Өнгө, зүсээ хувиргасан өршөөлийн хуулийн цаана юу нуугдаж байна вэ?

527-1423490446527-14213011494

Сүүлийн үед “эдийн засгийн өршөөлийин хууль” гэгч шинэхэн санаачилга гарч ихээр яригдах болсон төдийгүй УИХ-аар хэлцэгдэж батлагдах магадлалтай байгаа аж. Шинэ санаачилга ч гэж дээ үнэндээ огтхон ч шинэ хууль биш л дээ, урьд нь 7 жилийн өмнө буюу 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдөр баталсан “Татварын өршөөлийн тухай хууль” л нэр, зүсээ өөрчлөн ахин орж ирж байна гэсэн үг. Олон улсын жишгээс хархад татварын өршөөлийн хууль хэрэгжүүлсэн жишээ бий юу гэвэл бий, гэвч Монголд ойр ойрхон хэрэгжүүлэх гээд байгаа энэ татварын өршөөлийн хуулиас зорилго, агуулга, мөн чанараараа огт өөр юм.

Татварын өршөөлийн хуулийн зорилго, агуулга ба олон улсад хэрэгжсэн байдал

Аль ч улс орны хувьд татварын өршөөлийг хэрэгжүүлэх гол зорилго, агуулга нь улсын төсөвт татвараас орж ирж буй орлогыг нэмэгдүүлэх, татвар төлөгчдөд татвараа төлөх эрмэлзлэлийг бий болгох, уг мөн чанараараа татвар төлөлтийн эрх тэгш, шударга зарчмыг алдагдуулахгүй хэрэгжүүлэх байдаг. Тийм ч учраас татварын өршөөлийн хууль нь зөвхөн нэг л удаа хэрэгжих учиртай бөгөөд хэрвээ татварын өршөөлийн хууль нь ойр ойрхон, тухайлбал манай улсад хэрэгжүүлхээр зэхэж буй шиг 6-7 жилийн давтамжтай байвал нийгэм, эдийн засагт ихээхэн сөрөг үр дагаврыг авчрах эмзэг асуудал юм. Жишээ нь Аргентин улс 1987 онд татварын өршөөлийн хуулийг ахин хэрэгжүүлсэн бөгөөд энэ хуулиараа татвараа төлөөгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд татвараа төлөх боломж олгох, бүртгэгдээгүй байгаа орлого хөрөнгийг ил болгох, гадаадад, офшор дансанд байгаа өмч, хөрөнгийг Аргентины эдийн засагт оруулж ирэх зорилготой байсан боловч энэ нь үнэндээ ямар ч амжилт олоогүй бөгөөд Аргентины түүхэнд хамгийн бүтэлгүй хууль болон үлдсэн. Аргентины засгийн газар “хөрөнгө оруулалт” хэлбэрээр зарцуулагдсан орлогод ноогдуулсан татварыг өршөөх, офшор данснаас ил болгон оруулж ирсэн хөрөнгөнд ямар ч татвар ноогдуулахгүй гэсэн өөр бусад улсад хэрэгжиж байгаагүй хуулийн шинэ, нэмэлт заалтуудыг оруулж, машид “тааламжтай” нөхцлийг бий болгосон боловч харамсалтай нь татвар төлөлт сайжраагүй, офшор данснаас огтхон ч хөрөнгө орж ирээгүй төдийгүй, харин ч татвараас зайлс хийх эрмэлзлэлийг бий болгосон сөрөг үр дагаварыг авчирсан юм.

Аргентины татварын өршөөлийн хуулийн бүтэлгүйтсэн нь хоёр үндсэн шалтгаантай байсан. Үүнд нэгдүгээрт энэ өршөөлийн хууль нь татварын өршөөлийн хуулийн үндсэн зарчмыг зөрчин компаниудад ноогдуулсан татварыг төлүүлэхгүйгээр өршөөх заалтыг “хөрөнгө оруулалт”-д ноогдуулсан татварыг өршөөх нэрээр гаргаж өгсөн явдал юм. Олон улсын жишигт татварын өршөөл нь хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд ноогдуулсан татварыг бүрмөсөн тэглэх, өршөөдөг жишиг огт үгүй юм. “Өршөөл” нь чухам хаанаа оршиж байдаг вэ гэвэл ноогдуулсан татварт алданги тооцох, торууль төлөх, гэмт хэрэг үүсгэх асуудлуудаас хэлтрүүлхэд оршиж байдаг аж. Хоёрдугаарт, Аргентин улс 1987 оноос өмнө татварын өршөөлийг ойр ойрхон хэрэгжүүлж байсан бөгөөд энэ нь “татварын өршөөлийн хууль нь зөвхөн нэг удаа байх” гэсэн үндсэн зарчмыг зөрчсөн. Татварын өршөөлийг ойр ойрхон хэрэгжүүлэх нь ёс суртахууны эрсдэлийг бий болгодог бөгөөд үүгээрээ татвар төлөгчид татвараа төлөхгүй өршөөлийг хүлээх, шударгаар татвараа төлсөн иргэд, компаниудын хувьд татвараас зайлагчдын жишгийг даган татвараас зугтах эрмэлзлэлийг бий болгодог.

Өнөөдөр манайд хэрэгжүүлэх гээд зүтгүүлж буй “ил тод байдлын хууль”, “эдийн засгийн өршөөлийн хууль” хэмээх хоршоо хуулиуд болоод үүсээд байгаа нөхцөл байдал нь чухамдаа л өршөөлийн хуулийг 1987 онд Аргентинд хэрэгжүүлэх гээд бүтэлгүйтсэн тэр л үеийг санагдуулаад байгаа юм.

Татварын өршөөлийн хуулийн амжилттай хэрэгжих ганц тохиолдол, нөхцөл нь өршөөлийг татварын системд буй гажуудал, дутагдлыг засах асуудалтай хамтад нь хэрэгжүүлэх юм. Өөрөөр хэлбэл энэ нь татвар төлөгчдийн татвараас зугтааж буй гол шалтгаан нь гаж, буруу татварын системд байсан бол гэсэн үг. Хэдийгээр тун ховор боловч байдаг тохиолдол. Нэгэн жишгийг дурдхад Энэтхэгт 1997 онд татварын өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай болсон нь татвар хэт өндөр, 97.75% хувь байсантай холбоотой. Өршөөлөөр 97.75% хувь байсан татварыг бууруулж дээд тал нь 30% хувь байхаар тогтоосон ба үүнд татварын өртэй 350 мянган хувь хүн, компаниуд хамрагдан шинэчилсэн татварын хөнгөлөлтийг эдэлснээр Энэтхэг улс тухайн жилийн татварын орлогоо 100 тэрбум рупи буюу $2.5 тэрбум доллараар нэмэгдүүлж байсан аж.
Тэгвэл татварын өршөөлийн хууль хэрэгждэг ганц гэж хэлж болох энэ нөхцөл байдал манайд бүрэлдсэн үү гэвэл үгүй. Орлогын 10-25% татвартай (0-3 тэрбум орлогод 10%, 3 тэрбумаас дээш гарсан орлогод 25% татвар, хялбаршуулсан, тусгай нөхцөл бүхий 10% НӨАТ) манайх шиг улс олон улсын түвшинд татварын харьцангуй тааламжтай нөхцлийг бүрдүүлж чадсан гэж хэлж болно, өөрөөр хэлбэл татварын өршөөл үзүүлэх хуулийг хүлээн зөвшөөрөх нөхцөл, эдийн засгийн үндэслэл тун хомсдолтой, байхгүй гэж хэлж болно.

Татварын өршөөлийн хууль Монголд

Хэвлэлд мэдээлж буйгаар өнөөдөр манай улсад татварын хуримтлагдсан өр 350 тэрбум төгрөгийг даваад байгаа бөгөөд энэ нь 2014 оны ААНОАТ гүйцэтгэл болох 621.2 тэрбум төгрөгийн татварын 56% хувьтай тэнцэж байгаа юм. Энэ удаагийн татварын өршөөлийн хуулийн гол лобби, төлөөлөгч нь МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав бөгөөд тэрвээр өөрийн зүтгүүлж буй “ил тод байдлын хууль”, “эдийн засгийн өршөөлийн хууль”-уудын үндэслэлээ тайлбарлахдаа:
• 2008 оны өршөөлийн хууль нь эдийн засагт үр өгөөжөө өгсөн, $4 тэрбум доллар эдийн засагт орж ирсэн, тиймээс энэ удаагийн эдийн засгийн өршөөлийн хууль нь эдийин засагт мөн үр дүнгээ өгнө.
• 2008 онд ихэнх компаниуд өршөөлийн хуулийн талаар “мэдээгүй” учраас нийт татвар төлөгчдийн дөнгөж 3% хувь буюу 2000 компани хамрагдсан. 2008 оны өршөөлийн хуульд “луйварчид” хамрагдсан ба эдгээр компаниуд нь (эзэд нь гэж хэлж буй бололтой) зах зээлд монополь үүсгэсэн байгаа. Тиймээс энэ удаагийн өршөөлийн хуульд эрх тэгшээр бүгдийг хамруулах шаардлагатай гэжээ.

2008 онд хэрэгжүүлсэн татварын өршөөлийн хуулийн эдийн засгийн үр өгөөж, үр дүнгийн талаар ямар нэгэн албан ёсны байтугай хувийн түвшинд хийсэн дорвитой судалгаа, дүгнэлт одоог болтол байхгүй эсвэл олон түмэнд ил болоогүй байгаа бөгөөд Лхагважав гуайн хэлж буй тайлбарууд нь үндэслэл муутай юм.

Лхагважав гуай чухам ямар үндэслэлээр аж ахуйн нэгжүүд нуусан хөрөнгөө ил болгох замаар эдийин засагт $4 тэрбум доллар орж ирсэн гэж хэлж буй нь тодорхойгүй. 2008 онд албан ёсоор бүртгэгдсэн татвар төлөгч аж ахуйн нэгж 48,163 аас 52,175 болж нийт 4,112-оор нэмэгдсэн нь өмнөх жилийнхээсээ даруй 8.5% хувиар өссөн. Гэвч сүүлийн 15 жилийн дунджаар татвар төлөгч аж ахуйн нэгжүүд жилд 15% хувиар нэмэгдсээр ирснийг харвал татварын өршөөл хэрэгжсэн жил олон компаниуд шинээр бүртгүүлж их хэмжээний хөрөнгө ил болсон, улмаар татвар төлөлт нэмэгдсэн гэх ойлголт үндэслэлгүй юм. Харин ч жил жилийн дунджаас цөөн компани шинээр бүртгүүлсэн нь тодорхой харагдаж байна. Мэдээж уншигч та бүхэн өршөөлийн ачаар ил болж эдийн засагт шинээр орж ирсэн гэгдэж буй $4 тэрбум доллар нь шинээр бүртгүүлсэн компанийн тооноос үл хамааран нэмэгдсэн байх боломжтой гэж хэлэхийг яарч буй. Тийм, гэвч эхлээд цөмөөрөө 2008 онд ААНОАТ татвараас бүрдсэн 205 тэрбум төгрөгийн орлогыг 2007 оны 253 тэрбум татварын орлоготой харьцуулан харцгаая. Татварын өршөөл үзүүлсэн жил татварын орлого нэмэгдэх бус харин даруй 48 тэрбум буюу өмнөх жилээсээ 23% хувиар буурсан байна. 2007 онд дөнгөж $4.2 тэрбум долларын эдийн засагтай улсад татварын өршөөл, ил тод байдлын хуулиар нэмэгдэн орж ирсэн гэх $4 тэрбум доллар хаашаа орчив? Эдийн засагтайгаа тэнцэхээр хэмжээтэй энэ их хөрөнгө татварын суурийг бараг хоёр дахин нэмэгдүүлсэн байх учиртай бус уу, гэтэл татвар төлөлт өмнөх жилээсээ 23% хувиар буурсан байгаа нь яригдаад буй өршөөлийн хуулийн сайн талууд, үр дүнгүүдийг үнэмшилтэй болгохгүй байгаа юм.

2015 онд хэрэгжүүлхээр санал болгож буй ил тод байдал, эдийн засгийн өршөөлийн хуулиудтай холбогдуулан засгийн газраас гаргасан мэдээлэлд 2008 онд өршөөлийн хуулийн дагуу 4,621 татвар төлөгч 8,145 тайлан ирүүлсэн, улмаар 4.5 их наяд төгрөгийн орлогод ногдох 431.6 тэрбум төгрөгийн татварыг өршөөлд хамруулсан гэжээ. Үүнээс үзхэд улсад бүртгэлтэй компаниудын 9.5% өршөөлд хамрагдах хүсэлт гаргасан байх бөгөөд чухам хичнээн нь өршөөлын халамжийг эдэлж чадсан, ямар шалгуур, шалтгаар өршөөлд хамруулсан ба хамруулаагүй нь тодорхойгүй байгаа юм. Ямартай ч тухайн жилийн нийт ААНОАТ орлого болох 205 тэрбумаас даруй 2.1 дахин их буюу 431.6 тэрбум төгрөгийн татварын өршөөлийг тодорхой бус цөөн тооны компаниуд хүртсэн гэдэг нь анхаарал татахгүй байхын аргагүй. Мөн 4.5 их наяд орлогод оногдох татварыг өршөөнө гэдэг нь $4 тэрбум доллар эсвэл 4.5 их наяд төгрөг эдийн засагт нэмэгдэн орж ирсэн гэсэн үг биш, тэгэж “андуурсан” хүн байвал залруулаарай гэж хүсэх байна.

Нийтэд нээлттэй буй мэдээллээс хархад 2008 оны өршөөлийн хуулийг Лхагважав гуайн хэлэх гээд байгаа шиг нууцаар, тухайлбал олон нийтэд мэдээлэлгүйгээр хийсэн гэдэг үг батлагдахгүй байна. Харин 431.6 тэрбумын татварын өршөөлд чухам ямар компаниуд хамрагдсан байна вэ гэдгийг ил болгох нь чухал байгаа бөгөөд түүний хэлээд байгаачлан энэхүү тусгай эрх эдэлсэн “луйварчин” компаниудын нэрийг, өршөөл хүртсэн татварын хэмжээтэй нь гаргаж ирснээр өдгөө санал болгоод буй “эдийн засгийн өршөөлийн хууль”-ийг шударгаар хэрэгжүүлэх суурь үндэс нь болох юм.

Ил тод байдлын хуулийн хувьд сүүдрийн эдийн засгийг ил болгох, нуун дарагдуулсан хөрөнгийг бүртгэх, офшор дансанд буй хөрөнгийг эргүүлэн татах зорилготой гэж буй боловч 2008 оны туршлагаас хархад энэ хууль нь үр дүнгээ өгдөггүй, хэрэгжих боломжгүй юм. Гэвч энэ хуулийг ахин санал болгоод байгаагийн далд зорилго нь үнэндээ Нарантуул, Хархорин захууд дээр гар дээрээс наймаа хийгчид, ширхэгийн тамхи, бохь зарагчдын орлогыг бүртгэх замаар татваржуулж хямраад буй эдийн засгаа “сэргээх” гэж үзэж буйг үгүйсгэж болохгүй. Бидний нэрлэж заншсанаар хар захын наймаачид нь ихэнхдээ баян тансаг гэхээсээ орлого багатай, өдрөөс өдөрт өл залгуулж байдаг амьдалтай хүмүүс байдаг. Өөрсдийнхөө өлийг залгуулж гэр бүлээ тэжээн төр засгаасаа ажил нэхэхгүй, зах дээр түрээсэлж буй талбайдаа түрээс, татвараа төлөн яваа нь тэдний зүгээс улсдаа төлж буй шууд бус татвар, эдийн засагтаа оруулж буй хувь нэмэр, багагүй хувь нэмэр юм. Ийм нөхцөлд тэдэнд нэмэлт татвар ноогдуулна гэдэг тэдний амьдралд дарамт болох, эергээсээ илүү сөрөг үр дагавар авчирах боломжтой.

Аль ч улс оронд сүүдрийн гэж нэрлэгддэг эдийн засаг байдаг, өндөр хөгжилтэй Европын холбоонд л гэхэд сүүдрийн эдийн засаг ДНБ-ийх нь 14% хувьтай, Англид 15% хувьтай нь тэнцэх хэмжээнд байна. Хоцронгуй хөгжилтэй улсуудын хувьд энэ нь бүр 25-50% хүртэл байдаг. Гэвч олон улсад сүүдрийн буюу далд эдийин засаг нь манайд яригдаж буй Нарантуул, Хархорин зах дээр наймаа хийгчдээс огт өөр ойлголт юм. Бүх л улс оронд манайд буй шиг хар зах ямар нэг хэлбэрээр байдаг, гар дээрээс наймаа хийгчид ч байдаг, харин аль ч улсын практикт гар дээрээс наймаа хийгчдээ татваржуулах замаар эдийн засгийн асуудлаа шийдэх нь байтугай ямар нэгэн хэмжээнд амжилт олсон түүх үгүй, тийм оролдлого ч хийдэггүй.

Дүгнэлт ба санал

Дүгнээд, саналаа хэлхэд ил тод байдлын хууль, эдийн засгийн өршөөлийн хууль нэрээр хэлцэхээр зэхэж буй татварын өршөөлийн хуулийг дор дурдсан шалтгааны улмаас ахин хэлцэх, батлах шаардлагагүй гэж үзэж байна үүнд:
• Манайд санал болгоод буй “төлөх ёстой татварыг бүхэлд нь өршөөх” агуулга бүхий хууль нь олон улсын татварын өршөөлийн хуулийн практикт байдаггүй бөгөөд ахин хэрэгжүүлбэл эдийн засаг, нийгэмд улам их сөрөг үр дагаврыг авчрах нь тодорхой. Тухайлбал, татварын өрийг их хэмжээгээр хуримтлуулах, татвар төлөхгүй байх эрмэлзэлийг өөрт болоод бусдад бий болгох, монополь үүсгэх асуудлууд юм.
• Татварын өршөөлийн хууль нь татварын орлогыг нэмэгдүүлэх зорилготой байдаг. Гэвч манай өмнөх туршлагаас хархад өршөөлийн хуулийн дараа улсын татварын орлого нэмэгдэх бус харин багассан дүн байна. Эдийн засгийн хямралтай, улсын төсөв 14-18% хувиар тасраад байгаа өнөө үед ААНОАТ-ын 56%-гаас багагүй хувьтай тэнцэх татварын төлбөрийг өршөөнө гэдэг эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн учир шалтгаантай байж болох талтай.
• Нэг л удаа хэрэгжих ёстой, тэгэж үр дүнгээ өгдөг хууль ойрхон ахин орж ирж байгаа нь хачирхалтай бөгөөд эдийн засгийн үр ашиг харсан гэхээсээ илүү улс төрийн сэдэлтэй эсвэл явцуу бизнесийн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан ажиллагаа байж болно.
• Бусад улсын жишээ, тухайлбал Аргентин болоод өөрийн өнгөрсөн жишгээс хархад ил тод байдал, өршөөлийн хууль нь нэгэнт офшор зугтсан хөрөнгийг эргүүлэн авчрах дуудлага болж чаддаггүй нь тодорхой тул офшор гарсан хөрөнгийг эргүүлэн татхыг хүсвэл татварын өршөөлөөс өөр арга шийдлийг сонгох шаардлагатай.
• Ил тод байдлын хууль нэрийн дор гар дээрээс наймаа хийгч орлого багатай иргэдийг татваржуулах оролдлого нь эдийн засгийн хямралын шийдэл биш төдийгүй нийгэмд сөрөг үр дагаврыг авчрах боломжтой.
• 2008 оны татварын өршөөлийн хуульд нийт бүртгэлтэй ах ахуйн нэгжүүдийн дөнгөж 9.5% хувь нь хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн нь компаниудын 90% гаруй хувь нь татварын асуудалгүй гэж ойлгогдож байна.

Өршөөл хүсэгчдээс хичнээн нь өршөөлд хамрагдсан нь тодорхой бус байгаа. Тиймээс магадгүй цөөн тооны компаниудад зориулсан татварын өршөөл тусгай лоббигоор дахин орж ирж байна гэх хардлагыг үгүйсгэх аргагүй.

Хэдийгээр татварын өршөөлийн хуулийг ахин хэрэгжүүлэх эдийин засгийн үндэслэл байхгүй нь тодорхой байгаа боловч хэрэв энэ хууль улс төрийн шийдлээр хүч түрэн хэрэгжих болвол 2008 онд өршөөлд хамрагдсан компаниудын нэрсийг бусад шаардагдах мэдээллийн хамт ил болгохоос эхлэх ёстой.

Х. Батсуурь


URL:

Сэтгэгдэл бичих