Б.Цэцэгмаа: О.Баясгаланд залилуулсан найз маань одоо хэвтэрт байгаа

Манай сонины уншигч Б.Цэцэгмаа бидэнд хандсан юм. Тэрбээр тусламж хэрэгтэй байгаа найз болон найзынхаа эмээд туслахаар ийнхүү зоригложээ.

-Ямар шалтгааны улмаас хэвлэлд хандахаар болов?


-Би багын найз Н.Ганцэцэгтээ туслах зорилготой явна. Мөнгөө залилуулж, хэвтрийн хүн болчихоод байгаа юм л даа. Харин хариуцлага хүлээх ёстой хүн нь юу ч болоогүй юм шиг ажлаа хийгээд л явж байна.

-Найзад тань юу тохиолдсон талаар яриагүй юу?


-Манай найз Н.Ганцэцэг 2008 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд нутгийн залуутайгаа ханилан охинтой болсон юм.

Охиноо том болохоор нь ажилд орох санаатай ажил хайж байсан юм билээ. Тэгж яваад Төмөр замын Удирдах газарт Хуулийн хэлтсийн даргын алба хашдаг О.Баясгалан гэгчтэй танилцаад залилуулсан.

Тэр хүн найзыг маань “Төмөр замын коллежид багшийн ажилд оруулж өгнө” хэмээн өнгөрсөн гуравдугаар сард нэг сая төгрегийг хандив нэрийдлээр авсан байгаа юм. Тухайн үед О.Баясгалан “Манайд ажилд орохын тулд заавал хандив өгдөг. Хэрэв өгч чадахгүй бол ажилгүй хоцорно” гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь найз маань нэг сая төгрөг олох гэж эмээгиинхээ тэтгэврийн зээлийг авч өгсөн юм билээ. Гэсэн ч гуравдугаар сараас хойш ажилд орсон ч юмгүй өдийг хүрлээ. Мөнгө ч үгүй, ажил ч үгүй хоцорсон. “Дайны хажуугаар дажин” гэгчээр О.Баясгалан гэгчтэй нөхөр нь хардаад өнгөрсөн сард Н.Ганцэцэгийг хэвтэрт ортол нь зодож, хүн харахын эцэсгүй болгоод хаяад явчихсан.

-Н.Ганцэцэг О.Баясгалан гэгчтэй хэрхэн танилцаж байсан юм бол?


-Би тэр талаар сайн мэдэхгүй. Асууж байгаагүй л дээ.

- Н.Ганцэцэгийн биеийн байдал одоо ямар байгаа вэ?


-Найз маань хэвтэрт орчихсон байгаа. Эмнэлэгт хэд хоног хэвтээд гарсан юм билээ. Эмнэлэгт эргэж тойрох хүнгүй болохоор эмээ нь гэртээ асрахаар авчирсан гэсэн. Үнэхээр нүд дальдирмаар болсон байна билээ. Нүд нь орчин тойрноо муу харж байгаа гэсэн. Үүдэн шүднүүд нь хугарсан. Хоол ч идэж чадахгүй, шингэн зүйл л уудаг. Одоо гэртээ л өвдөөд байж байгаа.

-О.Баясгалан гэгчтэй холбоо барих гэж оролдсон уу?


-Хэвтэрт орсноос нь хойш холбоо бариагүй гэсэн. Судлаад үзсэн чинь анхнаасаа ажилд оруулах ямар ч санаа агуулаагүй байсан юм билээ. Тэр хандив нэрийдлээр авсан мөнгөө өөртөө л завшсан болж таарсан. Уулзах ямар ч боломжгүй байгаа болохоор л аргаа барахдаа ингэж явж байгаа юм.

-Мөнгийг нь авчихаад нэлээд хугацаа өнгөрсөн юм байна шүү дээ. Энэ хооронд юу гэж хэлдэг байсан юм бол?


-Энэ хооронд найзын маань толгойг эргүүлж, “Ажилд орох хугацаа хойшилчихлоо. Болоогүй байна” гэх мэтээр хуурдаг байсан юм билээ. Харин ийм явдал болсноос хойш зугтаад алга болсон.

-Найзад тань танаас өөр туслах хүн байхгүй юм уу. Гэртээ хэн, хэнтэйгээ амьдардаг юм бэ?


-Хоёр настай охин, ная гарсан эмээ И.Дуламсүрэнгийн хамт амьдардаг. Хамаатан садан гээд байх хүнгүй. Бүтэн енчин хүн. Хар багаасаа л аавыгаа мэдэхгүй өссөн. Харин ээж нь биднийг зургаадугаар ангид ордог жил нас барсан юм. Эмээгээс нь өөр санаж, сарвайх хүн байхгүй. Эмээ нь таягаа тулаад л Төмер замын удирдах газар болон Авлигатай тэмцэх газарт өргөдөл өгөөд яваад байхыг хараад  өрөвдсөндөө ийнхүү явж байна даа.

-Төмөр Авлигатай тэмцэх газарт  хандсан гэлээ. Ямар хариу өгсөн  юм бэ?


-Эмээ нь өнгөрсөн зургаадугаар  сард дээрх хоёр газарт өргөдөл  бичиж   өгсөн   юм   билээ.

Одоо  болтол ямар ч хариу ирүүлээгүй байгаа.Өргөдлөөс  гадна Төмөр замын удирдах газраар хоёр, гурван удаа орсон ч асуудлыг нь авч хэлэлцээгүй гэсэн. И.Дуламсүрэн гуай эдгээр газрын үүдийг сахиж байхдаа “Даяар Монгол” хөдөлгөөнийхөнтэй танилцаж, тэд туслахаар болсон юм билээ. Цаашид эдгээр газраас тэр хүнд ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол Даяар монгол хедөлгөөнийхен бидэнд туслахаа амласан. Бидэн шиг ядарсан хүмүүсийн үгийг сонсож, хамгаалах газар ер нь байхгүй болсон юм шиг санагдаж байна. Тиймээс бидэнд тусалж байгаа “Даяар Монгол” хөдөлгөөнийхөнд маш их талархаж байгаа. Болохгүй бол цаашид хүний эрхийн байгууллагуудад хандах болно.

-Энэ бүх асуудлыг цагдаагийн байгууллагаар шийдүүлэх талаар  бодож байгаагүй юу?


-Эхний ээлжинд өөрийнх нь ажилладаг байгууллагад хандъя гэж бодож байгаа юм билээ. Хэрэв энэ  мэт байдлаар ямар ч арга хэмжээ авахгүй  байвал цагдаад хандаж асуудлыг шийдүүлэх болно.

-Багын найзууд гэсэн. Найзынхаа амьдралыг сайн мэдэх байх.Уншигчдад найзынхаа амьдралын талаар ярьж өгөөч?


-Бид Архангай аймгийн уугуул. Одоо Арван жилийн сургуулийн найзууд. Сургуулиа төгсөөд өөр өөр их сургуульд орсон ч өдийг болтол найзалсаар л байгаа. Н.Ганцэцэг айлын ганц охин. Миний л мэдэхийн ээжид нь ч хамаатан садан гээд байх хүмүүс байдаггүй. Ээж, эмээтэйгээ л амьдардаг байсан.

Эмээгийнх нь дүү нар л Архангайд байдаг байх. Тэднийх 2004 онд Улаанбаатарт шилжиж ирсэн. Одоо Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо буюу Их нарангийн задгайд гэрт амьдарч байна. Урьд нь нөхрийнхөө цалин болон эмээгийнхээ тэтгэврийн мөнгөөр л амь зогоодог байсан. Гэтэл нөхөр нь хаяад явчихсан.

Эмээ нь тэтгэврийн зээлтэй учир одоо ямар ч орлогогүй, үхлүүт хэвтэж байна. О.Баясгалан гэдэг хүн бүхэл бүтэн айлын амьдралыг сүйрүүлж, нэг хүнийг тахир дутуу болгож, нэг хүүхдийг енчрүүллээ. Өнөөгийн нийгэмд ийм явдал маш олон болж байгаа ч хэн ч мэдэхгүй, эсвэл мэдсэн ч мэдээгүй дүр эсгээд л өнгөрч байна. Найзад маань тохиолдсон явдал бусдад бүү тохиолдоосой, буруутан нь шийтгэл амсаасай гэж бодож байна.Өнөөдөр мөнгөтэй хүнийг л  шийтгэж байна шүү дээ. Энэ айл цаашид хэрхэн амьдрахыг хэлж мэдэхгүй юм.

-И.Дуламсүрэн гуай сард хэдэн төгрөгийн тэтгэвэр авдаг юм бэ?


-Сард 100.000 гаруй төгрөгийн л тэтгэвэр авдаг юм билээ. Эмээ нь биднийг жаахан байхад Архангайд цэцэрлэгийн багш байсан. Тэднийх О.Баясгалан гэгчийн тарьсан балгаар тэтгэврээ банкны ерөнд өгөх болсон. Эм, тариа байтугай хоолны ч мөнгөгүй хоосон хонож байгаа даа. Өвчтэй эмэгтэй, нялх хүүхэд, эрүү евдөг нь нийлсэн хөгшин гурав өдөр хоногийг хэцүүхэн л өнгөрөөж байна.

-Нөхөр нь Н.Ганцэцэгийг О.Баясгалан гэгчтэй  хардах ямар нэгэн үндэслэл байсан юм уу?


-О.Баясгалан гэгч нь “Ажилд оруулж өгнө” гэж хуурч байх хугацаандаа Н.Ганцэцэгийн толгойг эргүүлж амжсан юм билээ л дээ. Найз маань хөдөөнөөс ирээд нэг их удаагүй, гэнэн цайлган хүн байсан болохоор гоё сайхан үгэнд нь л хууртсан байх гэж бодож байна. Үнэхээр л ажилд оруулчихна. Амьдрал нь сайжирна байх гэж бодсон биз. Тэгээд нэг өдөр түүнтэй буудалд байхдаа нөхрийнхөө найзтай тааралдсан гэсэн. Түүнээс болоод нөхер нь үхлүүт болтол нь зодсон юм билээ. Н.Ганцэцэг зодуулж байхдаа жирэмсэн байсан учир хүүхэд нь зулбасан байна гэж эмч хэлсэн. Тэр хүүхэд нь О.Баясгалангийнх байсан гэсэн.

-Энэ тухайгаа тэр хүнд хэлж байсан юм уу?


-Мэдэж байсан байх аа. Сайн хэлж мэдэхгүй юм.

-Одоогийн нийгэмд иймэрхүү тохиолдолд хэн нэгэнд буруу өгөхөөс татгалздаг болсон шүү дээ. Тэгэхээр та хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?


-Энэ ярилцлагыг уншаад “Хохь нь” гэж хэлэх хүмүүс ч гарах байх. Гэхдээ өнөөгийн нийгмийн үнэн нүүр царай нь л энэ мэт жижиг явдлаар илэрч байгаа нь энэ юм болов уу. Өнөөдөр хэн нэгэн даргын зугааг гаргахгүй бол, хэн нэгэн албан тушаалтанд хахууль өгехгүй бол ажлаа бүтээж чадахаа больсон байна шүү дээ. Тэгэхээр энд хэн нэгнийг буруутгахынхаа өмнө бодит амьдрал дээр хүмүүс энэ асуудалд яаж хандаж байна гэдгийг бодоосой гэж хүсч байна. Манай найз тэр дарга хүний “Ажилд оруулж өгье” гэсзн үгэнд нь л хуурхагдсан байх.


Н.Ганцэцэг нөхөртэйгөө хэзээ ханилсан юм бэ. Түүнийг ингэтэл нь зодсон байхад яагаад цагдаад  хандаагүй юм бэ?


-Оюутан байхдаа нөхөртэйгөө сууж, хүүхэдтэй болсон юм. Энэ явдал болсноос хойш нөхөр нь нутаг буцсан. Тэд нэг нутгийнх л даа. Одоо нөхөр нь Архангайд байгаа гэсэн. Өрх толгойлсон, тахир дутуу ээж л болж үлдэж байх шиг байна. Ийм явдал дахиж битгий давтагдаасай гэж бодож байна. Хөренгө чинээтэй нь хүчгүйгээ үнсэнд хаясан шалз шиг битгий үзэж байгаасай.

-Урьд нь эхнэрээ зодох тохиолдол гаргаж байсан юм болов уу?


-Урьд нь түүнийг нөхөр нь зодож байгаагүй байх аа. Нэг нутгийнх болохоор ер нь сайн биш юм гэхэд тодорхой хэмжээгээр бие биенээ мэддэг байсан юм. Тиймээс маргах тохиолдол гардаг байсан ч арай ч ийм дээрээ тулж байгаагүй.

-Асуудал хэрхэн шийдэгдээсэй гэж хүсч байна вэ?



-Төмөр зам гэдэг байгууллагынханд ёс суртахуун гэж байдаг л юм бол О.Баясгалан гэгчид хариуцлага тооцож өгөх байх гэж бодож байна. Энэ хүнээс мэхэлж авсан мөнгийг нь гаргуулж, ажилд оруулж өгөх ч ёстой байх. Учир нь О.Баясгалан албан тушаалынхаа нэрийг барьж, хууран мэхэлсний балгаар нэг гэр бүлийг сүйрүүлчихээд байна шүү дээ.

-Хэрэв энэ бүх асуудал та бүхний санаснаар болохгүй бол яах вэ?


-Ямартай ч Төмер замын удирдах газар болон Авлигатай тэмцэх газраас ямар нэгэн хариу ирүүлнэ гэдэгт итгэж байгаагаа дуулгах нь зүйтэй байх. Зохих ёсны арга хэмжээг ч авна гэдэгт итгэлтэй байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин


URL:

Tags:

Нэр: Victor Desalvatore Огноо: 12 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.