“Шинэ яармаг” хорооллын эхний ээлжийг дулаанаар хангахад 33.6 тэрбум төгрөг шаардлагатай

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар өчигдөр “Шинэ яармаг” суурьшлын бүсийн эхний ээлжийн долдугаар бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг баталлаа.

УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2010 оны 343 дугаар тогтоолуудаар батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөт ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх орчмын нутаг дэвсгэрийн 4400 га талбайд 57 мянган өрхийн 223000 хүн ам бүхий “Шинэ Яармаг” суурьшлын бүс байгуулах Ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа. Уг ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа төлөвлөлт судалгааны есөн бүс болгож, бүс тус бүрийг өөрийн гэсэн онцлогтой байхаар тусгаж байгаа юм байна.

Эхний ээлжийн долдугаар бүс нь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын нислэгийн зурвас талбайн баруун урд болон зүүн урд талаар байрлах 740 га талбайг хамрах бөгөөд төлөвлөлтөөр 5625 өрхийн 21937 хүн ам оршин суух боломжтой ажээ. Энэ хэсэгт орон сууцны болон элчингийн хороолол, олон нийтэд зориулагдсан гольфийн сургалтын цогцолборууд, экспортод чиглэгдсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрийн төвүүд байх юм.

Төлөвлөгдсөн газрын онцлог нь инженер геологийн нөхцөл болон хотын чанартай томоохон зам түүнийг дагасан инженерийн дэд бүтэц байрлахыг харгалзаж орон сууцны дундаж давхрыг таваас найман давхар байхаар төлөвлөж нэгээс таван нам давхарын амины орон сууцуудтай хоршин байрлах зохион байгуулалтыг хийсэн байна.

Хоёр хувилбараар дулааны асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд долдугаар бүсийг дулаан эрчим хүчээр хангах шинэ эх үүсвэр баригд-санаар 400-800 мм голчтой дулаан хангамжийн гол шугам есөн километрийг шинээр барих мөн дулаан дамжуулах хоёр төв барих төлөвлөлт тусгагджээ. Хэрэв эрчим хүчний шинэ эх үүсвэр ашиглалтад орох хугацаанд зайлшгүй дулаанаар хангах тохиолдолд халаалтын зуухаар хэсэгчлэн хангана гэж тооцоолсон байна.

Тухайн хэсэгт 26 кВт хүчин чадалтай хоёр зуух шаардлагатай гэжээ. Энэ хэсгийг дулаанаар хангахад 33.6 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна. “Буянт-Ухаа” цэвэр усны эх үүсвэрийг шинээр ашиглалтад оруулбал хоногт 22000 м.куб хүчин чадлаар энэ бүсийг цэвэр усаар хангана. Мөн хоногт 20000 м.куб хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг шинээр ашиглалтад оруулснаар бохир усны асуудлыг шийдэх боломжтой юм байна.

Энэ хэсэгт цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж, цахилгаан эрчим хүчээр хангах ажээ.

И.Сувд


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих