Намчирхаж дуусдаггүй монголчууд

МАН-ЫН ДАРААГИЙН НҮҮДЭЛ ЮУ БАЙХ БОЛ

Нэрээ он дамжин булаацалдсан МАН, МАХН-ынхны маргаан эцэслэгдэв бололтой. Өнгөрсөн сарын 24-ний өдөр Улсын Дээд шүүх МАХН-ыг бүртгэж 07 тоот тогтоол гаргасан. Ингээд МАХН Монголд данстай албан ёсных болж мэндэллээ. Үүнд хорссон МАН-ын удирдлагууд дээрх шийдвэрт нөлөөлөхүйц албан тулгалт маягийн бичгийг Улсын Дээд шүүхэд хаяглав. Үүнийгээ Хяналтын хорооны дарга Л.Дондог, Ёс зүйн хорооны дарга Н.Цагаанхүү нарын нэр дээр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтод хүргүүлсэн.

Гомдол гэх тус бичигт Ерөнхий шүүгч Ц.Зориг уржигдар гомдлоор хүчин төгөлдөр тогтоолыг хянах, улмаар хүчингүй болгох бүрэн эрх Ерөнхий шүүгчид байхгүй болохыг мэдэгдсэн юм. Мөн тогтоол Монгол Улсад үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцсэн гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Дээрх хариулт нэрийн маргааны асуудалд цэг тавих шиг боллоо. МАН-ын удирдлагууд үүнд ямар хариу үйлдэл үзүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.

АН-Д ТЭМЦЭЛ ӨРНӨЖЭЭ

Ардчилсан намынхан “Монгол хүн- 2020” хөтөлбөрөө 14 аймгийн иргэддээ танилцуулж, энэ ажлаа одоогоор завсарлаад байна. Харин намраас Сүхбаатар, Төв, Өмнөговь, Завхан аймгийнханд танилцуулах юм. Хэдийгээр нам амралтын байдалтай харагдавч залуучуудынх нь сонгуулийн дотоод тэмцэл хэдийнэ эхэлжээ. Өчигдөр гэхэд л Хан-Уул дүүргийн Ардчилсан намынхан дахин бужигналдав. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын чуулганы хуралдаанаар дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх хөтөлбөрийн энэ оны эхний хагас жилийн хэрэгжилт, газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Мөн дүүргийн ИТХ-ын дарга Н.Энхтүвшинг албанаас нь чөлөөлөх саналыг төлөөлөгчид гаргаж, итгэл үзүүлэх эсэх санал хураалтаар ИТХ-ын 30 төлөөлөгчийн 67.2 хувийн саналаар дүүргийн Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Харин төлөөлөгчдийн 56.7 хувийн саналаар ИТХ-ын төлөөлөгч Д.Батбилэг шинэ даргаар сонгов. Түүнийг удахгүй нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батламжлах юм байна.

Ц.ШИНЭБАЯР ДЭД ДАРГЫН АЖЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

МАХН-д наадмын өмнө олон үйл явдал өрнөсөн. Бага чуулганы II хуралдаанаа хийхийн өмнө Ю.Атар, С.Молор-Эрдэнэ, Д.Өрнөхбаяр нарын нарийн бичгүүд замын дундаас буцах болсноо мэдэгдэв. Одоогоор нарийн бичгийн дарга нараа нөхөж сонгоогүй байна. Учир нь нарийн шалгуур, хатуу хяналтын дор эдгээр албан тушаалд тохирсон хүнийг сонгохгүй бол няцаж алба ажлаа хаях тохиолдол давтагдана гэж МАХН-ын удирдлага үзжээ.

Харин бага чуулганы II хуралдаанаар намын гишүүдийн дагаж мөрдөх цөөнгүй дүрэм журмыг баталсан байна. Тодруулбал, МАХН онцгой үед ажиллах журам боловсруулжээ. Улс төрийн нөхцөл байдал ороо бусгаа, МАХН-ыг дотроос нь хагалан бутаргах үйл ажиллагаа их байгаа энэ үед дээрх журмыг дагаж мөрдөхөөр болсон байна. Товчхондоо хагалан бутаргагч буюу “Алтаншагайтнууд”-аас намаа хамгаалах журам юм. Харин бага хурлын гишүүдийн олонх нь Ц.Шинэбаярын Дэд даргын албан тушаалаасаа татгалзсан өргөдлийг хүлээж аваагүй байна.

Тиймээс тэрбээр ажлаа үргэлжлүүлэх болжээ. Н.Энхбаяр болон түүний нөхдийг аз жаргалтай болгосон нэг зүйл нь МАХН-ыг улсын бүртгэлд бүртгэх тухай Улсын Дээд шүүхийн өнгөрсөн зургаадугаар сарын 24-ний 07 дугаар тогтоол. Тогтоол гарснаар “МАХН-ын түр штаб” “МАХН-ын төв байр” болж, намын үйл ажиллагаагаа саадгүй үргэлжлүүлэх болсон. Гэсэн ч удирдлагуудын зүрхэнд хургасан МАН ямар нэгэн заль хэрэглэж, нэрийг нь булаах вий гэсэн айдас бүрэн арилаагүй байна.

ЭКС НАРИЙН БИЧГҮҮД НАМ БАЙГУУЛАХ ГЭНЭ

Иргэний зориг-Ногоон намынхан намаа бүртгүүлэхээр бичиг баримтаа бүрдүүлэн Улсын Дээд шүүхэд өгч, хүлээлтийн байдалд шилжжээ. Харин намын дарга Д.Энхбат 72 сая төгрөг завшсан хэрэгт холбогдож шуугиан тарьж амжив. Энэ талаар тэрбээр тайлбарлахдаа “72 сая төгрөг гурван намын мөнгө байсан. Социалдемократ нам, Иргэний хөдөлгөөний нам, Ногоон нам гурав хувааж авсан. Ногоон нам дүрмийн дагуу хэрэглээд аудит нь гарсан. Иргэний зориг намтай нэгдэхэд үлдэгдэл нь дансандаа үлдсэн. Тэглээ ч намын мөнгийг намын дарга нь гарын үсэг зурж зарцуулдаггүй” гэв.

Мөн хоосон улс төр, гоё яриа гээд тоосонгүй. МАХН-аа орхисон экс нарийн бичгүүд Монголын улс төрийн 21 дэх намыг байгуулахаар шийдсэн тухай чих дэлсэв. Тэд улс төрд өөр өнгө аяс нэмэх, олигархи засаглалыг устгах, улс төрийг тунгалаг болгохоор санаа нийлсэн гэнэ. Намын нэрээ тогтож, сонгоогүй байгаа ч “Хамуг Монгол” байж болох талаар ярилцаж байгаа аж. Шинээр байгуулагдсан намд байр, хөрөнгө мөнгө, гишүүдээс эхлээд хэрэгтэй зүйл олон. Намын бодлого, үзэл баримтлалаа олон нийтэд таниулж итгэл олж авна гэдэг амаргүй даваа.

Цаашид төрийн эрх барьж байгаа хоёр намын шахаа зэрэг саад олон тохиолдоно. Энэ бүхнийг мэдсээр байж, даван туулахаар шийдсэн зоригийг нь үнэлэх хэрэгтэй. Харин бусад намууд УИХ-ын Сонгуулийн хууль шинэчлэгдэх эсэхийг хүлээзнэн тус бүр сонгуулийн бэлтгэлээ хангаж байна. Салхины чигийг харж хөдлөхөөр ажиж эхэлжээ. Уржигдрын байдлаар Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам хэвлэлийн бага хурал хийж үзэл бодлоо илэрхийлэв. Тэд Ногоон намын экс дарга Д.Энхбатын ёс зүйгүй байдал удаа дараа гаргасныг шүүмжлээд сануулга өгсөн юм. Түүнийг Улсын Дээд шүүхэд албан ёсны бүртгэлгүй ИЗ-НН-ын дарга болж, албан ёсны бүртгэлтэй Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дотоод асуудалд оролцсон гэж буруутгав.

Б.Мягмансанж http://niigmiintoli.mn/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих