Хорлоогийн Цэндсүрэн: Нагац ах маань өнөөгийн Монголыг бий болгосон хүний нэгэн шүү дээ

527-14231879672-6-1_700x700Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойд

Саявтар бид Дорнод аймагт сурвалжлах ажлаар явж байхдаа Монголын нам, төрийг үндэслэгчийн нэг, маршал Х.Чойбалсангийн хамаатан садангийн хоёр эмэгтэйтэй уулзсан юм. Тэдний нэг Х.Цэндсүрэнтэй ярилцав. Бидний ярилцсан сэдэв ердөө Чойбалсан л байв. Монголчууд энэ хүний тухай мэддэг гэх ч бас мэддэггүй нь олон болж. Өнөөгийн залуучуудын хувьд Монгол Улсын Их сургуулийн өмнөх хөшөөгөөр нь л төсөөл­дөг. Тэрнээс биш ямар алдар гавьяатай, хаана алба хашиж байсан хүн бэ гэхэд толгой сэгсэрнэ. Арга ч үгүй юм. Хэдэн жилийн өмнөөс намтар түүхийг хасч улмаар мартуулахыг хичээж ирсэн юм чинь. Яагаад иймд хүрсэн бэ гэвээс бүр огт мэдэхгүй юмны тухай хэлэх, ярих болно. Тэгэхээр энд олон зүйлийг оршил болгон нуршилгүй ярилцлагадаа оръё.

-Танаас Х.Чойбал­сан­­гийн тухай хэр мэдэх вэ гэж л асуух гээд байна л даа?

-Мэдэлгүй яахав дээ. Ижий­гээсээ, мөн Ч.Нэргүй ахаас сонсож мэдсэн юм зөндөө байдаг. Ижий минь хүүхдүүд бидэндээ өрлөг жанжин Х.Чойбалсан гэдэг хүн чинь та нарын гал нагац ах, ёстой л бурхан хүн байсан юм шүү гэж хэлдэг. Монголын ард түмний их жолоодогч гэгдэж байсан.Жинхэнэ төрийн хүн гэж энэ хүнийг хэлнэ дээ гэж ойлгуулсан бол хүү Ч.Нэргүй нь биднийг ойрын ах дүү хүмүүс гээд дандаа л ирдэг, уулздаг байсан юм.

-Ойрын ах дүү гэснээс өөрөө ямар төрлийнх нь хүн юм бэ?

-Нагац ах Чойбалсангийн ижий нь Хорлоо. Тэгвэл тэр Хорлоогийн дүүгээс гарсан нэг Хорлоо гэдэг хүүхэн нь миний ижий л дээ. Би эхээс дөрвүүл. Нэг нь байхгүй одоо гурван хөгшин авгай байна даа.

-Хорлоогийн гэдэг овогтой болохоор таныг Чойбалсангийн дүү байх нь гэж таамаглаж байлаа?

-Хоёр Хорлоо байж л дээ гэхээр хүмүүс ойлгодог. Ойлгохгүй нэг нь биднийг тэр хүний хамаатан садан биш гэж эргэлзэх ч бий. Тэгвэл миний ижий бүхнийг ярьж өгсөн. Дээхнэ үеийнхэн голдуу эхээрээ овоглодог байсан юм билээ. Учир нь гэр бүлийн бүртгэл энээ тэрээ ч байсангүй. Бас эцэг нь лам юм уу, тухайн үедээ яг ханилаад суусан нь цөөн байсан гэдгийг ижийгийнхээ ярианаас мэдсэн. Нэг эхийн бид дөрөв гэхэд өөр өөр овогтой. Надаас бусдыг айлд өргүүлчихсэн болоод тэр л дээ. Энэ эгч Должинг гэхэд Дүлзэн гэдэг хүн өргөж авч л дээ. Голомтоо сахиж үлдсэнээрээ би Хорлоогоороо овоглосон. Ургийн овог гэвэл “онгорхой” гэдэг. За тэгээд ижийгийн ах Дагважанцан гэж сүрхий оточ маарамба хүн байж. Бас нэг ах нь Дагважамц, түүний дүү Банзрагч гээд олон хүний тухай дурсамжийг би мэднэ.

Баруунаас Х.Цэндсүрэн, Д.Должин нар.

-Маршалын гэр бүл, үр хүүхдийн талаар юу ярьдаг байсан бол. Ижий тань…?

-Гүндэгмаа гэж эхнэр нь нэг сайхан дөлгөөн, үг дуу цөөтэй сайхан эмэгтэй байсан. Би хоёр удаа хот орохдоо тэднийхээр очиж байлаа. Ахыг нас барснаас хойш очиход хоёр чих нь таг дүлий хөгшин болсон байв.

Хоёр өргөмөл хүүхэдтэй. Эрэгтэй нь Нэргүй, эмэгтэй нь Сувдаа гэж. Тэднийхийг Улсын их дэлгүүрийн ар талын байшинд байдаг байсан гэж ярьж байсан даа. Ижий минь. Нагац ахыг болохоор төрийн ажилд бие сэтгэлээ бүрэн зориулсан гэр бүл, хавь ойрынхон доо хангай шиг түшигтэй хүн. Төрийн том хүн гэхэд энгийн сайхан яриатай, хэнтэй ч захирч зандарсан биш эвлэг ханддаг нэгэн байсан даа гэх мэт ярих болгондоо л магтдаг. Сүүлд нагацыг маань цагааныг нь харлуулж зэрлэг балмад алуурчин мэтээр бичих болсон үед манай ижий сэтгэл нь их зовдог байсан. Ч.Нэргүй ах л ирэхдээ аавыг минь ингэж ч бичиж, тэгж ч мууллаа гэж ижийд хэлнэ. Ижий уйлна. Би ижийгээ тэгж зовж байгааг хараад өрөвддөг л байсан. Өндөр ч настай болсон байсан. 82 нас хүрч өнгөрсөн дөө миний ээж. Ер нь би боддог юм. Манай монголчууд хайрлан дурсаж явах хүн гэж байна уу. Сүхбаатар гэж хэн ч биш гэхээ шахна. Чойбалсан бүр алдаа бүхний эзэн хэрэггүй гэх. Сүүлд Цэдэнбал гэж бас Монголыг 40 жил удирдахдаа өөдлүүлээгүй гээд л. Тэр хүмүүс ямар цаг үед Монголынхоо төлөө яаж зүтгэж, тэмцэж явсныг мэдэхгүй хэрнээ муулах болохоор аль муу муухай үг, хараал түүвэрлэж бичдэг болж. Зайлуул даа энэ үеийнхэн Баабар мэт нь сонин хэвлэлийн зай булан бөглөж тав, гурван төгрөг авч амьдрах арга нь тийм л юм шиг.

-Маршал амьдралынхаа нэгэн үед Бортолгой гэдэг авгайтай байсан тухай яригддаг?

-Үүнийг бид яаж мэдэхэв. Түүх гадарладаг нэгэн ярьж байхыг сонсоход тэр Бортолгой гэдэг нь сахил санваартанг их шүтдэг хүн байсан болоод өөрийгөө төрийн том хүнтэй таарахгүй гээд найз бүсгүй Гүндэгмаагаа Чойбалсантай танилцуулж байсан. Тэгээд түүнтэй суусан гэдэг улбаа үг байдаг. Түүнээс биш нагац ах Чойбалсантайгаа ер уулзаагүй мань мэт нь юу мэдэхэв дээ.

-Танай аймагт ирээд маршал Чойбалсангийн төрөл садан хүмүүс байдаг уу гэхэд ганц хоёр хүн бий. Матад сумын нэг эмэгтэй байдаг. Би хамаатан нь гэдэг юм билээ. Үнэн худлыг мэдэхгүй гэх зэргээр үл итгэсэн үг хэлэх хүн тааралдсан. Харин өөрийн чинь яриаг сонсоход огт өөр бодол төрж байна?

-Тийм ээ. Ижийнхээ хэлснээр үнэнийг өгүүлсэн амьд гэрчүүд нь байхад тэгж боддог, хэлдэг хүн байдаг л юм. Тэр Батрэгзэн гэдэг нөхөр Матад суманд Чойбалсангийн ах дүүс байхдаа яахав дээ гэж нэг сурвалжлагчид ярьсныг сонссон. Хэдийгээр нагац маань Чойбалсан суманд төрсөн ч дараа дараа үеийн хамаатан садангууд нь Матадад байж яагаад болохгүй гэж. Тэгж ярих юм бол миний ижийгийн төрсөн ах Дагважамц, дүү Банзрагч нар хүртэл Матадад байсан юм. Нэг эхийн бид ч Матад сумын иргэд. Сайн судалбал Чойбалсан гэдэг хүний хамаатнууд биднээр тогтохгүй олон бий. Даангүй Чойбалсан суманд. Зарим нь удам угсаагаа мэддэггүй байх. Мэдсэн ч зарим нь нагацыг элдвээр муулахаар би ах дүүс нь гэхээс цэрвэдэг байж ч магадгүй.

-Бас нэг сонин сураг ажиг байдаг тухай танаас асуумаар байна. Маршалын эцэг нь Жамц гэдэг лам хүн байсан гэсэн яриа гарсан?

-Тиймээ. Би бас сонссон. Сонсох гэж надад нэг сонин явдал тохиолсон шүү. Тээр жил аймгийн дарга Насандэлгэр гэдэг хүн байхад манай аймгийн хил залгаа өвөрлөгч хошуунаас 2-3 хүн ирж надтай уулзсан. Тэдний яриагаар тэр Жамц гэдэг хүн нь өвөрлөгч хүн. Чойбалсангийн эцэг мөн гэж. Тэгээд тэр хүмүүс бид Чойбалсангийн музейг байгуулсан. Та бүхнийг нээлтэд нь урьж байна. Аваад явна гэсэн. Ижий маань нэг удаа маршалын эцэг нь Жамц гэдэг лам хүн байсан гэж ярьж байсныг саналаа. Тэгээд ч тэр үү явахаар завдаж байлаа. Гэтэл нэг юм бодогдоод байх юмаа. Сүүлд нь би ер нь юу хийчихвээ гэдэг шиг юм болох вий дээ. Очлоо гэе. Янз бүрийн олон хүн би маршалын ах дүү гээд л тэврээд авдаг. Тэр нь хэвлэл мэдээллээр тэр дороо цацагдчихдаг. Тэгтэл өөрсдөө хайхрахгүй хэрнээ Цэндсүрэн гэдэг тэнэг авгай маршалыг маань хил давуулаад худалдчихлаа гэвэл яахав гэж санагдаад шалтаг хэлээд яваагүй л дээ. Халиун руу утасдахад хэрэггүй биз дээ гэсэн юм. Сүүлд очиж үзсэн хүний яриагаар бол маршалын тухай хачин сайхан музей байгуулчихсан байна гэнэ лээ.

-Ч.Нэргүй ах чинь танайхнаар дандаа ирдэг байсан гэл үү?

-Сав л хийвэл ирнээ. Тэгснээрээ төрөл садангийн холбоог баталгаажуулж өгсөн хүн нь. Бидэнд түшигтэй тустай хүн байлаа шүү дээ. Онгоцны нисэгч байгаад тэтгэвэрт гараад бүр олон ирж байсан. Эгч, дүү бидний эрэгтэй хүүхдүүдийг цэргийн алба хаах, жолооч зэрэг мэргэжил эзэмшүүлэхэд хүссэнээр л болгож өгнө. Цэрэгт явсан хүүхдээ чөлөөгөөр ирүүлээч гэхэд чөлөө авахуулаад л явуулчихсан байх жишээтэй. Тэр хүний гарыг мөн ч их харсанаа бид.Ийм байхад манайханд таагүй хандаад байгаад сэтгэл эмзэглэдэг байлаа.  Тэгээд 1990 оны ардчилсан хувьсгал өрнөхөд би идэвхтэй гишүүн нь болсон. Ижий минь намайг миний охин дэмий юманд яваад гэж үглэх. Би ижийдээ ярьж ойлгуулахыг их хичээнэ. Нэргүй ах бас “Энэ улс төрөөр чи юугаа хийнэ. Хэнд ч хэрэггүй. Юуны чинь ардчилсан хөдөлгөөн” гэж зэмлэнэ. Гэвч би замаа өөрчлөөгүй ээ. Одоо ч ардчилсан намынх. Нагац ахыг минь муулсан бүхний л эсрэг байхыг эрмэлздэг. Намбарын Энхбаярыг Ерөнхийлөгч байхад өргөдөл бичсэн. Сүүлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бас өгсөн. Харамсалтай нь алинд нь ч хариу өгөөгүй. Утга нь нагац ахыг минь хэтэрхий муулж байна. Гэгээтэй талыг урьдал болгож алдар нэрийг нь сэргээх талын хүсэлтийг садангийнх нь хувиар хүссэн юм л даа.

 

Д.ЦЭРЭННАДМИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: Anonymous Огноо: 9 February 2015

Тэр хүмүүс ямар цаг үед Монголынхоо төлөө яаж зүтгэж, тэмцэж явсныг мэдэхгүй хэрнээ муулах болохоор аль муу муухай үг, хараал түүвэрлэж бичдэг болж. Зайлуул даа энэ үеийнхэн Баабар мэт нь сонин хэвлэлийн зай булан бөглөж тав, гурван төгрөг авч амьдрах арга нь тийм л юм шиг.

Нэр: Anonymous Огноо: 9 February 2015

Yasan huurhun emee ve? Yaria huuroo ni ih uhaantai yum.

Сэтгэгдэл бичих