Монгол, Япон, АНУ гурав нууц хэлэлцээ хийжээ

МОСКВА. /AtomInfo.Ru/. Монгол Улс нутаг дэвсгэртээ цөмийн түлшний хаягдал хадгалах тухай Япон, АНУ-тай нууц хэлэлцээ хийснийг нотолсон албаны баримт бичгийг Киодо Цусин агентлаг олж авчээ.
Тус агентлагийн нотолж буйгаар, Монгол Улс цөмийн түлш үйлдвэрлэх төв байгуулах хийгээд цөмийн түлшний хаягдлыг хадгалах төв байгуулах боломжийг судалж байв.
Гурван улс “цөмийн түлшээр бүх нийтэд үйлчлэх” хүрээнд хамтран ажиллах болсноо зарлахаар төлөвлөж байжээ.
Монгол Улс хилийн чанадад цөмийн түлш нийлүүлж, цөмийн хаягдал авах дэлхийд анхны бүс нутгийн төвийн үүрэг хүлээх байлаа.
Монголд атомын станц барих тодорхой төлөвлөгөө байхгүй учраас түр агуулахад цөмийн хаягдал хадгалах л боломжтой аж. Энэ талаар Олон улсын атомын энергийн агентлаг /МАГАТЭ/ туслах ёстой байв.
2011 оны хоёрдугаар сарын, Японы Аж үйлдвэрийн яамны дэргэдэх байгалийн нөөц болон эрчим хүчний агентлагийн албан баримт бичигт,  тус яам болон “Toshiba” корпораци Монголд бүс нутгийн түлшний төв байгуулах талаар АНУ-ын Эрчим хүчний яамтай нууц хэлэлцээ хийснийг тэмдэглэжээ.
Монгол Улс Арабын Нэгдсэн Эмирт Улсын анхны атомын цахилгаан станцад уран нийлүүлэх талаар тус улсын Засгийн газартай хэлхээ холбоотой байсныг Киодо Цусин агентлаг мөн мэдээлэв.
Монгол Улс Арабын түншүүддээ цөмийн хаягдлаа буцааж болох талаар санал бас дэвшүүлжээ.
2011 оны тавдугаар сард МАГАТЭ дахь Монгол Улсын байнгын төлөөлөгчийн газар Японы олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд гарсан дээрхийн адил агуулгатай мэдээллийг няцаасан билээ.

З.Амгалан


URL:

Сэтгэгдэл бичих