Ч.Сайханбилэгийн санаанд “Самурай”-гаас илүү юм бий юү?

saihanbilegМонгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гадаад улсад хийх анхны айлчлалаа манай гуравдагч хөрш хэмээдэг арлын Японоос эхлүүлэв. Тэрээр Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгээр өчигдөр тус улсад хүрэлцэн очжээ. Айлчлал “Номура Шокэн” компанийн ерөнхийлөгч К.Нагаитай уулзсанаар эхэлжээ. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны дэд ерөнхийлөгч К.Яжиматай уулзсаны дараа “Эн Эйч Кэй” телевизэд ярилцлага өгсөн байна. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японы мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалд “Монгол Улсын Соёлын элч” өргөмжлөлийг гардуулжээ.

Энэ удаагийнх ажлын айлчлал бөгөөд өмнө нь нэгдсэн үнэт зүйлс хуваалцдаг Монгол Улс, Япон улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх зорилттой аж. Ерөнхий сайд өнөөдөр тус улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газар Японы гадаад худалдааг дэмжих байгууллагатай хамтран зохиох “Ажил хэрэгч уулзалт”-д оролцох юм байна. Хэдийгээр албан уулзалтууд товлогдсон ч гэлээ эдийн засгийн хямралын үед ямар тусламж, дэмжлэг авах талаар ярилцах вэ гэдэг олны анхаарал татсан сэдэв юм. Төрийн өндөрлөгүүд гадаадад төрийн, ажлын, албан ёсны айлчлалыг ээлжлэн хийдэг ч үр дүн нь юу байх вэ гэдгийг ард түмэн ихээхэн сонирхож, төсвийн үргүй зардлыг үр дүнтэй болгохыг хүсдэг болсон. Аль улсад хэзээ айлчилж, хэнтэй уулзах вэ гэхээс илүүтэй хэн юу ярих, ямар санал тавих, хэрхэн шийдэх, айлчлалын мөрөөр ямар ажлууд хийх вэ гэдэг чухал юм.

Өмнөх Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны есдүгээр сард тус улсад албан ёсны айлчлал хийсэн нь “Самурай” бонд авах боломжтой болсон билээ. Энэ айлчлалын хүрээнд Монгол, Япон улсын харилцаа стратегийн түншлэлд шилжсэн юм. Ингэснээр хоёр улс ойрын таван жилийн үйл ажиллагаагаа тодорхойлсон. Мөн Монгол Улсын Хөгжлийн банк, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны хооронд санамж бичиг байгуулж, хоёр талын төлөөлөл гарын үсэг зурсан нь чухал үйл явдал байсныг тухайн үед хоёр талын хэвлэлүүд онцолж байв. Санамж бичигт Японы Олон улсын хамтын ажиллагааны банк манайд зээлжих эрх нээх, Засгийн газрын бондод баталгаа гаргах зэрэг хамтын ажиллагааны чиглэлүүдийг тусгасан юм. Японы Олон улсын хамтын ажиллагааны банк нь экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудаа дэмжин гуравдагч орнуудад зуучилж, зээл олгодог томоохон байгууллага гэдэг.

Хоёр банкны хамтын ажиллагааны өөр нэг чухал үр дүн бол Хөгжлийн банкнаас дотоодын хөрөнгийн зах зээлд “Самурай” бонд гаргасан явдал байв. Нийт 600 сая орчим ам.доллартай тэнцэх хэмжээний иенийн тус бондыг манай улс одоогоор ашиглаж буй. Энэ айлчлалын өмнө ноён Шинзо Абэ Зүүн хойд Азид хийх анхны айлчлалаа манайхаас эхлүүлсэн нь түүхэн үйл явдал байсан. Тэр айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн мэдлийн банкууд хамтран ажилласнаар дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд шаар­дагдах санхүүжилтийн асууд­лыг шийдэхээр бол­сон юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дээр дурдсан Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны дэд ерөнхийлөгч К.Яжиматай айлчлалынхаа эхэнд уулзсан тухай албан мэдээ ирсэн ч тэд ямар сэдэв хөндөж, ямар асуудал шийдсэн тухай дэлгэрэнгүй мэдээлэл алга.

Энэ мэтчилэн Мон­голын хөгжилд байнга туслаж, дэмждэг Японоос бонд авсан нь экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гадаадад хийсэн айлчлалуудын онцлох үр дүн юм. Харин энэ удаагийн айлчлал, шинэ Ерөнхий сайдын анхны гадаад томилолт Монголд юу авчрах вэ гэдэг бизнесийнхэн төдийгүй хөрөнгө оруулагчдын ч анхаарах сэдэв болж байна. Ч.Сайханбилэгийн санаанд “Самурай”-аас илүү санхүүжилт, дэмжлэг байгаа бөгөөд ганзага дүүрэн ирнэ гэж найдацгаая. Тэрээр ажлын айлчлалаа маргааш өндөрлөх юм.

 

М.ЦЭЦЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих