Ж.Мөнхбат: Сонгуульд МАН-тай хамт ард түмний эрх ашиг давхар ялагддаг юм байна

164

-АН байгуулсан гэрээ зарчмаасаа ухарвал МАН засгаас гарах улс төрийн шийдвэр гаргахаас өөр аргагүй болно-

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, тус намаас Засгийн газарт ажиллаж байгаа төрийн сайд нар “Ардын индер” уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтын үеэр иргэд болон хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, засагт хамтран ажиллаж эхлээд буй өнгөрсөн хоёр сарын хугацаанд ямар ажил хийсэн, цаашид яах гэж засагт хамтарсан талаарх мэдээллийг өгсөн юм. Юуны түрүүнд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат 2012 оны сонгуульд тус нам ялагдсаны дараа Н.Алтанхуягийн Засгийн газарт улс орны эдийн засгийг ямар байдалтай хүлээлгэн өгсөн, хоёр жилийн дараа засагт хамтрахад нь ямар байсан, засагт хамтарсан хоёр сарын хугацаанд ямар ажлуудыг хамтарч хийсэн талаар тойм мэдээллийг өглөө.

Эдийн засгийн эгзэгтэй үед засагт хамтарсан

2012 оны наймдугаар сард АН, Шударга ёс эвсэлд МАН засгийн эрхийг хүлээлгэн өгөхөд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.5 хувь байсан аж. Тэгвэл өнгөрсөн арванхоёрдугаар сард МАН засагт хамтрах үед эдийн засгийн өсөлт 6.8 хувь болсон байжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт 2.6 дахин буурсан юм байна. Монгол Улсад 2012 онд жилд 4.7 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж байсан бол өнгөрсөн хоёр жил 826 сая буюу 5.3 дахин буурсан гадаад хөрөнгө оруулалттай Засгийн газартай хамтарсан гэв. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гадаад валютын нөөц 2.5 тэрбум ам.доллараар буурч 1.6 тэрбумын нөөцтэй байгаа ажээ. 2012 онд Засгийн газар 2.8 тэрбум ам.долларын бонд гаргасан. Засгийн газрыг хүлээлгэж өгөхөд төгрөгтэй харьцах ам.долларын ханш 1340 төгрөг байсан бол МАН засагт хамтрахад 1950 төгрөгт хүрсэн, ажилгүйдэл 78 хувиар өссөн, 54 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон байгаа юм байна. Эдийн засгийн голлох бүх үзүүлэлт ингэж унасан дээр нь Дэлхийн банкны тооцоогоор экспорт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж чадахгүй бол эдийн засаг өсөхгүй хасах баланс гарна гэж мэдэгдэж байх эгзэгтэй үед Засагт хамтарсан гэдгийг онцолж хэлсэн. Мөн Их өрийн 1/3-тэй тэнцэх хэмжээний мөнгийг Шинэчлэлийн Засгийн газарт хүлээлгэн өгсөн байна. Энэ мөнгөөр юу хийснийг эргэн харж, дүгнэх хэрэгтэй байгааг санууллаа.  Мөн өнгөрсөн хоёр жил хагасын хугацаанд мөнгөний алдаатай бодлого хэрэгжүүлж байсныг ч хэлж байв. Өнгөрсөн хугацаанд мөнгөний нийлүүлэлт дөрөв орчим их наяд төгрөгөөр өсч өргөн хэрэглээний барааны үнэ 20-80 хувиар өслөө гэж МАН дүгнэсэн байна.

МАН хямралыг зогсоох гэж засагт орсон гэв

МАН засагт хамтрах шийдвэрийг намынхаа бага хурлаар олонхийн хамтын удирдлагын зарчмаар гаргасан. Тэдний зүгээс Шийдлийн Засгийн газарт албан тушаалын төлөө хамтраагүй гэдгийг хэлэв. Харин хамтарсан гол зорилго  нь эдийн засаг хүндрэлтэй үед МАН засагт хамтарч Засгийн газрын ачаанаас үүрэлцэж хямралыг зогсоох байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, намын эрх ашиг биш МАН улс орны өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг ухамсарлаж биелүүлье гэсэн үүднээс Засагт хамтарсан гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат онцоллоо. Мөн тэрээр МАН сонгуульд хоёр удаа ялагдал хүлээхэд дандаа эдийн засаг хүндэрч, хямралд орж байсныг хэлэв. Эхний ялагдал нь 1996-2000 онд болсон. Тухайн үед Монголын төр засаг цалин тэтгэвэр тавьж чадахгүй байдалд хүрч, банкны системийн дампуурал болж, төрийн өмчийг үнэгүйдүүлэн хувьчилж, маш хүнд нөхцөлд дөрвөн Засгийн газрын нүүрийг үзэж туулж байсан. 2012 оны сонгуульд МАН ялагдал хүлээсний дараа Шинэчлэлийн нэртэй эвслийн Засгийн газрыг байгуулж улс орны эдийн засгийг хямраасан. Энэ хоёр удаагийн нөхцөл байдалд МАН-ын удирдлагууд дүгнэлт хийсэн байна. Сонгуульд МАН ялагдал хүлээж, цөөнхи сөрөг хүчин болсон  нөхцөлд эдийн засгийн, улсын хөгжил, иргэдийн амьдрал хүнд хэцүү болж байна гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, МАН сонгуульд ялагдсан нөхцөл бүхэнд Монгол Улсын эдийн засаг, ард түмний эрх ашиг давхар ялагддаг юм байна  гэдгийг хоёр удаагийн сонгуулийн ялагдал батлан харууллаа гэж үзэв.

Төсөв батлахад МАН чухал нөлөө үзүүлсэн

МАН засагт хамтарснаар юу хийсэн бэ гэдэг асуудалд уулзалтын үеэр хариулт өгөв. Тэдний зүгээс Монгол Улсын нэгдсэн төсөв болон төсвийн тодотголыг батлахад чухал нөлөөтэй оролцсон гэж дүгнэв. Тухайлбал, улсын нэгдсэн төсөв батлах үед АН-ын нам доторх сандал ширээ хуваах асуудалдаа гол анхаарлаа төвлөрүүлж төсөв батлахаа мартсан явахад МАН-ын Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлыг хэсэг төвсийн төсөл дээр анализ хийсний үр дүнд хугацаандаа багтаж төсвөө баталсан гэв. Мөн төсвийн тододтголыг МАН-ын гишүүн, Сангийн сайд  Ж.Эрдэнэбат өөрийн биеэр хариуцаж батлуулсныг онцолж байв. МАН-ын зүгээс эдийн засгийн идэвжлийг сайжруулах олон хуулийн төслийг өргөн барьсан байгааг хэллээ.

Харин засагт хамтарсан өнгөрсөн хоёр сарын хугацаанд АН МАН-тай засагт хамтрах үед байгуулсан гэрээ, зарчмаасаа ухарсан үйлдэл гаргасан бөгөөд дахин байгуулсан гэрээ, зарчмаасаа ухарвал МАН засгаас гарах шийдвэр гаргахад бэлэн байгааг Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэв. Мөн Засагт хамтарсан гээд “амаа үдүүлэхгүй” гэдгийг хэлсэн. МАН засагт хамтрахдаа гурван зарчмын асуудал дээр тохиролцсон ч олонхийг нь хэрэгжүүлээгүй байна. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг томилохдоо яам болон сайд, дэд сайд нарын тоог өсгөхгүй байна гэж тохиролцсон ч өсгөж оруулж ирсэн байна. Мөн засагт хамтрах үед улсын өрийн ДНБ-тэй тэнцэх хэмжээ 49.9 хувь гэж мэдээлж байсан ч хамтарсныхаа дараа 58.3 хувь хүрсэн байсныг мэдэгдсэн байна. Тиймээс МАН өрийн тааз нэмэхгүй гэдэг зарчмаасаа буцаагүй. Харин Ардын намын оролцоогүйгээр аль хэдийнэ өрийн тааз өссөн байсныг онцолсон юм. Энэ  мэтчилэн АН хамтарсан зарчмаасаа буцсан шийдвэр гаргаж байгаа гэв. Хамгийн сүүлд гэхэд эдийн засгийн хямралаас гарах Засгийн газрын хөтөлбөр хамтран боловсруулсан ч УИХ дахь АН-ын бүлэг дэмжээгүй бөгөөд өмнөх Засгийн үед хэрэгжүүлж байсан ЭЗЭН-100 хөтөлбөр хэрэгжүүлнэ гэснийг эсэргүүцэж байгааг мэдэгдэв. Тиймээс хамтарсан гэрээ зарчмаасаа ухарвал засгаас гарах талаар ярьж эхэлнэ гэж мэдэгдсэн нь энэ юм.

http://www.itoim.mn/?p=3303


URL:

Сэтгэгдэл бичих