Барак Обама: Путин үнэхээр хүссэн бол Украиныг хэдийнэ авчих байсан

President Obama Visits Newtown, CT, Consoles Families Of Shooting VictimsГерманы Канцлер Ангела Меркель Украины энхийн төлөвлөгөөний асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай зөвлөлдөхөөр Вашингтонд очсон билээ. ОХУ-д нэмэлт шахалт үзүүлж, Украинд цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэхийг уриалж буй хүмүүсийн хувьд хоёр удирдагчийн уулзалтаас хүссэн үр дүнгээ сонсоно гэвэл тийм биш бололтой. Учир нь, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Германы Канцлертай хийсэн уулзалтынхаа дараа Украинд цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэх талаар амлалт өгөөгүйгээр зогсохгүй “Путин, ОХУ хэрэв үнэхээр Украиныг авахыг хүсч байсан бол аль хэдийнэ авчих байсан. Орос бол маш хүчирхэг армитай улс гэдгийг бүгд мэднэ. Тэдний хувьд Украины армийг бут цохиход түүртэх юм байхгүй” гэсэн байна.

Цааш нь “Энэ асуудлыг шийдэх шийдлүүдийн дунд хүч хэрэглэх сонголт ямагт хамгийн сүүлд байх болно. Түүний оронд улс орны бүрэн бүтэн, нэгдмэл байдлын цөм зарчмыг зөрчихөд ямар төлөөс төлж болохыг харин дэлхийн улс орнууд хамтарч ойлгуулах хэрэгтэй. Үүнийг ч бид хийж байгаа. ОХУ эхлээд Крымийг авсныхаа дараа зүүн Украинд үймээн самуун дэгдээснийхээ төлөөсийг төлж байгаа. Путиний байр суурийг хараахан эргүүлж чадаагүй байгаа ч Оросын эдийн засагт хэдийнэ хүнд байдал үүсгээд байна. Энэ байдал цаашид үргэлжилнэ” гэсэн байна.

Мөн Оросын цэргүүд Украины салан тусгаарлагчдад дэмжлэг үзүүлж буй талаар “Тэд Минскт байгуулсан гал зогсоох гэрээг зөрчиж байгаа нь үнэн. Украинаас цэргээ татахын оронд ажиллагаагаа цааш үргэлжлүүлж байна. Бүр нэмж цэрэг, зэвсэг, танк оруулж байна. Энэ бүгд хөдөлшгүй баримттай. Мэдээж дипломат шийдэл үнэхээр үр дүнгээ өгөхгүй бол боломжтой бусад арга замыг бид авч хэлэлцэнэ. Гэхдээ ч цэрэг, зэвсэг хэрэглэх шийдлийн хувьд хамгийн сүүлийн сонголт байна гэдгийг дахин хэлье” гэжээ. Харин Кремлийн зүгээс цэрэг оруулсан, салан тусгаарлагчдад дэмжлэг үзүүлсэн талаар мэдээллийг эрс няцааж байгаа юм.

 

 

Д.ПҮРЭВСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих