлын тооцоог гаргаж, хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх талаархи саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсоныг Шадар сайд М.Энхболд дуулгалаа.

Мөн хурдан морины уралдаан зохион байгуулах явцад гарсан зөрүүтэй ойлголтыг нэг мөр шийдэх үүднээс монгол адууны /хурдан морины/ стандарт, тодорхойлолтыг дахин шинэчлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Үндэсний их баяр наадмыг 12 телевиз Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг болон сур шагайн талбайгаас улс орон даяар шууд дамжуулан хүргэлээ. Баяр наадмыг шуурхай мэдээлж, тухай бүр нь дэлхийн монголчуудад хүргэж байсан хэвлэл, мэдээллийн байгууллагууд болон Мэдээлэл, сурталчилгааны салбар хороонд Монгол Улсын Шадар сайд М.Энхболд талархал илэрхийллээ.

Бирж байгуулах бэлтгэлээ хангана

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хууль 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Иймээс юуны түрүүнд “Хоршооны тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” зэрэг холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх ёстой.

Мөн биржийн холбогдох дүрэм, журмыг батлуулах, арилжаанд оролцогчдыг /брокер, хоршоо/ бэлтгэх, сургах, мэргэшүүлэх, сумдыг шилэн кабелиар холбож цахим арилжаа явуулах нөхцөл бүрдүүлэх, арилжаалах бараа, түүхий эдийн болон агуулахын стандартад шүүлт хийх, дахин хянах, шаардлагатай стандартыг шинэчлэх, сумдад малчдын үүсгэл санаачлагаар хоршоо бий болгож чадавхижуулах, загвар хоршооны туршлагыг дэлгэрүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ.

Цэргийн албан хаагчийн тэтгэврийн зөрүүг арилгана

2010 оны 7 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль батлагдахаас өмнө цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг хуульд заасан хувь, хэмжээгээр шинэчлэн тогтоохыг дэмжиж Улсын Их Хуралд өргөн барихаар болов.

Хуулинд цэргийн албан хаасны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгогчийн сарын дундаж цалин хөлсний 60 хувиар тогтооно гэснийг 80 хувь, хуульд заасан хугацаанаас илүү алба хаасан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин хөлснөөс 1,0 хувиар бодож нэмэгдэл олгоно гэснийг 1,5 хувиар гэж өөрчилсөн юм. Хууль батлагдахаас өмнө тэтгэвэр тогтоолгосон өндөр настнууд хуулийн үйлчлэлд хамаарах эсэх талаархи зохицуулалтыг тусгаагүйгээс цэргийн алба хаасны тэтгэвэр  тогтоолгосон иргэдийн тэтгэврийн зөрүү хэт их болжээ. Иймээс хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн байна.

Төсөлд тусгаснаар хууль батлагдахаас өмнө цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон иргэдийг “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн үйлчлэлд хамруулан, тэдний тэтгэврийг тэтгэвэр тогтоолгосон цалин хөлсний 80 хувь, хуульд заасан хугацаанаас илүү алба хаасан жил тутамд 1,5 хувиар тооцож нэмэгдэл олгох юм. Төсөл батлагдвал цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон 12 733 иргэн нэмэгдэл авах бөгөөд үүнд жилд 8,4 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарчээ.

Товч мэдээ

·Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2011 оны 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 3-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгалаа.

·Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2011 оны 6 дугаар сарын 13-17-нд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.

·Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл, Д.Арвин, Я.Батсуурь, Н.Ганбямба нарын санаачлан боловсруулсан “Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжив. Гэхдээ хуулийн төсөлд “газрын тосны бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг оврын үйлдвэрийг газар нутгийн онцлогийг харгалзан бүсчилсэн байдлаар ойрын хугацаанд барьж байгуулах” гэснийг ”газрын тос боловсруулах бага хүчин чадалтай үйлдвэрийг газар нутгийн онцлогийг харгалзан бүсчилсэн байдлаар ойрын хугацаанд барьж байгуулах” хэмээн өөрчлөх саналыг хууль санаачлагч нарт уламжлахаар боллоо. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 2008 онд 800 гаруй мянган тонн байсан бол 2015 онд жилд 1.7 сая тонн болж нэмэгдэх учир жижиг оврын үйлдвэрүүдийг бүсчилсэн байдлаар барьж байгуулах нь зүйтэй гэж нэр бүхий гишүүд төсөл санаачилсан байна.

·Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайханы санаачлан боловсруулсан “Монгол Улсын албан ёсны статистикийг 2011-2015 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Р.Будын санаачлан боловсруулсан “Статистикийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.

·Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг Засгийн газраас санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-тэй нэгтгэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар болов.

·“Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийн 5.2-ийн “концессийн гэрээгээр ашиглах үндэсний хөрөнгө оруулагчийг” гэснийг “концессийн гэрээгээр ашиглахыг үндэсний хөрөнгө оруулагчийн оролцоотой” гэж өөрчлөх нь зүйтэй хэмээн үзэж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Тогтоолын төсөл батлагдсанаар Улаанбаатар хотод дулаан, цахилгааны 5 дахь эх үүсвэрийг шинээр барих ажил эхлэх боломжтой болж, үр дүнд нь төвийн бүсийн эрчим хүчний найдвартай хангамжтай болох юм. 5 дахь эх үүсвэрийг одоогийн Дулааны цахилгаан станц-III-ын байгаа газарт, одоо байгаа дэд бүтцийг нь ашиглан барих бүрэн боломжтой гэж үзэж байна.

·“Оюутолгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний тал болох “Рио Тинто Интернейшнл Холдингс Лимитед” компанитай байгуулсан хувьцаа худалдах, шилжүүлэхийг хязгаарласан гэрээний тухай Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд мэдээлэл хийхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа. Талууд 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдөр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

·Хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн нийгмийн чиглэлийн байгууллагуудыг төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх, тээврийн бус үйлдвэрлэлийн нэгжийг төмөр замын үйлчилгээнээс салгах, төмөр замын тээвэрлэлтийг суурь бүтэц, тээвэрлэлтийн хэсэг болгон тусгаарлах зэрэг асуудлыг ойрын үед ОХУ-ын талтай хэлэлцэж шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгав.

·Монгол Улсын Хөгжлийн банк, БНСУ-ын Хөгжлийн банк хооронд байгуулах “Удирдлагын гэрээ”-ний хэлэлцээрийн явцын талаар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. БНСУ-ын Хөгжлийн банк “Гэрээтэй холбоотой аливаа маргааныг Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Арбитраар шийдвэрлэнэ” гэсэн нөхцлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Удирдлагын гэрээ байгуулахыг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд зөвшөөрлөө.

·Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны Тэргүүн сайд асан, Монгол төрийн нэрт зүтгэлтэн Да лам Цэрэнчимэдийн дурсгалд зориулан Богд хааны зарлигаар 1914 онд бүтээсэн гэрэлт хөшөөг улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулахаар шийдвэрлэлээ. Энэ хөшөө Увс аймгийн Хяргас сумын Цогтхайрхан уулын бэлд байдаг юм.

·“Дэлхийн монгол туургатан, хүннү гарвалтны энхийн их наадам”-ыг энэ оны 8 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо.

·“Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав.


URL:

Сэтгэгдэл бичих